Хэрхэн маркетингийн фермер болох вэ?

Жо гэдэг залуу Гиннесийн дээд амжилтын номонд «Дэлхийн хамгийн агуу борлуулагч» хэмээн бичигдсэн байдаг. Тэр хүмүүст энгийн автомашин зардаг байсан бөгөөд арав гаруй жилийн турш олон мянган машин борлуулжээ. Жо-гийн амжилтын нууц юу байв?
Түүний бусад борлуулагчаас ялгардаг ганц зүйл нь худалдан авагчидтайгаа байнгын харилцаатай байсан явдал. Тэр хувийн мэндчилгээний ил захидлыг сар бүр өөрийн гараар бичиж илгээдэг байв. Энэ сард явуулна. Дараагийн сард бас явуулна. Дараа дараагийн жилүүдэд ч бас явуулна. Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгчид шинэ машин авах хэрэгцээ гарахад хэн хамгийн түрүүнд санаанд нь орох вэ? Мэдээж Жо. Ийм учраас түүний борлуулалтын ихэнх нь давтан худалдан авагчдаас ирдэг байжээ.
Олон борлуулагч боломжит хэрэглэгчтэй нэг, хоёр удаа холбогдоод хариу аваагүй бол орхичихдог. Тариа тарьчихаад нэг, хоёр усалсны дараа хаячихдаг фермер хангалттай ургац авч чадах уу? Ихэнх хүмүүс шууд худалдан авахад бэлэн байдаггүй.
Холбоотой: Marketing funnel гэж юу вэ? Монгол бизнесүүдийн алдаж байгаа хэрэглэгч
Сэжим бүрийг хэрэглэгчтэй харилцах менежментийн системд бүртгэж, тэдэнтэй харилцаагаа тогтмол хадгалахын тулд хэрэгтэй мэдээлэл илгээж халамжлах хэрэгтэй. Фермер ургацаа болтол нь хүлээдэг шиг боломжит хэрэглэгчээ бэлэн болтол нь хүлээ. Жо-гийн хийсэнтэй адилаар цаг хугацаа өнгөрч, худалдан авах хэрэгцээ гарахад танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн түрүүнд санаанд нь орно. Та тэдэнд аль хэдийн үнэ цэнэ өгчихсөн учраас тэд танайд борлуулалтад бэлэн ирнэ. Ятгах шаардлагагүй. Тэдний хувьд худалдан авалт бол ердөө дараагийн логик алхам болсон байна.
Маркетингийн фермерийн гурван алхам
Боломжит хэрэглэгчдийн мэдээлэл ба тэдэнтэй тогтоосон харилцаа бол таны бизнесийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Худалдан авахад бэлэн болсон үед тэд таныг борлуулагч биш, зочин шиг тааламжтай угтана. Тиймээс та маркетингийн фермер шиг ажиллах хэрэгтэй. Энэ нь энгийн гурван алхамаас бүрдэнэ.
- Тарих: танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох зорилтот сегментдээ сурталчилгаа хий. Тэдэнд үнэгүй үнэ цэнэ санал болго: асуудлыг нь шийдэхэд туслах зөвлөгөө, заавар, мэдээлэл. Ингэснээр та энгийн борлуулагч биш, мэргэжилтэн гэдгээрээ харагдана.
- Бүртгэх: сонирхсон хүн бүрийг харилцагчийн менежментийн систем буюу CRM-д бүртгэ.
- Усалж арчлах: тэднийг үнэ цэнэтэй мэдээллээр тогтмол хангаарай. Жишээ нь салбарын тухай мэдээлэл, танай бүтээгдэхүүнээс хамгийн их үр ашиг хүртэх зөвлөгөө. Байнга зарах гэж улайрч болохгүй, тэд хурдан уйдна. Ашигтай мэдээллийн завсраар үе үе борлуулалтын мэдэгдэл, онцгой санал явуул. Хамгийн чухал нь холбоогоо тогтмол байлга. Мартагдвал харилцаа хөрнө.
Маркетингийн фермер болсноор танай мэдээллийн сан өсөж, чанар нь сайжирч, байнгын арвин ургац хураадаг болно.
Сэжмээ хэрхэн удирдах вэ?
Сэжим олж авах нэг хэрэг, түүнийгээ удирдах өөр хэрэг. Танайхаас ямар нэг бүтээгдэхүүний талаар асуусны дараа эргэж холбогдоогүй, таг болсон тохиолдол олон байдаг уу? Энэ бол маркетингийн буруу бүтэц. Тухайн хүний мэдээллийг CRM-д бүртгэх хэрэгтэй. Ингэснээр:
- Нэгдүгээрт, тухайн хүнд үнэ цэнэтэй контентыг тогтмол хүргэж, байнгын холбоотой байх боломжтой.
- Хоёрдугаарт, эргэж холбогдох ажлын дийлэнхийг автоматжуулж болно. CRM хэрэглэгч рүү автоматаар мэйл илгээж, борлуулагчдад залгах цагийг нь сануулдаг. Энэ автоматжуулалт тухайн хүний өмнөх үйлдэл, харилцсан байдалд тулгуурладаг.
Ингээд танд өндөр боломжтой хэрэглэгчдийн мэдээллийн сан бүрдэнэ. Таны ажил тэднийг халамжилж, насан туршийн үнэнч хэрэглэгч болгох л үлдлээ.
Холбоотой: Сэжмийн амьдралын мөчлөгөөр борлуулалтаа өсгөх нь
Өнөөдөр фермерийн ажлыг AI хэрхэн хөнгөвчилж байна вэ?
Жо захидлаа гараар бичдэг байсан. Өнөөдөр «тарих, бүртгэх, усалж арчлах» ажлын ихэнх хэсгийг систем хийж чаддаг болсон. AI чатбот сайт болон Messenger дээр асуултад 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ. CRM дээрх мэйл маркетингийн автомат цуваа бүртгэгдсэн хүн бүрт тохирох мэдээллийг цагт нь хүргэнэ. AI-аар мэйлийн ноорог, сегмент бүрт тохирсон хувилбар бичих ажил ч хэдэн дахин хурдан болсон.
Гэхдээ хүнд юу хэрэгтэйг ойлгох, ямар мэдээлэл үнэн зөв, брэндийн өнгө аяс ямар байх вэ гэдгийг хүн л шийднэ. Систем усалдаг, харин юу тарихыг та сонгоно.
Зарим хүн шууд худалдан авагч болдог бол зарим нь хэдэн долоо хоног, сар, бүр хэдэн жилийн дараа болдог. Гол нь тэд худалдан авахад бэлэн болох үед та итгэл, үнэ цэнэ дээр тулгуурласан найдвартай харилцааг аль хэдийн бий болгочихсон байх явдал. Тэгвэл худалдан авах шийдвэр нь тэдний хувьд энгийн, логик сонголт болно.
Танай сэжмүүд хаана «хатаж» байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.