Байгууллагын вэбсайт ямар байх ёстой вэ? 2026 оны 7 шаардлага

Вэбсайт бол дижитал маркетингийн цөм. Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ, хаяг зэрэг бүх мэдээллээ хамгийн бүрэн хэлбэрээр хүргэдэг газар нь вэбсайт. Түүнээс гадна зөв хийсэн вэбсайт борлуулалтын сэжим татдаг хамгийн найдвартай хэрэгсэл болдог.
Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Тэр үед «гар утсанд тохирсон байх» нь гол шаардлага байсан бол одоо хэрэглэгч сайт руу орсон даруйдаа хурдан ачаалахыг, асуултдаа шууд хариулт авахыг, хоёр товшилтоор холбогдохыг хүлээдэг болсон. Тиймээс шаардлагуудаа 2026 оны байдлаар шинэчилж оруулав.
Гол санаа нь өөрчлөгдөөгүй: зөвхөн гоё дизайнтай сайт хангалтгүй. Вэбсайт тань зочныг сэжим болгож, сэжмийг худалдан авагч болгож чадаж байх ёстой.
1. Гар утсанд бүрэн тохирсон (responsive) байх
Танай байгууллагын талаар анх сонссон хүн ихэнхдээ утсаараа Google-ээс хайж үздэг. Google хайлтын үр дүнгээ гаргахдаа сайтын гар утсан дээрх хувилбарыг голлон харгалздаг. Өөрөөр хэлбэл утсан дээр эвгүй харагддаг сайт хайлтад ч, хэрэглэгчийн сэтгэгдэлд ч алддаг.
Хэрхэн шалгах вэ: хамгийн энгийн нь сайт руугаа утсаараа өөрөө орж үзэх. Текст томруулахгүйгээр уншигдаж байна уу? Товч, цэс хуруугаар дарахад хангалттай том уу? Утасны дугаар дээр дарахад шууд залгаж байна уу? Компьютер дээр хөтчийнхөө хөгжүүлэгчийн хэрэгслийг нээгээд төхөөрөмжийн горимд шилжүүлж өөр өөр дэлгэцийн хэмжээгээр харж болно.
2. Хурдан ачаалдаг байх
Хүмүүс хүлээх дургүй. Сайт удаан ачаалбал зочин агуулгыг нь харахаас өмнө гараад явчихдаг. Хурд нь хайлтын системд ч нөлөөлдөг.
- Зургаа шахах: хэт том зураг сайтыг удаашруулах хамгийн түгээмэл шалтгаан
- Хэрэггүй нэмэлтээ цэвэрлэх: ашиглахгүй байгаа plugin, скрипт, хуучин код
- Найдвартай хостинг: хямд ч удаан сервер хэрэглэгч алддаг
- Тогтмол шалгах: Google-ийн PageSpeed Insights зэрэг үнэгүй хэрэгслээр гар утасны хурдаа хэмжиж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүл
Холбоотой: Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Контентыг AI хайлтын үед хэрхэн ашиглах вэ
3. AI чатботоор шууд хариулдаг байх
Өмнө нь вэбсайтаар холбогдох гэсэн хүн «Холбоо барих» хуудас хайж, форм бөглөж, хариу хүлээдэг байсан. Одоо хүмүүс асуултаа бичээд шууд хариулт авахыг хүсдэг. Хариу хоцорвол сонирхол нь унтарч, өрсөлдөгч рүү шилждэг.
AI чатбот энэ завсрыг хаадаг. Танай бүтээгдэхүүн, үнэ, ажлын цаг, түгээмэл асуултаар сургасан чатбот вэбсайт болон Messenger дээр 24/7 хариулна. Ярианы явцад сонирхсон хүний нэр, утсыг асууж, CRM-д сэжим болгон бүртгэнэ. Ингэснээр шөнө орж ирсэн зочин ч алга болохгүй.
Энэ сайтын баруун доод буланд байгаа чат бол DIMA-гийн өөрийн AI чатбот. Туршаад үзээрэй.
4. Сэжим бүртгэх газардах хуудас ба форм
Танай сайт руу хэн орж, юу үзсэнийг та мэдэж байна уу? Ихэнх байгууллагын сайт зочныг хүлээн аваад, ямар ч мэдээлэлгүйгээр буцаагаад явуулчихдаг.
Сэжим бүртгэхийн тулд хоёр зүйл хэрэгтэй:
- Газардах хуудас: нэг санал, нэг зорилготой тусгай хуудас. Жишээ нь үнийн санал авах, үнэгүй зөвлөгөө товлох, хөтөч татах.
- Богино форм: нэр, утас, хэрэгцээ. Талбар цөөн байх тусам бөглөх хүн олширдог.
Формоор ирсэн мэдээлэл Excel-д биш CRM-д шууд орж, борлуулалтын ажилтанд мэдэгдэл очдог байх хэрэгтэй. Мөн сайтад Meta Pixel болон Conversions API суулгаснаар сайтад зочилсон хүмүүсээс Custom Audience үүсгэж, тэдэнд Facebook, Instagram-аар дахин хүрч болно.
Холбоотой: Танай бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд
5. Тогтмол шинэчлэгддэг блог, зөвлөгөөний хэсэг
Ихэнх байгууллага зөвлөгөө, мэдээллээ зөвхөн Facebook хуудсаараа хүргэдэг. Facebook-ийн пост тухайн үедээ олон хүнд хүрээд хурдан мартагддаг. Харин вэбсайтад тавьсан сайн нийтлэл хайлтын системд олдсоор, олон жилийн дараа ч шинэ уншигч авчирсаар байдаг.
Одоо үүн дээр нэг шалтгаан нэмэгдсэн. Хүмүүс Google AI Overviews, ChatGPT хайлт зэргээс асуултынхаа хариултыг авдаг болсон. Эдгээр AI хариулт эх сурвалжаа вэбсайтуудаас авдаг. Хэрэглэгчийнхээ асуултад тодорхой хариулсан нийтлэлүүдтэй сайт тэнд дурдагдах боломжтой.
Холбоотой: Бизнесүүд яагаад блог бичих хэрэгтэй вэ?
6. Итгэл төрүүлэх агуулга
Зочин танай сайтад орсон эхний хэдэн секундэд «энэ байгууллага найдвартай юу» гэдгийг шийддэг. Итгэл төрүүлдэг зүйлс:
- Тодорхой мессеж: та юу хийдэг, хэнд зориулсан, яагаад таныг сонгох вэ гэдэг нь нүүр хуудсанд шууд харагдах
- Бодит жишээ: хийсэн ажил, харилцагчийн сэтгэгдэл, бүтээгдэхүүний бодит зураг
- Үнийн мэдээлэл: боломжтой бол үнэ эсвэл үнийн хүрээ
- Холбоо барих мэдээлэл: утас, хаяг, ажлын цаг бүх хуудсанд хялбар олдох
7. Өөрсдөө хялбар засварлах боломжтой байх
Хоёр гурван жилийн өмнө хийлгэсэн сайтдаа жижиг өөрчлөлт оруулах гэхээр яаж засахаа мэдэхгүй, хөгжүүлэгч хайгаад явж байна уу? Энэ бол маш түгээмэл асуудал.
Сайтын агуулгын удирдлагын систем (CMS) нь программистын мэдлэггүй ажилтан ч мэдээ нэмэх, үнэ солих, зураг шинэчлэх боломжтой байх ёстой. Мөн сайтыг хариуцах тодорхой хүн, ихэвчлэн маркетингийн ажилтан томилох нь чухал. Хариуцагчгүй сайт хурдан хуучирдаг.
AI-аар вэбсайтаа хэрхэн сайжруулах вэ?
AI-аар: Нүүр хуудасныхаа текстийг AI-д өгөөд «шинэ зочин үүнийг уншаад юу ойлгох вэ, юу дутуу байна» гэж асуу. Чатбот дээр ирсэн асуултуудыг сар бүр бүлэглүүлж, сайтад ямар мэдээлэл дутагдаж байгааг ол. Блог нийтлэлийн эхний ноорог, түгээмэл асуултын хэсгийг хурдан бэлдэж болно.
Гэхдээ үнэ, нөхцөл, бүтээгдэхүүний мэдээллийн үнэн зөвийг заавал өөрөө шалга. Брэндийн дуу хоолой, сайтын бүтэц, стратегийн шийдвэр хүний ажил хэвээрээ.
Холбоотой: 3D scroll вэбсайт гэж юу вэ? Ямар бизнест хэрэгтэй вэ?
DIMA вэбсайтыг хэрхэн хийдэг вэ
Бид вэбсайтыг маркетингийн системийн нэг хэсэг гэж үздэг. Тиймээс сайт хийхдээ дизайнаас гадна хайлтын системийн оновчлол, AI чатбот, сэжим бүртгэх форм, CRM холболтыг хамт төлөвлөдөг. Хүсвэл энгийн сайтаас гадна 3D ба видео scroll вэбсайт хийж болно. Дэлгэрэнгүйг вэбсайт хийх үйлчилгээ хуудаснаас үзнэ үү.
Танай вэбсайт эдгээр шаардлагыг хэр хангаж байгааг шалгуулмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.