Бизнесдээ чатбот ашиглах давуу тал ба боломжууд: цэстэй ботоос AI чатбот хүртэл

Хэрэглэгч танай пэйж рүү “Үнэ хэд вэ?” гэж бичлээ. Хариулт гурван цагийн дараа очвол тэр хүн хүлээгээд суухгүй, өөр газраас асуучихсан байна. Чатбот энэ асуудлыг шийддэг: хүн бичсэн мөчид нь хариулж, сонирхлыг нь бүртгэж, борлуулалт руу хөтөлдөг.
Энэ нийтлэлийг анх 2020 онд бичихэд чатботууд ихэвчлэн урьдчилан бичсэн цэсээр ажилладаг байсан. Одоо хиймэл оюун (AI) дээр суурилсан чатбот асуултыг ойлгож, хүн шиг ярилцдаг болсон. Тиймээс энэ хувилбарт хоёулангийнх нь боломжийг нэгтгэж, “Чатботыг илүү өргөн хүрээнд хэрхэн ашиглах вэ?” нийтлэлийн практик заавруудыг нэг дор оруулав.
Чатбот гэж юу вэ?
Чатбот бол Messenger, Instagram, вэбсайтын чат зэрэг мессежийн сувгаар хэрэглэгчтэй автоматаар харилцдаг программ. Асуултад хариулах, захиалга авах, цаг товлох, мэдээлэл хүргэх зэргийг хүн оролцохгүйгээр хийнэ.
Цэстэй бот ба AI чатбот: ялгаа нь юу вэ?
Цэстэй бот урьдчилан бэлдсэн товч, урсгалаар ажилладаг. Хэрэглэгч “Үнэ”, “Хаяг”, “Захиалга” гэх товчоос сонгоно. Энгийн, хямд, урьдчилан таамаглахад хялбар. Харин хэрэглэгч цэснээс гадуур асуулт бичвэл ихэнхдээ ойлгохгүй.
AI чатбот танай бизнесийн мэдээллээр (бүтээгдэхүүн, үнэ, хаяг, ажлын цаг, түгээмэл асуулт) сурч, хэрэглэгчийн өөрийн үгээр бичсэн асуултыг ойлгоод хариулна. Хэрэгцээг нь тодруулах асуулт асууж, тохирох бүтээгдэхүүн санал болгоод, нэр утсыг нь бүртгэнэ.
Аль нь танд тохирох вэ? Асуулт цөөн, давтагддаг бол цэстэй бот хангалттай. Бүтээгдэхүүн олон, асуулт олон янз, хэрэглэгчтэй ярилцаж байж шийдвэрт хүргэдэг бол AI чатбот илүү үр дүнтэй. Олон бизнес хоёуланг нь хослуулдаг: үндсэн товчнууд нь цэсээр, чөлөөт асуулт нь AI-аар.
Дэлгэрэнгүй: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?
Чатбот бизнест юу хийж өгдөг вэ?
- 24/7 хариулт: шөнө, амралтын өдөр ч асуулт хүлээлгэхгүй.
- Захиалга, цаг товлолт: үнийн санал авах, цаг захиалах, захиалга өгөх.
- Сэжим бүртгэх: сонирхсон хүний нэр, утас, хэрэгцээг CRM-д автоматаар хадгалах.
- Сегментчлэл: хэн юу сонирхсоныг тэмдэглэж, дараагийн мэдээллээ тааруулах.
- Мэдээлэл хүргэх: урамшуулал, шинэ бүтээгдэхүүний мэдээг өмнө нь бичиж байсан хүмүүст хүргэх (Meta-гийн мессежийн дүрмийн хүрээнд).
- Санал, гомдол хүлээн авах: байнга ажилладаг тул хэрэглэгчийн дуу хоолойг алдахгүй.
- Дата: хүмүүс юу асууж байгааг цуглуулснаар бүтээгдэхүүн, маркетингаа сайжруулах мэдээлэлтэй болно.
Чатботыг илүү өргөн ашиглах 3 практик арга
Доорх гурван аргыг Manychat зэрэг цэстэй ботын платформ дээр ч, AI чатбот дээр ч хийж болно. Тохиргооны нэр платформоос хамаарч өөр байж болно.
1. Пост дээр коммент бичсэн хүнд автоматаар хариулах
Сурталчилгааны пост доор “Үнэ хэд вэ?”, “Хаана байрладаг вэ?”, “Мэдээлэл авъя” гэсэн коммент олноор ирдэг. Бүгдэд нь гараар хариулах цаг байдаггүй, хариулт хоцорвол сонирхол унтардаг.
Ихэнх чатбот платформд коммент автоматжуулалтын тохиргоо байдаг. Постоо сонгоод, ямар үгтэй коммент дээр, хэзээ, ямар мессеж илгээхийг тохируулна. Ингэснээр коммент бичсэн хүнд бот Messenger-ээр шууд дэлгэрэнгүй мэдээлэл илгээнэ.
Зөвлөгөө: коммент доор нь олон нийтэд “Мессежээр дэлгэрэнгүй илгээлээ” гэж богино хариу үлдээгээрэй. Бусад уншигч хариу авч байгааг хараад өөрсдөө ч асуух хүсэл төрнө.
2. Сонирхсон хүний мэдээллийг бүртгэх
Танайхыг сонирхож бичсэн хүн бол хамгийн үнэ цэнтэй сэжим. Түүний нэр, утас, юу сонирхсоныг бүртгэхгүй бол яриа дуусмагц тэр хүн алга болно.
Цэстэй бот дээр үүнийг хэрэглэгчээс мэдээлэл асуух алхмаар хийж, хариултыг тусгай талбарт хадгална (Manychat-д User Input гэдэг). AI чатбот ярианы явцад тохиромжтой үед нэр, утсыг эелдгээр асууж, CRM-д сэжим болгон автоматаар хадгалдаг. Шинэ сэжим ирэх бүрт борлуулалтын ажилтанд мэдэгдэл очно.
Бүртгэсэн мэдээллээ Excel-д бус CRM-д хадгалах нь чухал. Ингэж байж хэн хэзээ юу сонирхсон, хэн хариу авсан, хэн худалдан авсныг хянаж чадна.
3. Тодорхой хугацааны дараа автоматаар мессеж илгээх
Хүн мэдээлэл авчихаад шийдвэрээ хойшлуулах нь элбэг. Дараалсан мессежээр (Manychat-д Sequences гэдэг) бот тодорхой хугацааны дараа өөрөө холбогдоно. Жишээ нь:
- Мэдээлэл авснаас хэдэн минутын дараа: “Хэрэгтэй мэдээллээ авч чадсан уу?”
- Арга хэмжээнд бүртгүүлсэн хүнд: өмнөх өдөр нь сануулга
- Сургалтын дараа: богино санал асуулга, нэмэлт материал
- Үйлчилгээ авсан хүнд: дараагийн засвар, дахин захиалгын сануулга
Нэг анхааруулга бий. Meta-гийн мессежийн дүрмээр хэрэглэгч сүүлд бичснээс хойш 24 цагийн дотор л чөлөөтэй мессеж илгээж болно, түүнээс хойш хязгаарлалттай. Тиймээс дараалсан мессежийнхээ хугацааг энэ хүрээнд төлөвлөөрэй.
Түгээмэл бус ч ашигтай хэрэглээ
Таавар, тест, сонжоо. Хэрэглэгч байнга худалдан авалт хийгээд байдаггүй. Араас нь зөвхөн сурталчилгаа явуулбал блоклоно. Харин сонирхолтой таавар, тест, хэрэгтэй зөвлөгөө хүргэвэл холбоо хадгалагдаж, дараагийн худалдан авалт хүртэл танайхыг санасаар байна.
Бусад системтэй холбох. Чатбот API-аар захиалгын, агуулахын, цаг товлолтын системтэй холбогдож болно. Жишээ нь кино театрын бот суудал захиалгын системээс сул суудлыг шалгаад хэрэглэгчид шууд хэлж өгнө.
Арга хэмжээ, сургалт. Оролцогчийг бүртгэх, хуваарь сануулах, явцын тест, санал асуулга явуулах, материал илгээх бүгдийг нэг ботоор хийж болно.
Чатботоо хэрхэн эхлүүлэх вэ?
- Хэрэглэгчид юуг хамгийн их асуудаг вэ гэдгийг сүүлийн сарын мессежээсээ жагсаа.
- Үнэ, бүтээгдэхүүн, хаяг, ажлын цаг зэрэг үнэн зөв мэдээллээ нэг дор бэлд.
- Бот мэдэхгүй асуулт ирэхэд хэнд шилжүүлэхээ шийд.
- Сэжим хаана хадгалагдах (CRM), хэнд мэдэгдэл очихыг тохируул.
- Ажиллуулсны дараа хариулж чадаагүй асуултаар нь тогтмол сайжруул.
DIMA AI чатботыг танай мэдээллээр сургаж, вэбсайт, Messenger, CRM-тэй холбож өгдөг. Энэ сайтын баруун доод буланд байгаа чат бол манай өөрийн AI чатбот, юу ч асуугаад туршаад үзээрэй. Дэлгэрэнгүйг AI чатбот хуудаснаас үзнэ үү.
Танай бизнест ямар чатбот тохирохыг ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.