Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Digital marketing, Social Media Marketing

Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ? Pixel, аудитори, Messenger

Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ? Pixel, аудитори, Messenger

Онлайн дэлгүүрээр нэг бараа үзээд гарсны дараа тэр бараа тань Facebook, Instagram дээр дахин дахин харагдаад байсныг анзаарсан уу? Энэ бол дахин чиглүүлэх маркетинг буюу ремаркетинг. Нэгэнт танайхыг сонирхсон хүнд дахин хүрч, түүнийг буцаан авчрах арга.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн. Зарчим нь хэвээрээ ч хэрэгсэл нь өөрчлөгдсөн: Pixel-ийг Conversions API нөхдөг, зар нь Messenger дээр шууд яриа эхлүүлдэг, хариултыг AI чатбот авдаг болсон. Тиймээс бүх шатыг шинэчилж, бид өөрсдөө хэрхэн ажиллуулдгийг нэмэв.

Яагаад дахин чиглүүлэх хэрэгтэй вэ?

Зочилсон хүн бол сонирхлоо илэрхийлсэн хүн

Таны сайтад санамсаргүй хүн тэр бүр ордоггүй. Жишээ нь манай сайтад маркетинг, борлуулалтын мэдээлэл голдуу байдаг, үйлчилгээ маань бизнес эрхлэгчдэд зориулагдсан. Тиймээс манай сайтаар зочилсон хүн маркетингаа сайжруулах хэрэгцээтэй бизнес эрхлэгч, маркетер байх магадлал өндөр. Ийм хүнд дахин хүрэх нь танихгүй олон нийтэд зар цацахаас хамаагүй илүү үр өгөөжтэй.

Хүмүүс эхний удаад худалдан авдаггүй

Ихэнх хүн анх зочлохдоо шууд худалдан авалт хийдэггүй. Харьцуулж, бусдаас асууж, үнээ бодож байгаад буцаж ирдэг. Энэ хооронд танайхыг мартчихвал өрсөлдөгч тань хожно. Дахин чиглүүлэлт тэр хугацаанд брэндийг тань санагдуулж, шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээллийг хүргэдэг.

Шийдвэр борлуулагчтай уулзахаас өмнө гардаг

Өнөөдөр хэрэглэгч дэлгүүрт ирэх, утсаар залгахаасаа өмнө олон сувгаас мэдээлэл цуглуулж, судалдаг. Google энэ шатыг Zero Moment of Truth буюу “үнэний тэг мөч” гэж нэрлэсэн. Энэ шатанд байгаа хүнд кейс, харьцуулалт, түгээмэл асуултын хариу зэрэг хэрэгтэй контентыг дараалуулан хүргэвэл тэр хүн танай талд шийдэх магадлал нэмэгдэнэ.

Ремаркетинг хэрхэн ажилладаг вэ: сайтад зочилно, пиксель тэмдэглэнэ, авалгүй гарна, зар дахин харна, буцаж ирж авна

Meta Pixel ба Conversions API: дахин чиглүүлэлтийн суурь

Дахин чиглүүлэлт хийхийн тулд хэн танай сайтаар зочилсныг Meta мэдэж байх ёстой. Үүнд хоёр хэрэгсэл ашиглана.

  • Meta Pixel: сайтын хуудас бүрт суулгадаг код. Facebook, Instagram хэрэглэгч аль хуудсаар зочилсон, ямар үйлдэл хийснийг (хуудас үзэх, форм илгээх, сагсанд хийх гэх мэт) бүртгэнэ.
  • Conversions API: ижил мэдээллийг хөтчөөр биш танай серверээс Meta руу илгээдэг. Хөтөч, гар утасны нууцлалын тохиргооноос болж Pixel зарим үйлдлийг барьж чаддаггүй болсон тул хоёуланг нь хослуулах нь зөв.

Pixel-ийг кодоор, эсвэл сайтын платформын бэлэн холболтоор суулгаад, үйлдлүүд зөв бүртгэгдэж байгааг заавал шалгаарай.

Анхаарах зүйл: дахин чиглүүлэх аудитори хангалттай том байхын тулд сайт тань тогтмол хандалттай байх хэрэгтэй. Үүний хамгийн найдвартай арга бол хэрэглэгчийнхээ асуултад хариулсан блог хөтлөх.

Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам

Ямар аудитори үүсгэх вэ?

Ads Manager-т Custom Audience үүсгэхдээ эх сурвалжаар нь вэбсайтаа сонгоод, хэдэн хоногийн доторх зочдыг багтаахаа заана. Вэбсайтын хандалтаар үүсгэх аудиторийн хугацаа одоогоор 180 хоногоос хэтрэхгүй. “Бүх зочид” гэсэн ганц бүлгээр хязгаарлахгүй, сонирхлын түвшнээр нь хуваах нь илүү үр дүнтэй:

  • Тодорхой хуудас үзсэн хүмүүс: хаягт нь тодорхой үг орсон хуудсаар бүлэг үүсгэнэ. Жишээ нь хаягт “/blog/” орсон хуудсыг сонговол блог уншсан хүмүүсийн бүлэг гарна.
  • Нэг хуудсаар орсон ч нөгөөгөөр ороогүй хүмүүс: жишээ нь амжилттай кейсийн хуудсыг уншсан ч үйлчилгээний хуудсаар ороогүй, эсвэл үнийн мэдээлэл үзсэн ч форм илгээгээгүй хүмүүс.
  • Эрт зочилсон ч сүүлд ирээгүй хүмүүс: жишээ нь сүүлийн хагас жилд зочилсон ч сүүлийн сард ороогүй хүмүүс. Тэднийг шинэ контент, саналаар сэргээнэ.
  • Зорилгоо биелүүлсэн хүмүүс: форм илгээсэн, худалдан авсан хүмүүсийг ихэнхдээ хасах нь зөв. Аль хэдийн авсан хүнд нэг зарыг давтан харуулах нь мөнгө үрэх явдал.

Вэбсайтаас гадна Facebook хуудас, Instagram профайл дээр идэвх гаргасан, видео үзсэн, мессеж бичсэн хүмүүсээр ч аудитори үүсгэж болно.

Холбоотой: Фэйсбүүк дээр зорилтот бүлэг буюу Custom Audience хэрхэн үүсгэх вэ?

Аудитори бүрт өөр мессеж

Дахин чиглүүлэлтийн хамгийн түгээмэл алдаа бол бүх зочдод “Манайхаас аваарай” гэсэн нэг ижил зар харуулах. Хүн аль шатанд байгаагаас хамаарч түүнд хэрэгтэй мэдээлэл өөр байдаг.

  • Блог уншсан хүн: асуудлаа дөнгөж ойлгож эхэлсэн. Түүнд хэрэгтэй гарын авлага, богино видео, кейс харуул.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хуудас үзсэн хүн: харьцуулж байна. Түүнд ялгаа, жишээ, түгээмэл асуултын хариу харуул.
  • Үнэ үзсэн ч холбогдоогүй хүн: шийдэхэд ойрхон. Түүнд зөвлөгөө авах, асуулт асуух тодорхой санал харуул.

Messenger-ээр дагах дараалал

Хамгийн халуун бүлэгт зориулсан зарыг вэбсайт руу биш, Messenger руу чиглүүлэх нь илүү үр дүнтэй байх нь элбэг. Click-to-Messenger зар дээр дарсан хүн шууд танай хуудастай яриа эхлүүлнэ. Харин яриа эхэлсэн мөчөөс хариулт хоцорвол зарын бүх зардал дэмий болно. Тиймээс бид дарааллыг ингэж байгуулдаг:

  1. Зар: үнэ үзсэн ч холбогдоогүй хүмүүст асуух зүйлээ шууд бичихийг урьсан Click-to-Messenger зар.
  2. Шууд хариулт: AI чатбот асуултад тэр дор нь хариулж, хэрэгцээг нь тодруулна.
  3. Сэжим бүртгэх: ярианы явцад тохиромжтой үед нэр, утсыг нь эелдгээр асууж, CRM-д сэжим болгон хадгална.
  4. Дагах: Meta-гийн дүрмээр хэрэглэгч сүүлд бичснээс хойш 24 цагийн дотор л чөлөөтэй мессеж илгээж болно. Нэмэлт мэдээлэл, сануулгаа энэ хугацаанд хүргэнэ.
  5. Хүнд шилжүүлэх: шийдвэр гаргахад бэлэн болсон хүнтэй борлуулалтын ажилтан утсаар холбогдож, яриаг дуусгана.

Манай сайтын баруун доод буланд байгаа чат бол яг ийм AI чатбот. Сайтаас ч, Messenger-ээс ч ирсэн асуултад хариулж, сонирхсон хүний мэдээллийг CRM-д бүртгэдэг. Туршаад үзээрэй.

Холбоотой: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?

Дахин чиглүүлэх өөр аргууд

  • Харилцагчийн жагсаалт: CRM дахь и-мэйл, утасны дугаарын жагсаалтаа Meta-д оруулж аудитори үүсгэнэ. Хуучин харилцагчдаа дахин худалдан авалтад урих, эсвэл тэднийг хасаад зөвхөн шинэ хүмүүст зар харуулахад тохиромжтой.
  • Lookalike аудитори: сайн харилцагчидтайгаа төстэй шинэ хүмүүсийг Meta-аар олуулна.
  • Google Ads: танай сайтаар зочилсон хүмүүст Google-ийн сүлжээнд хамрагдсан сайтууд, YouTube дээр зараа харуулж болно.

Холбоотой: Сэжмийн амьдралын мөчлөгөөр борлуулалтаа өсгөх нь

AI энд юу хийж өгөх вэ?

AI-аар: борлуулалтын шатаа тайлбарлаад аудитори бүрт тохирох мессеж, текст, зургийн хувилбаруудыг хурдан гаргуулна. Аудитори бүрийн зардал, мессеж, сэжмийн тоог AI-д өгч, аль нь ажиллаж байгааг олно. AI чатбот сайт, Messenger дээр 24/7 хариулж, сэжим бүртгэнэ.

Гэхдээ хэнийг ямар саналаар буцаан авчрах вэ гэдэг стратеги, үнэ, нөхцөл зэрэг баримт, брэндийн дуу хоолой хүний ажил хэвээр үлдэнэ. Хэт олон давтагдсан, хүнийг мөшгиж байгаа мэт санагдах зар брэндэд хохиролтой гэдгийг ч санаарай.

DIMA дахин чиглүүлэлтийг хэрхэн хийдэг вэ

Бид эхлээд суурийг тавьдаг: хэмжилт, вэбсайт, AI чатбот, CRM. Дараа нь аудиторийг шатаар нь хувааж, шат бүрт тохирсон контент, зар бэлддэг. Суурь багцуудад AI чатбот, сэжим бүртгэх автомат систем, Advanced болон Professional багцад вэбсайт багтдаг бол сар бүрийн L багцад төлбөрт сурталчилгааны төлөвлөгөө ордог. Facebook, Google-д төлөх сурталчилгааны мөнгө багцын үнэд ороогүй, тусад нь тооцно. Багцуудыг эндээс харьцуулж үзээрэй.

Танай сайтад зочилсон хүмүүс хаана алга болж байгааг хамтдаа олмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI