Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Content Marketing, Inbound Marketing

Бизнесүүд яагаад блог бичих хэрэгтэй вэ? AI хайлтын үед блогийн үнэ цэнэ

Бизнесүүд яагаад блог бичих хэрэгтэй вэ? AI хайлтын үед блогийн үнэ цэнэ

Бизнесийн блог бол хобби биш. Энэ нь сошиал медиа, и-мэйл, сурталчилгааны самбартай адил маркетингийн нэг суваг. Бүтээгдэхүүний танилцуулгаас ялгаатай нь блог хэрэглэгчийг сургаж, асуултад нь хариулж, асуудлыг нь шийдэхэд тусалдаг. Жишээ нь манай блог дээрх Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг шалтгаанууд нийтлэл бол Facebook маркетингийн зөвлөгөө.

«Үнэгүй зөвлөгөө бичихэд цаг гаргаад ямар хэрэг байна?» гэж асуух хүн бий. Хариулт нь энгийн: хүмүүс худалдан авахаасаа өмнө судалдаг, тэр судалгааны үед хэний контентыг уншсан бэ гэдэг нь хэнээс худалдан авахад нь нөлөөлдөг.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Одоо блогийн үнэ цэнэ буурсангүй, харин нэмэгдсэн. Учир нь хүмүүс Google AI Overviews, ChatGPT хайлтаас хариулт авдаг болсон бөгөөд тэдгээр AI хариултаа вэбсайтуудын контентоос бүрдүүлдэг. Мөн блог нийтлэлүүд танай AI чатботын мэдлэгийн сан болж чаддаг.

1. Вэбсайтын хандалтыг өсгөдөг

Компанийн вэбсайтад ихэвчлэн танилцуулга, бүтээгдэхүүн, хааяа нэг «мод тарилаа», «шагнал авлаа» гэсэн мэдээ байдаг. Бүтээгдэхүүн нь яг тэр мөчид хэрэгтэй биш л бол хүн ийм сайт руу дахин орох шалтгаан бараг байхгүй.

Блог танай сайтыг зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээллээр баялаг болгодог. Тогтмол бичсэнээр байнгын уншигчтай болохоос гадна хайлтаар орж ирэх шинэ зочин өснө. Хайлтаар ирсэн хүн асуудлаа өөрөө хайж олсон тул худалдан авах магадлал нь өндөр байдаг.

Нийтлэлээ сошиал сувгаар түгээвэл сувгууд тань идэвхждэг, сайт руу ч хандалт ирдэг. Нэг нийтлэлээс хэд хэдэн пост, Reels гаргаж болно.

Холбоотой: Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Контентыг AI хайлтын үед хэрхэн ашиглах вэ

2. AI хайлтад дурдагдах боломж олгодог

Хүмүүс одоо бүтэн асуултаар хайдаг: «жижиг кафе маркетингаа юунаас эхлэх вэ», «нүүрний арчилгааг хэдэн настайгаас эхлэх вэ» гэх мэт. Google AI Overviews болон ChatGPT хайлт ийм асуултад хэд хэдэн сайтын мэдээллийг нэгтгэж хариулаад, эх сурвалжийн холбоосыг харуулдаг.

Хэрэглэгчийн бодит асуултад тодорхой, мэргэжлийн хариулт өгсөн блог нийтлэл ийм хариултад эх сурвалж болох боломжтой. Үүний тулд:

  • Асуултаар гарчиглах: хүмүүсийн асуудаг яг тэр асуултыг гарчиг, дэд гарчигт ашигла
  • Эхэнд нь шууд хариулах: удаан оршил бичихгүйгээр гол хариултаа эхэнд нь хэл
  • Өөрийн туршлагаа нэмэх: бусдын хэлснийг давтах биш, өөрийн жишээ, зөвлөгөөг оруул
  • Шинэ байлгах: хуучирсан нийтлэлээ тогтмол шинэчил

3. AI чатботын мэдлэг болдог

AI чатбот танай бизнесийн мэдээллээр суралцдаг. Үнэ, хаяг, ажлын цагаас гадна «аль бүтээгдэхүүн надад тохирох вэ», «хэрхэн арчлах вэ» гэсэн гүнзгий асуултад хариулахын тулд чатботод хэрэгтэй мэдлэг байх ёстой.

Сайн бичсэн блог нийтлэлүүд яг энэ мэдлэгийн эх сурвалж болж чадна. Ингэснээр чатбот хэрэглэгчийн асуултад танай мэргэжилтний өнцгөөс хариулж, дэлгэрэнгүйг нь холбогдох нийтлэл рүү зааж өгнө. Эсрэгээр чатботод ирж буй асуултууд танай дараагийн блог нийтлэлийн сэдвийн жагсаалт болдог.

Холбоотой: Бизнесдээ чатбот ашиглах давуу тал ба боломжууд: цэстэй ботоос AI чатбот хүртэл

4. Борлуулалтын сэжим татдаг

Блог уншигчдад зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй дараагийн алхам руу уриалснаар сэжим үүсгэж болно. Жишээ нь нийтлэлийн доор «Үнэгүй зөвлөгөө авах» товч (CTA) байрлуулахад сонирхсон хүн форм бөглөнө, эсвэл чатботоос асуулт асууна.

Ийм сэжим ихэнхдээ худалдан авахад хараахан бэлэн биш байдаг. Тэдэнд дараа дараагийн хэрэгтэй контентыг хүргэж, шийдвэрт нь хүргэх процессыг сэжмийн арчилгаа (lead nurturing) гэдэг. Мэйл маркетингийн автомат цуваа үүнд маш тохиромжтой.

Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа: түүнийг хэрхэн хийх вэ?

5. Салбартаа мэргэжлийн гэдгээ харуулдаг

Блогийн сэдвүүд танай салбартай холбоотой байдаг. Салбарынхаа чиг хандлага, шинэчлэл, практик зөвлөгөөг тогтмол хуваалцсанаар та сэтгэлгээний манлайлагч (thought leader) болж танигдана. Энэ бол тухайн чиглэлдээ өндөр мэдлэг, чадвартай гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, компани.

Хийж буй ажлаа сайн мэддэг гэдгээрээ танигдсан компанийг хэрэглэгч сонгох нь ойлгомжтой. Компанийн удирдлага өөрийн нэр дээр мэргэжлийн зөвлөгөө бичих нь ч итгэлийг нэмэгдүүлдэг.

6. Контентын стратегийг хэрэгжүүлэх зам болдог

Блог нийтлэл болгоноор хэрэглэгчийг шууд бүтээгдэхүүн рүү түлхэх нь буруу. Хүмүүс худалдан авахад үргэлж бэлэн байдаггүй. Тиймээс худалдан авалтын замналынх нь шат бүрт тохирох контентыг дарааллаар нь хүргэх нь илүү үр дүнтэй.

Жишээ нь хөдөө явахдаа машинаа хэрхэн бэлтгэх тухай нийтлэлийг Facebook-ээс уншсан хүн дараа нь замын аюулгүй байдлын зөвлөгөө, даатгалын төрлүүдийн харьцуулалтыг уншаад, эцэст нь тээврийн хэрэгслийн даатгал хийлгэж, найздаа ч санал болгодог үнэнч хэрэглэгч болж болно. Блог бол инбаунд маркетингийн гол хэрэгсэл бөгөөд ялангуяа сайт руу хүмүүсийг татах шатанд чухал үүрэгтэй.

Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?

AI-аар блогоо хэрхэн тогтмол хөтлөх вэ?

Ихэнх бизнесийн блог зогсдог шалтгаан нь цаг зав. AI энэ ачааллыг их хөнгөлдөг.

  • Сэдэв олох: мессеж, чатботын яриа, борлуулалтын ажилтны сонссон асуултуудаа AI-д өгөөд давтагддаг асуултуудыг бүлэглүүл
  • Төлөвлөх: улирал, баяр, борлуулалтын зорилгодоо тааруулсан контент календарь гаргуул. DIMA-гийн PlanAI үүнд зориулагдсан.
  • Ноорог бичих: бүтэц, эхний ноорог, гарчгийн хувилбаруудыг хурдан гаргуул
  • Хуваах: нэг нийтлэлээс пост, Reels-ийн скрипт, мэйл гаргуул

Гэхдээ AI танай туршлага, бодит жишээ, брэндийн дуу хоолойг мэдэхгүй. Тоо баримт, мэргэжлийн зөвлөгөөг заавал өөрөө шалгаж, өөрийн үгээр засаарай. Ерөнхий, хувийн өнгөгүй текст уншигчид ч, хайлтын системд ч үнэ цэнгүй.

DIMA блог маркетингийг хэрхэн хийдэг вэ

Бид блогийг танай инбаунд маркетингийн системийн нэг хэсэг болгодог: хэрэглэгчийн асуултаас сэдэв гаргаж, SEO-д нийцүүлж бичээд, сошиал сувгаар түгээж, AI чатбот болон CRM-тэй холбодог. Дэлгэрэнгүйг контент маркетинг хуудаснаас үзнэ үү.

Танай бизнест ямар сэдвээр блог бичих нь үр дүнтэй болохыг ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
SEO · дараагийн алхам

Танай сайт хайлтад хэрхэн гарч байгааг үнэгүй шалгаж, эхний гурван засварыг хэлье.

Үнэгүй зөвлөгөө авах PlanAI нээх
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI