Инбаунд болон уламжлалт маркетингийн ялгаа

Инбаунд болон уламжлалт маркетингийн ялгаа юу вэ? Маркетер төвтэй уламжлалт буюу аутбаунд маркетинг хүмүүсийг хүсээгүй байхад нь маркетингийн мессежээр тасралтгүй «довтолсоор» байдаг. Харин инбаунд маркетинг хэрэглэгчийн амьдралд тулгарч буй асуудлыг олж харж, шийдэхэд нь туслах контентоор (блог, подкаст, видео, цахим ном, мэдээллийн имэйл, хайлтын системийн оновчлол, сошиал медиа) хүмүүсийг татаж, худалдан авалтын янз бүрийн шатанд байгаа хэрэглэгчийг борлуулалт руу хөтөлдөг.
Холбоотой: Инбаунд маркетинг буюу татах маркетинг гэж юу вэ? Үндсэн ойлголт ба AI-тай өнөөдрийн хэлбэр
Уламжлалт маркетинг яагаад үр дүн нь буурч байна вэ?
Уламжлалт маркетинг хүчээ алдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү? Кинон дундуур хэдэн минут реклам үздэг байсан хүмүүс өнөөдөр IPTV, онлайн платформоор гүйлгээд, ухраагаад, дуртай цагтаа үздэг болсон. Телевиз үздэггүй залуу үеийнхэн заримыг нь бүр огт мэдэхгүй.
Хүмүүсийг хүсээгүй байхад нь мессежээр дайрсаар байсан нь эцэстээ маркетингийг «тархи угаалт»-тай зүйрлэхэд хүргэсэн. Үр дүнд нь уламжлалт маркетинг өндөр зардалтай мөртлөө үр дүн муутай болсон.
Хэрэглэгч өөрөө судалдаг болсон
Мэдээлэл хаа сайгүй байгаа энэ үед хүмүүс телевизийн сурталчилгаа хараад шууд дэлгүүр орж зурагт худалдаж авахаа больсон. Оронд нь олон асуултын хариуг өөрөө хайдаг:
- LED, OLED хоёр ямар ялгаатай вэ?
- Манай том өрөөнд хэдэн инчийн дэлгэц тохирох вэ?
- Ухаалаг зурагт ямар боломжтой вэ, Netflix, YouTube үзэж болох уу, утсаа холбож болох уу?
- Найзууд маань авсан зурагтдаа сэтгэл хангалуун байна уу, хүмүүс юу гэж бичсэн байна?
- Аль нь ямар үнэтэй вэ, лизингээр авч болох уу?
Эдгээрийн хариуг вэбсайт, сошиал медиа, одоо бол AI туслахаас хайж судалсны эцэст шийдвэрээ бараг гаргачихаад дэлгүүрт очдог.
Контент маркетинг: хүний сэтгэлд хүрдэг маркетинг
Ийм үед хамгийн үр дүнтэй маркетинг бол контент маркетинг. Хэрэглэгчийн амьдралд тулгарч буй асуудлыг олж харж, шийдэхэд нь тусалсан контент хамгийн сэтгэлд хүрдэг маркетинг болж чаддаг.
Бид удаан хугацаанд бүтээгдэхүүнээ магтахад л анхаарлаа зориулж ирсэн. Үр дүнд нь «хамгийн шилдэг», «VIP», «чанартай», «манлай», «топ» гэх үгс үнэ цэнээ алдсан. Харин хүмүүсийн амьдралд үнэ цэнэ өгдөг, сонирхолтой, хэрэглэгчийн мэдлэгийг нэмдэг контент бүтээж түгээвэл компани, хэрэглэгч хоёрын хооронд урт хугацааны тогтвортой харилцаа үүснэ.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
Инбаундын замнал: танихгүй хүнээс «промотер» хүртэл
Инбаунд маркетингийн нууц нь гаднаас харж яваа хүнийг танай «промотер» болгоход оршдог.
Татах. Эхлээд контент, бизнесийн блог, сошиал медиа пост, хайлтын системийн оновчлолоор түүний анхаарлыг татна. Ингэснээр тэр хүн вэбсайтад тань зочилж, контентуудтай танилцана.
Сэжим болгох. Энэ үед үйлдэлд уриалах товч (Call-To-Action буюу CTA) түүнийг дараагийн сонирхолтой контентыг татаж авахад урина. Товч дарахад газардах хуудас (Landing Page буюу LP) нээгдэнэ. Газардах хуудас тухайн контент юуны тухай, яагаад хэрэгтэйг товч тайлбарлаж, нэр, имэйл, байгууллага зэрэг талбартай форм бөглүүлнэ. Формыг бөглөсний дараа баярлалаа хуудас (Thank You Page буюу TYP) нээгдэж, амласан контентоо өгөхийн зэрэгцээ дараагийн алхам руу хөтөлнө.
Арчлах, борлуулах. Энэ үед тэр хүн сэжим болсон ч борлуулалтад хараахан бэлэн биш байх нь элбэг. Тиймээс дараагийн контентуудыг CTA, LP, TYP, имэйл, сошиал медиагаар хүргэж, сэжмийн арчилгаа хийсээр борлуулалтад бэлэн болгоно. Цааш нь CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн системээр борлуулалтын ажлаа удирдаж хэлцлээ хаана.
Халамжлах. Харилцагч болсноор бүх зүйл дуусахгүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй хэрэглэхэд нь туслах контентыг дижитал сувгаараа хүргэж халамжилснаар харилцагч тань таны өмнөөс найз нөхөддөө маркетинг хийдэг болно. Хэрэглэгчийн имэйл, утасны дугаар байгаа бол Custom Audience-ээр түүнд сошиал медиа, вэб дээр дараагийн контентуудыг чиглүүлэн хүргэх боломж ч бий.
Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа: түүнийг мэйл, Messenger, AI-аар хэрхэн хийх вэ?
Өнөөдөр инбаунд AI-тай хамт
Инбаундын зарчим хэвээрээ, харин хэрэгсэл нь шинэчлэгдсэн. Газардах хуудасны формын хажууд одоо AI чатбот хүний асуултад шууд хариулж, сонирхсон хүний мэдээллийг CRM-д бүртгэдэг. Сэжмийн арчилгааны имэйл, мессежийн цувааг CRM автоматаар явуулна. Контентын эхний ноорог, төлөвлөгөөг AI хурдан гаргана. Гэхдээ стратеги, үнэн зөв мэдээлэл, брэндийн дуу хоолой хүний ажил хэвээр байна.
Холбоотой: AI-д суурилсан inbound marketing систем гэж юу вэ?
Танай маркетинг уламжлалт аргаасаа инбаунд руу хэрхэн шилжиж болохыг ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.