Үнэгүй зөвлөгөө авах
Шинэчилсэн: 2026.10.08 · Social Media Marketing

Фэйсбүүк сурталчилгааны оновчлолууд ба оновчлохын ашиг тус: Advantage+, Pixel, AI креатив

Фэйсбүүк сурталчилгааны оновчлолууд ба оновчлохын ашиг тус: Advantage+, Pixel, AI креатив

Facebook-ийн сурталчилгаанд төсөв гаргаж байгаа ч зар тань зорилтот хүмүүстээ сайн хүрэхгүй, мөнгө нь урсаад үр дүн нь харагдахгүй байна уу? Олон бизнес пост доорх “Boost” товчийг дараад л сурталчилгаагаа явуулдаг. Энэ бол Meta-гийн сурталчилгааны олон боломжийн ердөө нэг нь.

Энэ нийтлэлийг анх 2020 онд бичсэн бөгөөд өнөөдөр бүрэн шинэчиллээ. Тэр үеийн олон гар тохиргоог одоо Meta-гийн AI хийдэг болсон: хэнд харуулах, аль байрлалд гаргах, төсвийг хаана зарцуулахыг Advantage+ шийддэг, креативын хувилбарыг AI үүсгэдэг. Харин зөв өгөгдөл, зөв зорилго, сайн креативыг өгөх нь таны ажил хэвээр. “Фэйсбүүк сурталчилгааны зарим боломжууд” нийтлэлийн хэрэгтэй хэсгүүдийг ч энд нэгтгэв.

1. Суурь: Meta Pixel ба Conversions API

Оновчлол өгөгдлөөс эхэлдэг. Сайтдаа Meta Pixel суулгавал танай сайтаар зочилсон Facebook, Instagram хэрэглэгчид болон тэдний хийсэн үйлдлийг (хуудас үзэх, форм илгээх, худалдан авах) Meta бүртгэнэ. Ингэснээр зочдод дахин зар харуулж, аль зар бодит үр дүн авчирсныг хэмжиж чадна. Мөн Meta хэн форм бөглөж, хэн худалдан авдгийг сурч, тийм хүмүүст зараа түлхүү харуулдаг.

Хөтөч, гар утасны нууцлалын тохиргооноос болж Pixel бүх үйлдлийг барьж чаддаггүй болсон. Тиймээс мэдээллийг серверээс илгээдэг Conversions API-г хамт ашиглах нь зөв.

Холбоотой: Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ?

2. Зорилгоо зөв сонгож, түүгээрээ хэмж

Ads Manager-т кампанит ажил үүсгэхдээ эхлээд зорилгоо сонгоно: олон хүнд таниулах, сайт руу хандуулах, идэвхжүүлэх, сэжим цуглуулах, борлуулалт гэх мэт. Meta-гийн AI таны сонгосон зорилгод хамгийн их үр дүн өгөх хүмүүст зарыг хүргэдэг. Тиймээс зорилго буруу бол оновчлол ч буруу тийш явна.

Үр дүнгээ зорилготойгоо уялдуулж хэмжээрэй:

  • Видео үзүүлэх зар: видеог хангалттай удаан үзсэн хүний тоо
  • Сайт руу хандуулах зар: линк даралт, сайтад хүрсэн хандалт
  • Сэжим цуглуулах зар: бөглөсөн форм, мессежээр үлдээсэн утас
  • Идэвхжүүлэх зар: лайк, коммент, шэйр, хадгалалт

Лайкийн төлөө зар явуулчхаад борлуулалт хүлээх нь хамгийн түгээмэл алдаа.

3. Advantage+: AI-д юуг даатгах вэ?

Advantage+ кампанит ажил зорилтот хэрэглэгч, байрлал, төсвийн хуваарилалтыг AI-аар автоматаар оновчлодог. Гараар хийдэг байсан олон туршилтыг Meta өөрөө хийнэ гэсэн үг.

  • Хэзээ тохиромжтой вэ: Pixel зөв ажиллаж, хангалттай үр дүнгийн өгөгдөл цугласан, зорилго нь тодорхой (сэжим, борлуулалт) үед.
  • Хэзээ гараар хянах вэ: маш тодорхой байршил, бүлэгт (жишээ нь нэг дүүргийн оршин суугчид, өмнөх харилцагчид) хүрэх шаардлагатай эсвэл өгөгдөл хараахан бага үед.

Байрлалын хувьд ч мөн адил. Зар тань Facebook, Instagram-ийн фийд, Reels, Stories, Messenger, мөн Meta-гийн түнш апп, сайтуудын сүлжээ болох Audience Network дээр гарч болно. Байрлалыг Meta-д автоматаар хуваарилуулж, дараа нь аль байрлал ажиллаж байгааг задаргаагаар нь шалгах нь ихэнхдээ хамгийн хялбар зам. Залуу аудиторид хүрэх бол Instagram-ийн байрлалуудыг заавал оруулаарай.

4. Креативаа туршиж, AI-аар хувилбар гарга

Өнөөдөр сурталчилгааны үр дүнд хамгийн их нөлөөлдөг зүйл бол креатив. Зорилтот хүмүүсийг Meta-гийн AI олдог бол тэдний анхаарлыг татах нь зураг, видео, текстийн ажил.

  • A/B туршилт: ижил зарын зураг, гарчиг, текстийн аль нэгийг л өөрчилж, аль хувилбар бага зардлаар илүү үр дүн авчирч байгааг бодит өгөгдлөөр харьцуул. Нэг дор олон зүйл өөрчилбөл юу нөлөөлснийг мэдэхгүй.
  • Advantage+ creative: Meta зураг, текстийг хүн бүрт тохируулан автоматаар өөрчилж, AI-аар хувилбар үүсгэдэг. Хурдан туршихад тустай ч гарсан хувилбаруудыг шалгаж, брэндэд тань нийцэхгүй өөрчлөлтийг унтраагаарай.
  • Олон хэлбэр: нэг санааг Reels, зураг, карусель хэлбэрээр бэлдэж өгвөл Meta байрлал бүрт тохирохыг нь сонгоно.

5. Төсвөө ухаалаг удирд

  • Өдрийн төсөв: олон бизнест өдрийн төсөв нийт хугацааны төсвөөс хянахад хялбар, жигд зарцуулагддаг.
  • Багаар эхэл: Facebook-ийн давуу тал нь бага төсвөөр эхэлж болдог. Хэд хэдэн контентыг бага мөнгөөр туршаад, сайн ажилласныг нь өсгө, ажиллахгүй байгааг нь зогсоо.
  • Байнга бүү оролд: зарыг өдөр бүр өөрчилбөл Meta-гийн алгоритм сурч амжихгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө хэдэн өдөр үр дүн цуглуул.

6. Давтамж ба ядаргааг хян

Нэг хүнд нэг зар хэт олон дахин харагдвал хүмүүс залхаж, үр дүн буурч, мөнгө дэмий зарцуулагдана. Ads Manager-ийн давтамж (frequency) үзүүлэлтийг тогтмол хар. Давтамж өсөхийн хэрээр нэг үр дүнгийн өртөг нэмэгдэж эхэлбэл креативаа шинэчлэх, эсвэл аудиториэ өргөжүүлэх цаг болсон гэсэн үг.

7. Сэтгэгдлээ хяна

Олон хүн пэйж дээрх постынхоо сэтгэгдлийг хардаг ч сурталчилгаан дээр бичигдсэн сэтгэгдлийг анзаардаггүй. Зар дээр сөрөг сэтгэгдэл байвал та түүнийг мөнгө төлж олон хүнд харуулж байна гэсэн үг.

  • Сурталчилгааны сэтгэгдлийг тогтмол шалгаж, асуултад хурдан хариул.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний доголдлоос үүдсэн гомдлыг сонсож, алдаагаа засаж байгаагаа харуул. Алдаагаа хүлээн зөвшөөрдөг компанийг хүмүүс ойлгодог.
  • Үндэслэлгүй, доромжилсон сэтгэгдлийг нууж, устгахаас бүү эргэлз.
  • Сөрөг сэтгэгдэл хэт олон болсон зарыг зогсоож, шинээр хий.

8. Meta сурталчилгааны бусад боломжууд

Boost товчноос гадна Ads Manager-т тэр бүр ашиглагддаггүй ч үр дүнтэй хэд хэдэн боломж бий.

  • Click-to-Messenger зар: зар дээр дарсан хүн шууд танай хуудастай чат эхлүүлнэ. Хариулт хурдан байх тусам үр дүнтэй тул AI чатботтой хослуулах нь зөв.
  • Instant Forms буюу сэжмийн зар: хүнийг сайт руу шилжүүлэлгүй, Facebook дээрээ нэр, утсаа үлдээх боломж олгоно.
  • Custom ба Lookalike аудитори: сайтын зочид, хуудасны идэвх, харилцагчийн жагсаалтаар дахин хүрч, тэдэнтэй төстэй шинэ хүмүүсийг олно.

Messenger-ээр холбогдсон хүмүүст дараа нь мэдээлэл илгээхдээ Meta-гийн мессежийн дүрмийг баримтал. Хэрэглэгч сүүлд бичснээс хойш 24 цагийн дотор л чөлөөтэй мессеж илгээж болдог. Хүний хувийн орон зайд орж байгаагаа санаж, илгээх мессеж бүр тухайн хүнд үнэ цэнтэй байх ёстой.

Холбоотой: Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?

Оновчлол юугаараа ашигтай вэ?

Үр дүнгээ зөв хэмжинэ. Зорилгоо тодорхойлсноор зардал бүр юунд хүргэснийг харж, шийдвэрээ мэдрэмжээр биш баримтаар гаргана.

Зардлаа хэмнэнэ. Задаргааг нас, хүйс, байрлал, төхөөрөмжөөр нь харвал хаана мөнгө дэмий урсаж байгаа нь харагдана. Жишээ нь нэг зар гар утсанд сайн ажиллаж, компьютер дээр бараг үр дүнгүй байж болно. Тэгвэл төсвөө үр дүнтэй хэсэг рүү шилжүүлнэ.

Үр өгөөжөө өсгөнө. Туршилт бүрээс сурсан зүйлээ дараагийн зардаа шингээснээр ижил төсвөөр илүү олон сэжим, борлуулалт авах боломж нэмэгдэнэ.

AI-аар хэрхэн дүн шинжилгээ хийх вэ?

Ads Manager-ээс сарын тайлангаа хүснэгтээр татаад AI-д өгч “аль зар, аль аудитори, аль байрлал хамгийн бага өртгөөр үр дүн авчирсан бэ, юуг зогсоож, юуг өсгөх вэ” гэж асуу. Дүн шинжилгээнд зарцуулах цаг эрс багасна. Гэхдээ AI танай ашгийн хэмжээ, нөөц, улирлын онцлогийг мэдэхгүй. Эцсийн шийдвэр, стратеги хүний ажил хэвээр.

Холбоотой: Фэйсбүүк маркетингийн практикт шалгарсан 5 арга

DIMA сурталчилгааг хэрхэн оновчилдог вэ

Professional багцад Performance Ads стратеги, сар бүрийн L багцад төлбөрт сурталчилгааны төлөвлөгөө, өсөлтийн дүн шинжилгээ багтдаг. Бид хэмжилтийн суурийг зөв тавьж, креативыг тогтмол туршиж, сар бүр тоогоор нь тайлагнадаг. Facebook, Google-д төлөх сурталчилгааны мөнгө багцын үнэд ороогүй, тусад нь тооцно. Багцуудыг эндээс харна уу.

Танай сурталчилгааны төсөв хаана дэмий урсаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.

0 уншсан
PlanAI · дараагийн алхам

Маркетингийн төлөвлөгөөгөө 30 минутад гаргаж үзээрэй.

PlanAI нээх Үнэгүй зөвлөгөө авах
ХаягАлтай билдинг 204 тоотСүхбаатар дүүрэг, 1р хороо, Улаанбаатар
Утас7211 9211
Мэйлinfo@dima.mn
Фэйсбүүкdigitalmarketingmongolia
Ажлын цагДаваа-Баасан, 09:00-18:00
Хариу өгөх хугацааАжлын 1 өдрийн дотор
ХэрэгсэлPlanAI