Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · CRM, Inbound Marketing

Жижиг дунд бизнес эрхлэгчид хэрэглэгчтэй харилцах менежментийн системийг (CRM) яагаад нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

Жижиг дунд бизнес эрхлэгчид хэрэглэгчтэй харилцах менежментийн системийг (CRM) яагаад нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

Өөрийгөө анчин гэж төсөөл. Өглөө босоод буугаа аваад анд гарлаа. Зарим өдөр олзтой, зарим өдөр ганзага хоосон. Амжилт тэр өдрийн тэнгэрээс хамаарна.

Одоо өөрийгөө тариаланч гэж төсөөл. Үрээ тариад ургац болтол хүлээнэ. Тэр зуур арчилж, усалж ургуулна. Цаг нь болоход ургацаа хураана. Бидний туршлагаас харахад ихэнх бизнес тариаланч гэхээсээ анчин шиг ажилладаг.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Анчин, тариаланчийн жишээ одоо ч хүчинтэй. Харин тариаланч болоход шаардлагатай хэрэгсэл болох CRM, AI чатбот, автомат дараалал жижиг бизнест ч хүртээмжтэй болсон тул энэ хэсгийг шинэчилж оруулав.

Анчин маягийн бизнес ямар байдаг вэ?

  • Шинэ харилцагч руу хүйтэн дуудлага (cold call) шууд хийдэг.
  • Шинэ харилцагч олохын тулд их мөнгө, хүч зарцуулж, аль болох хурдан зарах гэж бүхнийг хийдэг.
  • Сурталчилгаа нь аргаа барсан шинжтэй: хямдрал зарлаж, үнээр өрсөлдөж, яаравчилдаг.
  • Сонирхолгүй хүмүүсийг ятгах гэж их цаг үрдэг.

Холбоотой: Хэрхэн маркетингийн фермер болох вэ?

Сурталчилгааны зорилго юу байх ёстой вэ?

Ихэнх бизнес эрхлэгч сурталчилгааныхаа цаад зорилгыг төдийлөн боддоггүй. Нэр, логогоо сайхан байрлуулаад «салбарын манлайлагч» гэх мэт утга муутай уриагаар чимдэг. Сурталчилгааныхаа зорилго юу вэ гэж асуувал ихэнх нь «бараагаа зарах» эсвэл «нэрээ таниулах» гэж хариулна. Энэ нь буруу хариулт.

Шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийн хувьд сурталчилгааны зорилго бол танай хийж буй зүйлийг сонирхсон хүмүүсийг олох. Сурталчилгаа үзээд шууд худалдан авах хүн цөөхөн. Харин сонирхсон хүмүүс хариу үйлдэл хийхэд та тэдний мэдээллийг бүртгэж, тэдэнд үнэ цэнэ өгч, итгэлд суурилсан харилцаа үүсгэж эхлэх нь зөв.

Холбоотой: Шууд хариу үйлдэлд дуудсан маркетингийг хэрхэн хийх вэ?

Яагаад сурталчилгаанаасаа шууд зарах гэж улайрах ёсгүй вэ?

Сурталчилгааг харсан даруйдаа худалдан авахад бэлэн хүмүүс нийт зорилтот бүлгийн дотор цөөхөн байдаг. Үүнээс хамаагүй олон хүн «сонирхож байна, гэхдээ одоо биш» гэсэн байдалтай байдаг. Тэд сарын дараа, хагас жилийн дараа, жилийн дараа ч бэлэн болж магадгүй.

Хэрэв та зөвхөн шууд зарахыг оролдвол тэр жижиг бүлэг рүү л чиглэж, «одоо биш» гэсэн олон хүнийг алдана. Тэднийг мэдээллийн сандаа бүртгэхгүй бол бэлэн болох үед нь танай хагас жилийн өмнөх ганц сурталчилгааг санахгүй. Харин сэжим үүсгэдэг сурталчилгаа хийвэл хандаж болох зах зээлээ хэд дахин тэлж, «одоо биш» хүмүүстэй ч холбоотой үлдэнэ.

Нэг сонирхолтой зүй тогтол бий. Худалдан авахад бэлэн байгаа хүмүүс ч гэсэн танай мэдээлэл, зөвлөгөөг харахдаа «зарах гээд арга ядаж байна» гэж бус, «харилцаа тогтоох гэж байна» гэж хүлээж авдаг.

Төсвөө өндөр магадлалтай хүмүүст зарцуул

Цөөн сумтай харваач шиг таны маркетингийн төсөв хязгаартай. Массын маркетинг бүх хүнийг ижил тэгш авч үздэг тул төсвийн ихэнх нь хэзээ ч сонирхохгүй хүмүүст очдог. Харин зөвхөн өндөр магадлалтай боломжит хэрэглэгчдэд төвлөрвөл нэг хүнд ногдох төсөв, анхаарал хэд дахин нэмэгдэж, илүү сайн маркетинг хийх боломжтой болно.

Өнөөдөр Meta-гийн Custom Audience, Lookalike Audience нь яг үүнд зориулагдсан. CRM дэх сэжим, харилцагчдынхаа жагсаалтаар зорилтот бүлэг үүсгэж, тэдэнтэй төстэй хүмүүст хүрч болно.

Зорилтот хэрэглэгчээ хэрхэн таних вэ?

Бүтээгдэхүүнийг тань сонирхож буй хүмүүст хэрэгтэй зүйлийг үнэгүй санал болгож, мэдээллийг нь ав. Жишээ нь:

Хуримын гэрэл зургийн студи гэж бодъё. Тэд хурим хийх гэж буй хосуудад «Хуримын зурагчин сонгохдоо гаргадаг түгээмэл алдаа» гэсэн цахим номыг өөрсдийн бүтээлийн хамт үнэгүй санал болгож болно. Үүнийг татсан хүн бүр өндөр магадлалтай боломжит хэрэглэгч. Тэдний мэдээлэл таны мэдээллийн санд орно.

Өнөөдөр үүнийг цахим номгүйгээр ч хийж болно. Click-to-Messenger сурталчилгаагаар хүмүүс шууд бичиж, AI чатбот тэдэнтэй ярилцаад хуримын огноо, хэрэгцээг нь асууж, нэр утсыг нь CRM-д бүртгэнэ.

CRM бол маркетингийн мэдрэлийн төв

Зарим бизнес сэжим тогтмол үүсгэж, араас нь холбогдож, бойжуулж, эцэст нь худалдан авагч, бүр фэн болгодог системтэй байдаг. Нөгөө хэсэг нь тохиолдлын маркетинг хийж, энд тэнд замбараагүй сурталчилгаа цацдаг. Тохиолдлын, нэг удаагийн маркетинг ихэнхдээ авчрахаасаа илүү алддаг.

Хэрэглэгчтэй харилцах менежментийн систем буюу CRM бол нэг үзүүрээр нь хүйтэн сэжим оруулаад нөгөө үзүүрээс нь танайхыг бусдад сурталчилдаг фэн гаргаж ирдэг систем. Маркетингийн дэд бүтцийн цөмд хэрэглэгч, боломжит хэрэглэгчдийн мэдээллийн сан байдаг. Түүнийг үр ашигтай ашиглахад CRM хэрэгтэй.

Холбоотой: Сэжмийн амьдралын мөчлөгөөр борлуулалтаа өсгөх нь: үнэлгээ, төлөв, автомат шилжүүлэлт

Өнөөдөр CRM-ийг юутай хамт нэвтрүүлэх вэ?

CRM ганцаараа сан л юм. Түүнийг ажиллуулдаг гурван хэсэг бий:

  • AI чатбот: вэбсайт, Messenger дээр 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ. Хэн ч бичсэн алдагдахгүй.
  • Автомат дараалал: шинэ сэжимд мэйл, Messenger-ийн цуваа өөрөө явж, хэрэгтэй мэдээллээр арчилна. Messenger-ийн хувьд 24 цагийн мессежийн дүрмийг анхаарна.
  • HubSpot CRM зэрэг систем: сэжим бүрийн түүх, төлөв, хэлцлийн явцыг нэг дор харуулж, ажилтанд хэзээ холбогдохыг сануулна.

AI энд хурд нэмдэг ч бизнесийн чинь шийдлийг гаргахгүй. Хэнийг зорилтот хэрэглэгч гэж үзэх, ямар мессеж хүргэх, хэнд юу амлахыг та өөрөө шийднэ.

Холбоотой: Бизнесдээ чатбот ашиглах давуу тал ба боломжууд: цэстэй ботоос AI чатбот хүртэл

DIMA CRM-ийг хэрхэн нэвтрүүлдэг вэ

Бид CRM систем (жишээ нь HubSpot) нэвтрүүлж, AI чатбот, мэйл маркетингийн автомат цуваатай холбодог. Энэ сайтын баруун доод буланд байгаа чат бол манай өөрийн AI чатбот, туршаад үзээрэй. Professional багцад (AI Automation Ecosystem) CRM систем, чатбот, сэжмээс борлуулалт хүртэлх автомат урсгал бүрэн ордог. Багц, үнийг эндээс харж болно.

Танай бизнесийг анчнаас тариаланч болгох алхмуудыг ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI