Жижиг дунд бизнес эрхлэгчдийн баримтлах маркетингийн стратеги, арга аргачлал болон алдаанууд: AI-тай хэрхэн засах вэ

Жижиг, дунд бизнес том компанитай нэг талбарт, нэг дүрмээр тоглож ялахгүй. Төсөв, баг, нэр хүнд нь өөр. Харин зөв байр суурь сонгож, зөв арга хэрэглээд, түгээмэл алдаанаас зайлсхийвэл бага нөөцөөр ч тогтвортой өсөж чадна.
Энэ нийтлэлд жижиг бизнесийн баримтлах маркетингийн стратеги, хамгийн үр ашигтай арга, мөн бидний байнга харж ирсэн 6 алдааг тайлбарлаад, тус бүрийг өнөөдөр AI болон автоматжуулалтаар хэрхэн засаж болохыг нэмж оруулав.
Стратеги: зах зээлд ямар байр суурьтай вэ?
Маркетингийн онолд компаниудыг зах зээлд эзлэх байр сууриар нь дөрөв ангилдаг:
- Leader (манлайлагч): зах зээлийн хамгийн их хувийг эзэлдэг, байр сууриа хамгаалдаг
- Challenger (өрсөлдөгч): манлайлагчийг гүйцэж түрүүлэхийг зорьдог
- Follower (дагалдагч): тэргүүлэгчдийг дагаж, тогтвортой байхыг зорьдог
- Nicher (сул орон зай эзлэгч): томчуудын анхаарал хүрээгүй нарийн сегментэд төвлөрдөг
Бодит зах зээлд дөрвөн компани биш, маш олон компани өрсөлддөг. Гэхдээ энэ ангилал өөрийгөө хаана байгааг ойлгоход тусалдаг.
Жижиг, дунд бизнес ихэвчлэн nicher байдаг. Тиймээс гол зарчим нь: тэргүүлэгч, өрсөлдөгчөөс бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгарч, хамгийн өндөр үнэ цэнэ өгч чадах нарийн сегмент дээр төвлөрөх.
Сул орон зайгаа хэрхэн олох вэ?
Дараах асуултад шударгаар хариулж үзээрэй:
- Манай хамгийн сайн хэрэглэгчид хэн бэ, тэд биднийг яагаад сонгодог вэ?
- Томчууд ямар хэрэглэгчдийг үл тоож, эсвэл муу үйлчилж байна вэ?
- Бид юугаараа тод ялгардаг вэ: үйлчилгээ, хурд, байршил, мэргэшил үү?
AI-аар: хэрэглэгчдийн мессеж, сэтгэгдэл, өрсөлдөгчдийн нийтэд ил пост, үнэлгээг цуглуулж AI-д өгөөд «хэрэглэгчид юунд сэтгэл дундуур байна, ямар хэрэгцээ хангагдахгүй байна» гэж бүлэглүүлж болно. Гэхдээ гарсан дүгнэлт бол таамаг. Бодит хэрэглэгчидтэйгээ ярьж шалгаж байж стратеги болно.
Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?
Арга аргачлал: хэмжигдэхүйц, үйлдэлд хөтөлсөн маркетинг
Жижиг бизнест бага зардлаар илүү үр дүнд хүрэх арга бол шууд хариу үйлдэлд дуудсан маркетинг. Үзсэн хүнийг тэр дор нь залгах, мессеж бичих, захиалга өгөх, үнэгүй материал татах зэрэг тодорхой үйлдэлд урьдаг. Зорилтот хэрэглэгчийн тодорхой асуудалд төвлөрч, түүнийг шийдэх мэдлэг, шийдлийг санал болгодог тул ёс зүйтэй борлуулалтын арга гэж үздэг.
Гол онцлогууд нь:
- Хэмжигдэнэ: аль сурталчилгаанаас хэдэн хүн холбогдож, хэдэн борлуулалт гарсныг мэднэ
- Нарийн чиглэнэ: тодорхой газар нутаг, сонирхол, хэрэгцээтэй бүлэгт хүрнэ
- Онцгой санал тавина: үнэгүй зөвлөгөө, гарын авлага, туршилт зэргээр дараагийн алхамд урина
- Холбогдоход хялбар: утас, мессеж, чатбот, вэбсайтаар шууд холбогдоно
- Хөтөлнө: мэдээллийг нь авсны дараа хэрэгтэй контентоор дараагийн алхам руу дагуулна
- Орхихгүй: шууд худалдан аваагүй хүнийг үргэлжлүүлэн арчилна
Энэ аргын жинхэнэ үр өгөөж нь CRM системтэй холбож автоматжуулахад гардаг.
Холбоотой: Жижиг дунд бизнесийн маркетингийн онцлог
Жижиг бизнесийн түгээмэл 6 алдаа
1. Зөвхөн өөрийгөө магтах
«Монголын №1», «хамгийн шилдэг», «манайх л таны асуудлыг шийднэ» гэх сурталчилгаанаас хүмүүс аль хэдийн залхсан. Үүний оронд хэрэглэгчийн бодит үр дүнг харуулсан түүх, хэрэглэсний дараах «ялсан» мэдрэмж, харьцуулсан баримтыг харуул.
Засах: хэрэглэгчдээсээ сэтгэгдэл, өмнө ба дараах жишээ цуглуул. AI текстийн хувилбар гаргахад тусална, харин түүх, баримт нь заавал бодит байх ёстой.
2. Зөвхөн шинэ хэрэглэгч хайх
Нэгэнт холбогдсон, сонирхсон хүмүүс бол хамгийн ойрхон борлуулалт. Бүх анхаарлаа шинэ хэрэглэгчид чиглүүлэхээ түр азнаад, бүртгэлтэй сэжим, хуучин хэрэглэгчдээ дахин борлуулалт болгох ажлыг зохион байгуул. Төрсөн өдрийн мэндчилгээтэй хамт зөвхөн түүнд зориулсан санал, өмнө авсан бүтээгдэхүүний шинэ загвар, засвар үйлчилгээний сануулга гэх мэт.
Засах: CRM болон мэйлийн автомат цуваа эдгээр мессежийг цагт нь өөрөө илгээнэ.
Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ?
3. Том компанийг дуурайх
Томчуудын стратеги, төсөв өөр. Тэд байр сууриа хадгалах, үнэнч хэрэглэгчээ бэхжүүлэхэд төвлөрдөг. Жижиг бизнес харин бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, түгээлтийн сувгаа нэмэх, танигдах, борлуулалт хийхэд анхаарах ёстой. Томчуудыг дуурайх нь цаг, мөнгө үрдэг.
4. Ялгаралгүй байх
Олон брэнд өрсөлдөөн багатай зах зээлд л амьдарч байдаг. Өрсөлдөөн ширүүсэх эсвэл тод ялгаатай шинэ бүтээгдэхүүн гарч ирэхэд нэгэн хэвийн бүтээгдэхүүн хурдан мартагддаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ анхаарч, өөрийн ялгаатай талаа илүү тод хэл.
5. Дата ашиглахгүй байх
Өгөгдөл бол зөв шийдвэр гаргах хамгийн «үнэнч» туслах. Аль пост, аль суваг, ямар мессеж сэжим, борлуулалт авчирч байгааг хэмжихгүй бол мэдрэмжээрээ шийдсээр байна.
Засах: Meta Pixel, Conversions API, вэбсайтын аналитик, CRM-ээ зөв тохируул. Сарын тоогоо AI-д өгч «юу ажиллаж, юу ажиллахгүй байна» гэж асуувал дүн шинжилгээний цаг эрс багасна. Эцсийн шийдвэрийг та гаргана.
6. Сошиал сувгаа зөвхөн мэдээлэл тараахад ашиглах
Ихэнх бизнес сошиал медиаг зөвхөн зар тавих газар гэж хардаг. Гэтэл хүн танай бүтээгдэхүүнийг сонирхоод пэйж рүү асуулт бичсэн байхад танайх завгүй байж хариулт хоцорвол тэр хүн өөр газраас авчихна.
Засах: AI чатбот сайт болон Messenger дээр 24/7 хариулж, хэрэгцээг нь тодруулж, нэр утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ. Борлуулалтын ажилтан бэлэн болсон сэжимтэй л ярина.
Хаанаас эхлэх вэ?
- Өөрийн сул орон зай, гол хэрэглэгчээ нэг өгүүлбэрээр бич.
- Нэг тод санал, нэг үйлдэлд уриалсан сурталчилгаа гарга.
- Мессеж, комментод хариулах, сэжим бүртгэх системээ тохируул.
- Бүртгэгдсэн сэжим, хуучин хэрэглэгчдээ дахин хүрэх урсгал бэлд.
- Сар бүр тоогоо харж, ажиллахгүй байгааг нь зогсоо.
Төлөвлөгөөгөө хурдан гаргах бол PlanAI Монгол хэрэглэгчийн зан төлөв, улирлын эрэлт, сувгийн бодит зардалд тулгуурлан ойролцоогоор 30 минутад маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг. AI хурд өгдөг ч стратеги, мэдээллийн үнэн зөв байдал, брэндийн дуу хоолой таны шийдэх зүйл хэвээр.
DIMA жижиг, дунд бизнест эхлээд системийг нь босгож (зорилтот хэрэглэгч, байр суурь, вэбсайт, AI чатбот, CRM), дараа нь сар бүр ажиллуулж, тайлагнадаг. Багц, үнийг эндээс харж болно.
Танай маркетинг дээрх 6 алдааны алинд нь гацаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй. Мөн 7211 9211 дугаарт залгах эсвэл info@dima.mn хаягаар бичиж болно.