Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · CRM

Танай байгууллага яагаад датанд суурилсан байгууллага болох хэрэгтэй вэ? Дата, AI шинжилгээ, CRM

Танай байгууллага яагаад датанд суурилсан байгууллага болох хэрэгтэй вэ? Дата, AI шинжилгээ, CRM

Байгууллагын менежерүүд мэдрэмж, зөн совин, туршлагадаа тулгуурлан бүх шийдвэрээ гаргадаг байсан цаг саяхан. Хэн илүү мэдрэмжтэй, туршлагатай нь илүү сайн үр дүн үзүүлдэг байв. Сул тал нь тэр туршлагатай менежер компаниас гарахад мэдлэг нь хамт явчихдаг.

Дижитал шилжилтийн дараа энэ арга барил өрсөлдөх чадвараа алдаж байна. Шийдвэр гаргалтын гол цөм нь туршлага, мэдрэмж биш, дата болж хувирсан. Харин өнөөдөр AI нэмэгдсэнээр датагаа ойлгох, дүгнэлт гаргах ажил урьд өмнөхөөс хамаагүй хялбар болсон.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн бөгөөд «Дата бизнест ямар үр өгөөж өгдөг вэ?», «Дата бол 21-р зууны газрын тос» гэсэн хоёр богино нийтлэлийг нэгтгэн шинэчлэв.

Дата бол 21-р зууны газрын тос

Энэ хэллэгийг сонссон байх. Газрын тос түүхий хэлбэрээрээ үнэ цэнэ багатай, боловсруулж байж л хөдөлгүүрийг ажиллуулдаг. Дата ч мөн адил. Цуглуулаад хаячихсан дата юу ч хэлэхгүй. Ангилж, цэгцэлж, дүн шинжилгээ хийж байж л шийдвэрт хэрэгтэй мэдээлэл болдог.

Өдөр тутмын үйл ажиллагаанаас төрөл бүрийн дата үүсдэг: борлуулалт, хэрэглэгчийн асуулт, мессеж, вэбсайтын хандалт, сурталчилгааны үр дүн. Тэр датаг цэгцэлж, дүгнэлт хийх самбартай болсноор:

  • одоо яг юу болж байгааг харах
  • цаашид юу хийвэл дээр вэ гэдгийг таамаглах
  • өөр хувилбаруудыг хурдан туршиж, хурдан алдаж, хурдан засах

боломж нээгддэг.

Дата бизнест ямар үр өгөөж өгдөг вэ?

Датаны өгдөг үр ашгийг гурван түвшинд хуваадаг.

  • Тайлбарлах (descriptive): юу болсныг харуулна. Өнгөрсөн сард хэдэн хүн холбогдсон, аль сувгаас, аль бүтээгдэхүүнийг сонирхсон бэ.
  • Таамаглах (predictive): өнгөрсөн дата дээр тулгуурлан ирээдүйг таамаглана. Аль улиралд эрэлт өсөх, аль сэжим худалдан авах магадлал өндөр вэ.
  • Зөвлөх (prescriptive): юу хийх хэрэгтэйг санал болгоно. Аль сувагт төсвөө нэмэх, хэнд хэзээ залгах вэ.

Өнгөрснийг эргэн санахад мэдрэмж төрдөг ч тухайн үеийн бодит нөхцөлийг бид шууд харж чаддаггүй. Тодорхой хэмжээний дата цуглуулж, түүн дээрээ дүн шинжилгээ хийснээр л бодит байдлыг дүгнэж чадна.

Датанд суурилсан байгууллагын давуу тал

  • Хурдан, итгэлтэй шийдвэр: мэдрэмж тань зөв, буруу байсныг дата хэлж өгнө.
  • Зардал хэмнэлт: туршлагадаа найдаж алдаатай шийдвэр гаргах нь цөөрнө. Ажиллахгүй байгаа сурталчилгаа, сувгаа эрт зогсооно.
  • Зах зээлд хурдан хариу үйлдэл: эрэлт, хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөхийг цагт нь мэднэ.
  • Хэрэглэгчээ ойлгох: сэтгэл ханамж, зан төлөв, хандлага, алдсан болон шинэ боломжоо харна.
  • Мэдлэг хадгалагдана: хэрэглэгчийн түүх нэг хүний толгойд биш, системд үлдэнэ.

Netflix, Amazon зэрэг компаниуд хэрэглэгч бүрт юу санал болгохоо дата дээр тулгуурлан шийддэг нь хамгийн ойлгомжтой жишээ. Гэхдээ энэ зөвхөн том компанийн боломж биш. Жижиг, дунд бизнес ч өөрийн хэмжээнд яг ийм зарчмаар ажиллаж чадна.

Датагаа хэрхэн цуглуулах вэ? CRM

Маркетинг, борлуулалтын датаг цуглуулах гол хэрэгсэл бол CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем. CRM гэдэг нь хэрэглэгч бүрийн мэдээлэл, харилцааны түүх, сонирхол, худалдан авалтыг нэг дор хадгалж, тэр дээрээ дүн шинжилгээ хийх систем. Жишээ нь HubSpot CRM.

Excel, дэвтэр, ажилтан бүрийн утсанд тархсан мэдээлэл дата биш. Нэг дор, нэг бүтэцтэй хадгалагдаж байж л дата болдог.

CRM-д дата хаанаас орж ирдэг вэ:

  • AI чатбот: вэбсайт, Messenger дээр асуусан хүний нэр, утсыг сэжим болгон автоматаар бүртгэнэ
  • Lead form: сурталчилгааны Instant Forms, вэбсайтын бүртгэлийн форм
  • Борлуулалтын ажилтан: уулзалт, дуудлагын тэмдэглэл
  • Мэйл маркетинг: хэн нээсэн, хэн дарсан
  • Вэбсайт: Meta Pixel, Conversions API зэрэг хэмжилтээр сурталчилгааны үр дүнг холбох

Холбоотой: Танай бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд

AI-аар датагаа ойлгох

Өмнө нь дата шинжилгээ хийхэд тусгай мэргэжилтэн, удаан хугацаа шаардагддаг байсан. Одоо AI энэ ажлын ихэнхийг хурдасгадаг.

  • Сарын тайлан: хүрэлт, клик, мессеж, сэжим, борлуулалтын тоогоо хүснэгтээр AI-д өгөөд «юу ажиллаж, юу ажиллахгүй байна, дараа сард юуг өөрчлөх вэ» гэж асуу.
  • Хэрэглэгчийн дуу хоолой: мессеж, коммент, гомдлыг AI-аар бүлэглэж, давтагддаг асуудлыг олох.
  • Сэжмийн эрэмбэ: CRM дахь сэжмүүдээс аль нь илүү бэлэн байгааг ялгах.
  • Таамаглал: өнгөрсөн жилүүдийн борлуулалтаас улирлын хэлбэлзлийг харах.

Гэхдээ AI-ийн дүгнэлт оруулсан датанаас илүү сайн байж чадахгүй. Дата буруу, дутуу байвал дүгнэлт ч буруу гарна. Мөн тоо юу болсныг хэлдэг ч яагаад болсныг бизнесээ мэддэг хүн л тайлбарлаж чадна. Эцсийн шийдвэр, стратеги үргэлж хүний гарт байх ёстой.

Холбоотой: 2026 онд бизнесүүд яагаад AI маркетинг ашиглах ёстой вэ?

Дата ба хувийн нууцын хил хязгаар

Интернэтээр олон жил тархсан нэгэн хошин яриа бий. Хүн пицца захиалахаар залгатал оператор нь түүний өмнөх захиалга, эрүүл мэндийн шинжилгээ, эмийн сангийн худалдан авалт, банкны гүйлгээ, тэр ч байтугай паспортын хугацааг нь хүртэл мэдэж байдаг. Эцэст нь тэр хүн уурлаж «интернэтгүй арал руу явлаа» гэтэл оператор «паспорт тань хугацаа нь дууссан байна» гэж хэлдэг.

Инээдтэй ч гол санааг сайн харуулдаг. Дата хэрэглэгчид тусламж болох ёстой, түүнийг айлгах ёсгүй. Хэрэглэгч өөрөө өгсөн, үйлчилгээг сайжруулахад хэрэгтэй датаг цуглуул. Юу цуглуулж, юунд ашиглаж байгаагаа нууцлалын бодлогодоо тодорхой бич. Итгэл алдагдвал ямар ч дата түүнийг нөхөж чадахгүй.

DIMA дата дээр хэрхэн ажилладаг вэ

Бид маркетингийн ажлаа дата дээр суурилж хийдэг. Суурь багцаар AI чатбот, сэжим бүртгэх систем, шаардлагатай бол CRM-ээ босгож, хэрэглэгчийн дата нэг дор цуглардаг болгоно. Сар бүрийн багцад сарын тайлан, L багцад өсөлтийн дүн шинжилгээ багтдаг. Багц, үнийг эндээс харна уу.

Танай бизнест ямар дата цуглуулж, түүнийгээ хэрхэн шийдвэр болгохыг хамтдаа ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI