Дижитал маркетингаа сайжруулах алхмууд: AI хэрэгсэл ба PlanAI-тай ажиллах нь

Хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн өрсөлдөөн технологийн нөлөөгөөр тасралтгүй өөрчлөгдөж байна. Хэрэглэгч мэдээллээ сошиал сувгаас, хайлтаас, одоо бүр AI туслахаас авч, шийдвэрээ өмнөхөөсөө хурдан гаргадаг болсон. Ийм орчинд зүгээр л пост тавиад, сурталчилгаа явуулаад хүлээх нь хангалтгүй.
Энэ нийтлэлд дижитал маркетингаа сайжруулах таван үндсэн алхмыг тайлбарлаж, алхам бүрийг өнөөдөр AI хэрэгслээр хэрхэн хурдан, оновчтой хийж болохыг нэмж оруулав. Зарчим нь хэвээр, хэрэгсэл нь шинэчлэгдсэн.
1. Дижитал контентоо төлөвлөгөөтэй бүтээж, түгээ
Хэрэглэгчийн өдөр бүр хардаг мэдээллийн урсгал асар их. Тэр дундаас ялгарч гарахын тулд контентоо утга агуулгатай, стратеги төлөвлөгөөтэй хийх хэрэгтэй.
- Персона: хэрэглэгчийн зан төлөвт тулгуурлан гаргасан төлөөлөх дүр. Танай бүтээгдэхүүнийг сонгох болон татгалзах шалтгаан, шийдвэрээ хэрхэн гаргадаг зэргийг багтаана.
- Худалдан авалтын замнал: персона асуудлаа ойлгохоос шийдвэр гаргах хүртэл ямар шатаар явдаг, шат бүрт ямар мэдээлэл хэрэгтэй вэ. Энэ замналд тааруулсан контент урт хугацааны харилцаа үүсгэдэг.
- Түгээх, идэвхжүүлэх: бүтээсэн контентоо зөв сувгаар түгээж, сурталчилгааны хэлбэр, чиглүүлэлтээ оновчлох.
- Сэжим үүсгэх, арчлах: Meta-гийн Instant Forms (lead forms) сурталчилгаа, вэбсайтын форм, чатбот зэргээр сонирхсон хүний мэдээллийг авах. Хэрэглэгч мэдээллээ зүгээр өгдөггүй тул хариуд нь үнэ цэнэтэй зүйл санал болгох хэрэгтэй.
- Дахин чиглүүлэх: контентыг тань үзсэн, вэбсайтад зочилсон хүмүүст дараагийн алхмын контентыг хүргэж, сэжим, улмаар хэрэглэгч болгох.
AI-аар: Персона, улирлын онцлог, борлуулалтын зорилгоо оруулаад сарын контент календарийн ноорог гаргуул. DIMA-гийн PlanAI систем яг үүнд зориулагдсан: Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит зардалд тулгуурлан маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарийг ойролцоогоор 30 минутад гаргадаг.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
2. Вэбсайтаа «амьд» болго
Дижитал маркетингаар борлуулалтаа өсгөхийг зорьж байгаа бол онлайн ертөнцийн цөм болох вэбсайтаа зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй контентоор тогтмол баяжуулж, амьд байлгах хэрэгтэй. Олон байгууллагын вэбсайт зөвхөн компанийн танилцуулгаас бүрдэж, хэрэглэгчийн асуултад хариулдаггүй.
- Түүх өгүүлэх: хоорондоо холбоотой нийтлэлүүдийг дотоод холбоосоор холбож, уншигчийг нэгээс нөгөө рүү хөтөл. Сайтад өнгөрүүлэх хугацаа уртсах тусам худалдан авагч болоход ойртоно.
- Үнэ цэнэтэй мэдээлэл: бүтээгдэхүүний танилцуулгаар уйдаахын оронд хэрэглэгчийн асуудлыг шийдсэн, мэдлэг олгосон блог нийтлэл тавь.
- Татах материал: гарын авлага, темплэйт, танилцуулга, үнийн санал зэргийг холбоотой нийтлэлийн доор байршуулбал зочин сэжим болох замаа эхэлнэ.
- AI хайлтад бэлэн бай: хүмүүс Google AI Overviews, ChatGPT search-ээр хариулт хайдаг болсон тул нийтлэлдээ хэрэглэгчийн бодит асуултад тодорхой хариулт өг.
3. Сошиал медиаг вэбсайт болон CRM-тэй холбо
Сошиал суваг бүр өөр онцлогтой тул контентоо түгээхээсээ өмнө тэр онцлогийг харгалз.
- Facebook, Instagram: Reels, богино видео, карусель, дүрслэлтэй пост. Сайн ажилласан контентоо дахин нийтлэлгүйгээр сурталчилгаагаар дахин идэвхжүүлж болно. Аль хэдийн үзсэн хүмүүсийг хасаж, шинэ хүмүүст чиглүүлэх боломжтой. Уралдаан, шууд нэвтрүүлэг, эвент зэргийг бүтээлчээр ашигла.
- LinkedIn: байгууллагад үйлчилдэг бизнест байгууллагын хуудаснаас илүү багийн гишүүдийн хувийн хаяг олон хүнд хүрэх нь түгээмэл.
- Нэг дороос удирдах: Hootsuite, Buffer зэрэг хэрэгсэл эсвэл CRM-ийн сошиал хэрэгслээр нийтлэлээ урьдчилан төлөвлөж, цаг хэмнэ.
Pixel ба Conversions API. Вэбсайтдаа Meta Pixel, Conversions API суулгавал тодорхой хуудсаар зочилсон, контент уншсан хүмүүсийг тодорхойлж, Ads Manager-т Custom Audience үүсгэн тэдэнд дараагийн контентыг хүргэх боломжтой. Эдгээр хүмүүстэй төстэй шинэ хэрэглэгч олохдоо Lookalike audience ашиглана.
CRM-тэй холбох. Instant Forms сурталчилгаагаар авсан мэдээллийг CRM-тэйгээ холбовол сэжим бүр шууд бүртгэгдэж, хэн хариуцахыг тодорхой болгоно. HubSpot CRM зэрэг систем олон маркетингийн хэрэгсэлтэй код бичилгүйгээр холбогддог.
Холбоотой: Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ?
4. Маркетингаа автоматжуул
CRM ашиглан өдөр тутмын маркетингийн ажлын ихэнхийг автоматжуулж болно: блог, сошиал нийтлэл, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, сегментчлэх, сэжмийн арчилгаа, и-мэйл маркетинг, форм, баннер. HubSpot, Marketo зэрэг нь энэ төрлийн түгээмэл шийдлүүд.
Автоматжуулалтын зайлшгүй хэсэг бол чатбот. Өмнө нь энэ үүргийг цэстэй мессенжер бот гүйцэтгэдэг байсан бол одоо AI чатбот асуултыг ойлгож, хүн шиг ярилцдаг болсон.
- 24/7 хариулт: бүтээгдэхүүн, үнэ, хаяг, ажлын цагийн асуултад шууд хариулна
- Ялгах: худалдан авахаар сонирхож буй хүн үү, одоо байгаа хэрэглэгч үү гэдгийг тодруулна
- Бүртгэх: сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон хадгалж, борлуулалтын ажилтанд мэдэгдэнэ
- Дагах: и-мэйлийн автомат цуваагаар сонирхсон хүнтэй тогтмол холбоотой байна
Холбоотой: Бизнесдээ чатбот ашиглах давуу тал ба боломжууд: цэстэй ботоос AI чатбот хүртэл
5. Борлуулалттай уялдуул
Маркетер зөвхөн контент үйлдвэрлэж, сошиалаар түгээгээд борлуулалтыг тогтвортой өсгөж чадахгүй. Маркетинг, борлуулалтын юүлүүрийг хамтдаа удирдах хэрэгтэй.
Сошиал суваг, вэбсайтын зочдыг сэжим болгож, дараагийн контентоор арчилж, худалдан авалтын замаар нь хөтөлнө. Шийдвэрт ойртсон хүн өөрөө холбогдох нь бий. Харин санаачлага гаргаагүй байгаа боломжит худалдан авагчдыг олж, цаг алдалгүй борлуулалтад шилжүүлэх процесс бий болгох нь борлуулалтыг өсгөдөг.
- MQL (Marketing Qualified Lead): зорилтот сегментэд багтах, контентыг идэвхтэй сонирхсон, тодорхой үйлдэл хийсэн сэжим. Жишээ нь Хан-Уул дүүрэгт 3-4 өрөө байр хайж буй, танай сурталчилгааг хэд хэдэн удаа үзсэн, вэбсайтаар орж хотхоны тухай нийтлэл уншаад танилцуулга татсан хүн.
- SQL (Sales Qualified Lead): борлуулалтын ажилтан холбогдож, үнэхээр худалдан авах боломжтойг баталгаажуулсан сэжим. Үүнээс хэлцэл, улмаар харилцагч болно.
AI-аар: CRM дахь сэжмийн үйлдлүүдийг (үзсэн хуудас, чатбот дээрх асуулт, татсан материал) үндэслэн аль нь борлуулалтад бэлэн болсныг тодруулах, борлуулалтын ажилтанд яриа эхлүүлэх товч мэдээлэл бэлдэхэд AI тусалдаг. Гэхдээ сэжмийг үнэлэх шалгуурыг маркетинг, борлуулалтын багууд хамтдаа тогтоох ёстой.
Холбоотой: Маркетинг, борлуулалтаа хэрхэн уялдуулах вэ?
AI хаана тусалж, хаана хүн хэрэгтэй вэ?
AI төлөвлөгөө, ноорог, дүн шинжилгээ, хариулт, автоматжуулалтыг хурдасгадаг. Харин стратеги, танай бизнесийн онцлог, үнэн зөв тоо баримт, брэндийн дуу хоолой хүний хариуцлага хэвээр. Хэрэгслээ сонгохоос өмнө зорилго, хэрэглэгчээ тодорхой болгосон байх нь хамгийн чухал.
DIMA энэ алхмуудыг хэрхэн хийдэг вэ
Манай ажил хоёр үе шаттай. Эхлээд суурь багцаар зорилтот хэрэглэгч, байр суурь, вэбсайт, AI чатбот, CRM-ээ босгоно. Дараа нь сар бүрийн багцаар контент бүтээж, сувгаа хөтөлж, үр дүнгээ тайлагнана. Багц, үнийг эндээс харж болно.
Танай дижитал маркетингийн аль алхам сул байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.