Үл хөдлөх хөрөнгийн салбарын маркетингийг хэрхэн хийх вэ? Видео, 3D сайт, AI чатботоор сэжим татах

Орон сууц бол ихэнх гэр бүлийн амьдралдаа хийх хамгийн том худалдан авалт. Ийм шийдвэрийг хэн ч нэг сурталчилгаа хараад гаргадаггүй. Хүмүүс удаан хугацаанд хайж, судалж, харьцуулж байж сонголтоо хийдэг.
Тэр судалгааны ихэнх хэсэг одоо онлайнаар явагддаг. Байршил, төлөвлөлт, цонхны харц, ашиглалтад орох хугацаа, зогсоол, төлбөрийн нөхцөл гээд олон асуултын хариуг хүмүүс вэбсайт, сошиал хуудас, видеоноос хайдаг. Борлуулалтын албанд залгах үед шийдвэрээ бараг гаргачихсан байх нь элбэг.
Тиймээс үл хөдлөх хөрөнгийн маркетингийн гол асуулт бол «Хэдэн хүнд хүрэх вэ?» биш, «Судалж байгаа хүнд хэрэгтэй мэдээллийг хэрхэн өгч, түүнийг сэжим болгон барьж авах вэ?» гэдэг юм. Энэ нийтлэлд орон сууцны төсөл дээр маркетингаа хэрхэн үр дүнтэй хийх тухай алхам алхмаар тайлбарлая.
Яагаад уламжлалт сурталчилгаа хангалтгүй болсон бэ?
Телевиз, FM-ийн сурталчилгаа хүмүүсийг хүсээгүй үед нь мессежээр «булдаг». Хүмүүс сурталчилгааг гүйлгэж, алгасаж сурсан. Залуу үеийнхний ихэнх нь телевиз бараг үздэггүй.
Харин инбаунд буюу татах маркетинг эсрэгээр ажилладаг. Хэрэглэгчийн асуултад хариулсан контентоор түүнийг өөр рүүгээ татаж, итгэлийг нь олж, худалдан авалтын шат бүрт хажууд нь байдаг. Үл хөдлөх хөрөнгө шиг урт хугацаанд судалж шийддэг бүтээгдэхүүнд энэ арга хамгийн сайн тохирдог.
«Хамгийн шилдэг», «VIP», «манлай» гэх үгс үнэ цэнээ алдсан. Худалдан авагчид магтаал биш, бодит мэдээлэл хэрэгтэй.
Холбоотой: Инбаунд болон уламжлалт маркетингийн ялгаа
1. Худалдан авагчийнхаа персонаг тодорхойл
Хамгийн түрүүнд танай байрыг хэн авах вэ гэдгийг тодорхой болго. Залуу гэр бүл анхны байраа авч байна уу, том гэр бүл томсгож байна уу, хөрөнгө оруулалт хийж байгаа хүн үү? Тэд юунд санаа зовдог, ямар шалгуураар сонгодог, ямар төлбөрийн нөхцөл хайдаг вэ?
Ганц персона хангалтгүй. Нэг төсөл дээр хоёр, гурван өөр бүлэг худалдан авагч байх нь түгээмэл. Бүлэг бүрт тусад нь персона гаргаж, мессежээ тохируул.
AI-аар: Борлуулалтын албанд ирсэн асуулт, Messenger-ийн мессеж, уулзалтын тэмдэглэлээ цуглуулаад AI-д өгч «давтагддаг асуулт, санаа зовнил, сонголтын шалгуурыг бүлэглэ» гэж даалга. Персонаг зохиомлоор биш, бодит худалдан авагчийн үгнээс гарга. Дүгнэлтээ борлуулалтын багтайгаа заавал тулгаж шалгаарай.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
2. Худалдан авалтын замналд тохирсон контент төлөвлө
Байр авах гэж буй хүн ерөнхийдөө дараах шатыг туулдаг.
- Хэрэгцээгээ тодорхойлох: одоогийн сууцаа солих эсвэл шинээр авах хэрэгцээ үүсч, санхүүгийн боломжоо тооцоолж, байршил, дүүргээ сонгоно. Найз нөхдөөсөө асууж, интернэтээр хайж эхэлнэ.
- Судлах: сонгосон байршлын хотхон, барилгын компаниудын вэбсайт, сошиал хуудас, зуучлагчдаас ашиглалтад орох хугацаа, ерөнхий төлөвлөлт, нарны тусгал, сургууль цэцэрлэгтэй ойр эсэх, аюулгүй байдал зэргийг судална.
- Харьцуулах: байршил, барилгын чанар, орчныг биеэр очиж үзэж, цонхны харц, материал, м2 сонголт, зогсоол, урамшууллын нөхцөлийг харьцуулна.
- Сонгох, гэрээ байгуулах: хэлцэл хийж, гэрээ байгуулна.
Маркетингийн гол талбар бол судлах ба харьцуулах шат. Сонгох, гэрээ байгуулах шат илүү борлуулалтын албаны ажил. Хамгийн их алддаг хэсэг нь энэ хоёрын дунд: маркетинг сонирхсон хүнийг авчирсан ч борлуулалт руу цагтаа шилжүүлж чадахгүй байх.
Funnel-ийн хэлээр бол маркетинг үнэлсэн сэжим (MQL), борлуулалт үнэлсэн сэжим (SQL) гэсэн хоёр шатыг олон компани алгасдаг. Шинэ сэжим ихэнхдээ худалдан авахад бэлэн биш байдаг. Түүнийг алгуур бэлтгэж, бэлэн болсон үед нь борлуулалтад шилжүүлэх хэрэгтэй.
Холбоотой: Marketing funnel гэж юу вэ? Монгол бизнесүүдийн алдаж байгаа 90% хэрэглэгч
3. Байраа «үзүүлдэг» контент бүтээ
Үл хөдлөх хөрөнгө бол харагдах байдлаараа зарагддаг бүтээгдэхүүн. Тиймээс текстээс илүү харуулдаг контент чухал.
Видео контент
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад видео дэлхий даяар хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг болсон. Сошиал сувагт видео нь зураг, текстээс илүү анхаарал татдаг.
- Reels, богино видео: загварын байрны аялал, цонхны харц, хотхоны орчныг богино хэлбэрээр
- Дрон бичлэг: байршил, ойр орчны дэд бүтэц, хотын аль хэсэгт байгааг нэг дор
- Барилгын явцын видео: ашиглалтад орох хугацааны талаарх итгэлийг нэмнэ
- Түгээмэл асуултын видео: төлбөрийн нөхцөл, ипотек, гэрээний алхмыг энгийнээр тайлбарласан
Холбоотой: Видео контент
3D ба видео scroll вэбсайт
Худалдан авагчид загварын байрны өрөө тус бүрийн зураг, 3D, 360 зураглал, дрон бичлэгийг онлайнаар үзэх боломжтой байх нь цаг хэмнээд зогсохгүй, биеэр очиж үзэхээс өмнө итгэл төрүүлдэг. 3D ба видео scroll вэбсайт үүнийг дараагийн түвшинд гаргадаг: гүйлгэх тусам барилга, байр, орчин нь хөдөлж, задарч харагдана. Ийм сайт төслийг өрсөлдөгчдөөс тод ялгаруулдаг.
Холбоотой: 3D scroll вэбсайт гэж юу вэ? Ямар бизнест хэрэгтэй вэ?
Блог ба хайлт
Хүмүүс «ипотекийн зээл хэрхэн авах вэ», «шинэ байр авахдаа юуг шалгах вэ» гэх мэт асуултыг Google, ChatGPT зэрэг AI туслахаас хайдаг. Ийм асуултад хариулсан блог нийтлэл танай төслийг судалгааны эхний шатанд л харагдуулдаг. Хайлтаас ирсэн хүн асуудлаа ойлгочихсон, шийдэл хайж байгаа тул чанартай сэжим болдог.
Контент бүрийн төгсгөлд дараагийн алхмыг тодорхой хэл: загварын байраар зочлох цаг авах, үнийн жагсаалт татах, чатботоос асуух гэх мэт.
Холбоотой: Бизнесүүд яагаад блог бичих хэрэгтэй вэ?
4. Вэбсайтаа төслийн төв болго
Сошиал хуудас дээр пост тавилаа гээд зорилтот худалдан авагчид хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Вэбсайт бол төслийн тухай бүх мэдээллийг хамгийн бүрэн хүргэж, сэжим татдаг гол хэрэгсэл. Сурталчилгаа, пост, видео бүгд эцэст нь вэбсайт руу хүргэх ёстой.
Сайн төслийн вэбсайтад байх зүйлс:
- байрны төрөл, м2, төлөвлөлтийн зураг
- байршил, ойр орчны дэд бүтэц
- барилгын явц, ашиглалтад орох хугацаа
- төлбөрийн нөхцөл, түгээмэл асуулт
- зочлох цаг авах, үнийн санал авах товч
5. Сонирхсон хүнийг AI чатботоор барьж ав
Орой 22 цагт байр сонирхсон хүн Messenger-ээр «2 өрөө байр үлдсэн үү?» гэж бичлээ. Маргааш өглөө хариулахад тэр хүн өөр гурван төслөөс аль хэдийн хариулт авчихсан байна.
AI чатбот энэ завсрыг хаадаг. Вэбсайт болон Messenger дээр 24/7 хариулж, байрны төрөл, үнэ, төлбөрийн нөхцөлийн талаарх асуултад шууд хариулна. Сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэнэ.
Чатботоор дараах ажлыг хийж болно:
- Мэдээлэл хүргэх: хотхоны төлөвлөлт, нарны тусгал, тагт, материал, зогсоол, барилгын явцын мэдээг дэс дараалалтай илгээх
- Цаг товлох: загварын байраар зочлох цаг авах, товлосон цагийг сануулах
- Сэжим ялгах: аль байрны төрөл, ямар төсөв, хэзээ авах төлөвлөгөөтэйг асууж, борлуулалтын ажилтанд бэлэн мэдээлэл өгөх
Click-to-Messenger сурталчилгаа ажиллуулж байгаа бол чатбот заавал хэрэгтэй. Сурталчилгаанаас ирсэн мессеж бүрт хурдан хариулахгүй бол сурталчилгааны төсөв дэмий үрэгдэнэ.
Холбоотой: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?
6. Сэжмээ CRM-д арчилж, борлуулалт болго
Сэжим авах нь эхлэл. Байр авах шийдвэр удаан гардаг тул тэр хугацаанд сэжимтэйгээ холбоотой байх хэрэгтэй.
Үүнд хэрэгтэй контент санал болго: үнийн жагсаалт, төлбөрийн нөхцөлийн тайлбар, ипотекийн мэдээлэл, барилгын явцын шинэ мэдээ. Түүнийг авахын тулд хэрэглэгч нэр, утас, и-мэйлээ үлдээнэ. Сурталчилгаан дээр Instant Forms буюу lead form ашиглаж ч болно.
Сэжмийн арчилгаа хэдэн шаттай:
- Анзааруулах: асуудал, боломжийг нь ойлгуулах
- Итгэл төрүүлэх: хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө өгөх
- Шийдвэрт туслах: харьцуулалт, жишээ, түгээмэл асуултаар
- Холбоо тогтоох: зочлох, уулзах урилга
- Борлуулалт руу шилжүүлэх: бэлэн болсон үед нь борлуулалтын ажилтанд хүлээлгэн өгөх
Энэ бүхнийг CRM систем дээр нэг дор хөтөлбөл аль сэжим аль шатанд байгаа, хэн хариуцаж байгаа, хэнд хэзээ залгах вэ гэдэг нь тодорхой харагдана. Маркетинг, борлуулалт хоёр нэг мэдээлэл дээр ажиллана.
Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ?
7. Үр дүнгээ хэмжиж, сайжруул
Сар бүр дараах асуултад хариул:
- Аль контент хамгийн олон хүнд хүрсэн бэ?
- Аль төрөл (видео, Reels, блог) илүү үр дүнтэй байна вэ?
- Аль суваг хамгийн их сэжим авчирч байна вэ?
- Ямар контент үзсэн хүмүүс зочлох цаг авч байна вэ?
- Хэдэн сэжим хэлцэл болж, хэд нь гэрээ байгуулсан бэ?
AI-аар: Сарын тоон мэдээллээ (хүрэлт, мессеж, сэжим, зочилт, гэрээ) AI-д өгөөд «юу ажиллаж, юу ажиллахгүй байна» гэж асуу. Дүн шинжилгээнд зарцуулах цаг эрс багасна. Гэхдээ стратеги, үнэ, гэрээний нөхцөлтэй холбоотой шийдвэр, баримтын нарийвчлал үргэлж хүний гарт байх ёстой.
DIMA үл хөдлөх хөрөнгийн маркетингийг хэрхэн хийдэг вэ
Бид төслийн маркетингийг хоёр үе шаттай хийдэг. Эхлээд систем босгоно: худалдан авагчийн персона, funnel, вэбсайт эсвэл 3D ба видео scroll сайт, AI чатбот, CRM. Дараа нь түүнийг сар бүр контент, Reels, видео, сурталчилгааны төлөвлөгөө, тайлангаар ажиллуулна. Салбарын шийдлийг энд, багц, үнийг энд харж болно.
Танай орон сууцны төсөл хаана сэжим алдаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.