Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Контентыг AI хайлтын үед хэрхэн ашиглах вэ

Хайлтын системийн оновчлол (SEO) гэдэг нь хүмүүс танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зүйл хайхад танай вэбсайт Google зэрэг хайлтын системийн үр дүнд дээгүүр гарч ирэхийн тулд хийдэг ажил юм. Төлбөртэй сурталчилгаанаас ялгаатай нь хайлтаас ирэх зочин бүрт мөнгө төлөхгүй.
SEO-г олон хүн өөр зүйлтэй андуурдаг. Facebook-ийн хайлтад пэйжээ дээгүүр гаргах, эсвэл түлхүүр үгээ ямар нэг программд оруулаад л болчихдог ажил гэж ойлгох нь бий. Үнэндээ SEO бол хэрэглэгчдээ хэрэгтэй контент бүтээж, түүнийгээ хайлтын системд ойлгомжтой болгож, олон хүнд хүргэх тасралтгүй ажил.
Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Түүнээс хойш хайлт өөрөө өөрчлөгдсөн: Google хайлтын үр дүнгийн дээд хэсэгт AI-аар бэлтгэсэн хураангуй (AI Overviews) гаргадаг болж, хүмүүс ChatGPT хайлтаар ч асуултынхаа хариултыг авдаг болсон. Тиймээс SEO-г энэ шинэ орчинд хэрхэн хийх талаар шинэчилж оруулав.
SEO-гийн гурван үндсэн хэсэг
- Хуудсан доторх (on-page) SEO: гарчиг, дэд гарчиг, текст, зургийн тайлбар, хуудасны тайлбар (meta description), дотоод холбоос зэргийг хэрэглэгчийн хайж буй асуулт, түлхүүр үгтэй уялдуулах.
- Техникийн SEO: сайт хурдан ачаалах, гар утсанд тохирох, хайлтын систем бүх хуудсыг олж уншиж чадах (sitemap, зөв бүтэц).
- Хуудаснаас гадуурх (off-page) SEO: бусад сайтаас танай сайт руу холбоос авах, контентоо түгээж нэр хүнд, хандалтаа өсгөх.
Гурвуулаа чухал. Гэхдээ бүгдийн суурь нь контент: хэрэглэгчийн асуултад бусдаас илүү тодорхой, хэрэгтэй хариулт өгч байгаа хуудас.
Холбоотой: Байгууллагын вэбсайт ямар байх ёстой вэ? 2026 оны 7 шаардлага
AI хайлт SEO-г хэрхэн өөрчилсөн бэ?
Хүмүүс одоо богино түлхүүр үгээс гадна бүтэн асуултаар хайдаг болсон. «Улаанбаатарт жижиг оффисын интерьер хийлгэхэд юуг анхаарах вэ» гэх мэт. Google AI Overviews болон ChatGPT хайлт ийм асуултад хэд хэдэн вэбсайтын мэдээллийг нэгтгэн хариулж, эх сурвалжийнхаа холбоосыг харуулдаг.
Энэ нь бизнест хоёр зүйлийг хэлж байна:
- Тодорхой хариулт бич: асуултыг гарчигт тавиад, доор нь шууд, ойлгомжтой хариул. AI хариулт ийм бүтэцтэй контентыг ашиглахад хялбар.
- Мэргэжлийн туршлагаа харуул: бусдын хэлсэн зүйлийг давтсан ерөнхий текст бус, өөрийн туршлага, жишээ, тодорхой зөвлөгөөтэй контент ялгардаг.
- Үнэн зөв, шинэ байлга: хуучирсан үнэ, мэдээлэлтэй хуудас итгэл алддаг.
Сонгодог SEO-ийн зарчим хүчинтэй хэвээр. AI хайлт ч эцэстээ вэбсайтуудын контентод тулгуурладаг тул сайн SEO хийсэн сайт тэнд ч илүү олддог.
Контентоо хэрхэн түгээх вэ: 4 арга
Сайн контент бичээд сайтдаа тавиад орхивол хүмүүс өөрөө олж ирэхийг удаан хүлээнэ. Контентоо зорилтот хэрэглэгчдэдээ хүргэж, уншигч авчирснаар хандалт, хуваалцалт, бусад сайтаас ирэх холбоос нэмэгддэг. Энэ бүхэн хайлтад шууд бусаар тустай.
1. Зорилтот хэрэглэгчдэдээ шууд хүргэ
Шинэ нийтлэлээ сайтад тавихаас гадна мэйл жагсаалтдаа бүртгүүлсэн хүмүүст илгээ. Салбартаа нөлөө бүхий, олон дагагчтай хүмүүстэй харилцаатай байж, тэдэнд хэрэгтэй гэж үзсэн контентоо хуваалц. Мэдээлэл үнэхээр хэрэгтэй бол тэд өөрсдөө цааш түгээдэг.
2. Сошиал медиад пост бэлд
Facebook, Instagram, LinkedIn зэрэг сувгаараа нийтлэлээ түгээ. Нэг нийтлэлийг хэд хэдэн удаа пост хийж болно, гэхдээ бүрт нь шинэ зураг, өөр өнцгөөс бичсэн текст ашигла. Постын хуваарь тавих хэрэгсэл ашиглавал цаг их хэмнэнэ. Пост бүрт нийтлэлийнхээ холбоосыг заавал оруул.
3. Төлбөртэй сурталчилгаагаар өргөжүүл
Контент бэлдэхэд цаг, хүч зарцуулдаг. Хэрэгтэй хүндээ хүрэхгүй бол тэр хөдөлмөр дэмий болно. Facebook, Instagram-ийн сурталчилгаагаар зорилтот бүлгээ нарийн сонгож, сайн ажилласан контентоо илүү олон хүнд хүргэ. Сайтдаа Meta Pixel суулгавал нийтлэл уншсан хүмүүсээс Custom Audience үүсгэж, тэдэнд дараагийн санал хүргэж болно.
Холбоотой: Фэйсбүүк дээр зорилтод бүлэг буюу custom audience хэрхэн үүсгэх вэ?
4. Контентоо өөр хэлбэрт хөрвүүл
Нэг сайн нийтлэлээс хэд хэдэн контент гаргаж болно:
- Reels, богино видео: гол санааг хэдхэн секундэд багтаасан
- Карусель пост: алхам алхмаар тайлбарласан слайдууд
- Инфографик: тоо, үе шат, харьцуулалтыг нэг зурагт
- Аудио: нийтлэлээ подкаст эсвэл аудио хэлбэрээр
Шинэ хэлбэр бүрийг үндсэн нийтлэлийнхээ холбоостой хамт тавиарай.
Холбоотой: Инфографик гэж юу вэ? Түүнийг хэрхэн хийх вэ?
AI-аар контентоо хэрхэн оновчлох вэ?
Асуулт олох: Хэрэглэгчдээс ирсэн мессеж, чатботын яриа, борлуулалтын ажилтны сонссон асуултуудаа AI-д өгөөд бүлэглүүл. Хүмүүс яг ямар үгээр, ямар асуулт асууж байгаа нь танай дараагийн нийтлэлийн сэдэв.
Бүтэц засах: Бичсэн нийтлэлээ AI-д өгөөд «гарчиг, дэд гарчиг нь хэрэглэгчийн асуултад тодорхой хариулж байна уу, юу дутуу байна» гэж асуу. Хуудасны тайлбар (meta description), гарчгийн хувилбаруудыг хурдан гаргуулж болно.
Хуучин контентоо шинэчлэх: Олон жилийн өмнөх нийтлэлүүдээ AI-тай хамт уншиж, хуучирсан хэсгийг олж шинэчил. Энэ нийтлэл өөрөө ингэж шинэчлэгдсэн.
Гэхдээ AI-ийн бичсэнийг шууд нийтэлж болохгүй. Тоо баримт, үнэ, мэргэжлийн зөвлөгөөг заавал өөрөө шалга. Брэндийн дуу хоолой, бодит туршлага, стратегийн сонголт хүний ажил хэвээрээ. Хайлтын систем ч, уншигч ч ерөнхий, хувийн өнгөгүй текстийг илүүд үздэггүй.
DIMA SEO-г хэрхэн хийдэг вэ
Манай хайлтын системийн оновчлол үйлчилгээ вэбсайтын техникийн шалгалт, түлхүүр үг ба хэрэглэгчийн асуултын судалгаа, контентын төлөвлөгөөг хамардаг. Вэбсайт ба SEO нь Advanced болон Professional суурь багцад багтдаг. Багцуудыг эндээс харж болно.
Танай сайт хайлтад яагаад олдохгүй байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.