Инбаунд маркетинг буюу татах маркетинг гэж юу вэ? Үндсэн ойлголт ба AI-тай өнөөдрийн хэлбэр

Хүмүүс худалдан авахаасаа өмнө хайдаг. Google-ээс асууна, ChatGPT-ээс асууна, пэйжүүдийг харьцуулна, найзаасаа сэтгэгдэл сонсоно. Энэ хайлтын үеэр танай бизнес хэрэгтэй хариулт өгч чадвал хүмүүс өөрсдөө танайх руу ирдэг. Үүнийг инбаунд маркетинг буюу татах маркетинг гэдэг.
Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Инбаундын үндсэн зарчим өөрчлөгдөөгүй ч түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл эрс өөрчлөгдсөн. Өнөөдөр AI чатбот, CRM-ийн автоматжуулалт, AI-аар хийсэн контентын ноорог инбаундыг жижиг бизнест ч хүртээмжтэй болгосон. Доор эхлээд үндсэн ойлголтыг, дараа нь өнөөдрийн хэлбэрийг тайлбарлая.
Инбаунд маркетинг гэж юу вэ?
Инбаунд маркетинг бол блог, видео, подкаст, цахим ном, мэдээллийн имэйл, хайлтын системийн оновчлол (SEO), сошиал медиа зэрэг контентоор худалдан авалтын янз бүрийн шатанд байгаа хэрэглэгчдийг өөр рүүгээ татах арга.
Үүний эсрэг тал нь аутбаунд буюу уламжлалт маркетинг: радио, телевизийн сурталчилгаа, тараах материал, спам, хүйтэн дуудлага. Уламжлалт маркетинг мессежээ хүнд хүсээгүй байхад нь хүргэдэг, маркетер төвтэй. Инбаунд маркетинг хэрэгтэй, сонирхолтой контент бүтээж хүмүүсийг өөрөө ирэхэд хүргэдэг, хэрэглэгч төвтэй.
Холбоотой: Инбаунд болон уламжлалт маркетингийн ялгаа
Ойлголт хаанаас гарсан бэ?
Дэвид Мирман Скотт бүтээгдэхүүнээ авахыг «уриалж, гуйж, гувшдаг» төлбөрт сурталчилгааны оронд блог, цахим ном, инфографик зэрэг хэрэгтэй мэдээллээр хэрэглэгчийн итгэлийг олохыг зөвлөдөг. Энэ санаа Сэт Годины «зөвшөөрлийн маркетинг» (permission marketing) ойлголттой ойр.
«Инбаунд маркетинг» гэдэг нэр томьёог HubSpot компанийг үүсгэн байгуулагч Брайн Халлиган 2005 онд томьёолсон. HubSpot-ын үзэж байгаагаар инбаунд нь өндөр үнэ цэнтэй, худалдан авахаас өмнө удаан судалдаг, мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бизнест ялангуяа үр дүнтэй.
Инбаунд аргачлалын дөрвөн шат
Инбаунд маркетинг танихгүй хүнийг үнэнч хэрэглэгч болгох хүртэл дөрвөн шатаар явдаг.
1. Татах
Хэрэгтэй, сонирхолтой контентыг зорилтот хэрэглэгчдэдээ зөв цагт нь хүргэж анхаарлыг нь татна. Үүний тулд танай хамгийн тохиромжтой худалдан авагч хэн бэ, түүнд ямар асуудал тулгардаг вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй.
Сайн контент асуудлыг нь хөндөөд зогсохгүй, шийдлийг нь ойлгуулна. Ийм контент хайлтаас органик урсгал авчирдаг. Бизнесийн блог, сошиал медиа, имэйлээр түгээвэл илүү олон хүнд хүрнэ.
2. Сэжим болгох
Вэбсайтад орж ирсэн хүнд түүнд үнэ цэнтэй зүйл санал болгоно: цахим ном, гарын авлага, видео хичээл, үнэгүй зөвлөгөө. Түүнийг авахын тулд хүн нэр, утас, имэйлээ үлдээснээр сэжим үүснэ. Өнөөдөр AI чатбот ярианы явцад ч энэ мэдээллийг авч, CRM-д автоматаар бүртгэдэг.
3. Борлуулах
Өнөөдөр хүмүүс эхлээд хэрэгцээгээ ойлгож, дараа нь шийдэл хайж, эцэст нь сонголтуудаа судлаад шийдвэрийнхээ ихэнхийг борлуулалтын ажилтантай уулзахаас өмнө гаргачихдаг. Энэ судалгааных нь үеэр хэрэгтэй контентыг хүргэж, шийдвэр гаргахад нь бэлтгэхийг сэжмийн арчилгаа гэдэг. Бэлэн болсон сэжмийг борлуулалтын баг цаг алдалгүй авч ажиллана.
Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа: түүнийг мэйл, Messenger, AI-аар хэрхэн хийх вэ?
4. Халамжлах
Борлуулалт хийснээр ажил дуусахгүй. Хэрэглэгчтэйгээ холбоотой байж, бүтээгдэхүүнээ зөв хэрэглэхэд нь тусалж, санал сэтгэгдлийг нь сонсож, хэрэгтэй мэдээлэл хүргэвэл тэд дахин худалдан авна. Түүгээр ч зогсохгүй танай тухай найз нөхөддөө ярьж, зөвлөдөг брэндийн «элч» болдог. Хуучин хэрэглэгчээ хадгалах нь шинэ хэрэглэгч олохоос ихэвчлэн хямд байдаг. Сэтгэл ханамжтай хэрэглэгч өөрөө шинэ хэрэглэгч татдаг тул энэ шат эхний шаттайгаа холбогдож, тойрог үүсгэдэг.
Инбаундын автоматжуулалт
Инбаунд маркетинг дижитал орчинд явагддаг тул хэрэглэгч юу үзсэн, юу татсан, юу асуусан гэх мэт их хэмжээний мэдээлэл үүсдэг. Үүнийг гараар хөтлөх боломжгүй. Тиймээс маркетингийн автоматжуулалтын хэрэгслүүд гарч ирсэн. Үүлэн технологийн ачаар эдгээрийн үнэ буурч, жижиг бизнест ч хүртээмжтэй болсон.
Автоматжуулалтын шийдэл ихэвчлэн дараах боломжуудыг нэг дор агуулдаг:
- Контент ба вэбсайт: контент удирдах систем, хайлтын системийн оновчлол
- Сувгууд: сошиал медиа, онлайн сурталчилгаа, имэйл маркетинг
- Харилцагч: контактын сан, сегментчлэл
- Сэжим: сэжмийн арчилгаа, сэжмийн үнэлгээ
- Хэмжилт: маркетингийн аналитик, өгөөжийн тооцоо
Цуглуулсан мэдээллээр хэрэглэгчийг сегментчилж, хүн бүрт тохирсон контент хүргэж болно. Мэдээлэлд суурилсан сэжмийн үнэлгээ хийснээр худалдан авахад бэлэн болсон сэжмийг автоматаар тодорхойлж, борлуулалтын ажилтанд мэдэгдэнэ. Автоматжуулалтыг CRM системтэй холбосноор маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээ нэг мэдээлэл дээр ажиллаж, маркетингийн өгөөжийг тооцох боломжтой болно. HubSpot бол ийм шийдлийн хамгийн танигдсан жишээ.
Өнөөдөр инбаунд AI-тай хэрхэн ажилладаг вэ?
Инбаундын дөрвөн шат хэвээрээ. Харин шат бүрийн гар ажлыг AI хурдасгаж байна:
- Татах: AI персона, улирлын онцлогт тулгуурласан контент төлөвлөгөө, нийтлэл, Reels скриптийн эхний ноорог гаргана. Хүмүүс ChatGPT search, Google AI Overviews-ээс хариулт авах болсон тул тодорхой асуултад тодорхой хариулдаг контент улам чухал болсон.
- Сэжим болгох: AI чатбот вэбсайт, Messenger дээр 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д бүртгэнэ.
- Борлуулах: CRM-ийн автомат урсгал бэлэн болсон сэжмийг борлуулалт руу шилжүүлж, ажилтанд сануулна.
- Халамжлах: мэйл маркетингийн автомат цуваа хэрэглэгчтэй тогтмол холбоотой байлгана.
Гэхдээ AI танай брэндийн дуу хоолой, бизнесийн бодит туршлага, үнэн зөв мэдээллийг өөрөө мэдэхгүй. Стратеги, мессеж, эцсийн чанар хүний ажил хэвээр үлдэнэ.
Холбоотой: AI-д суурилсан inbound marketing систем гэж юу вэ?
DIMA инбаунд системийг хэрхэн босгодог вэ
DIMA 2019 оноос хойш жижиг, дунд бизнест инбаунд маркетинг хийж байна. Бидний ажил хоёр үе шаттай: эхлээд зорилтот хэрэглэгч, байр суурь, вэбсайт, AI чатбот, CRM зэрэг системээ босгоно, дараа нь түүнийгээ сар бүр ажиллуулна. Багц, үнийг эндээс харж болно. Инбаундыг өөрийн бизнес дээрээ нэг өдөрт төлөвлөж сурах бол DMC 2026 сургалтыг сонирхоорой.
Танай бизнест инбаунд хаанаас эхлэхийг ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.