Сошиал медиа маркетинг эхлэхэд баримтлах эхний алхам: суваг сонгохоос CTA хүртэл

Сошиал медиа хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсонтой адил бизнесийн хувьд ч заавал байх маркетингийн суваг болсон. Гэвч шинээр эхэлж буй бизнес эрхлэгчид ихэвчлэн ижил асуултанд гацдаг: аль платформыг сонгох вэ, юу постлох вэ, хэр олон удаа, хэн хариуцах вэ?
Хамгийн түгээмэл алдаа бол бүх сувагт нэг дор хаяг нээгээд, хэдэн долоо хоногийн дараа бүгдийг нь орхих явдал. Эхний алхмаа зөв тавьбал бага нөөцөөр ч тогтвортой үр дүн гаргаж болно. Доорх алхмууд тэр суурийг тавихад тусална.
1. Зорилгоо тодорхойл
Сошиал медиагаар юу хүсэж байгаагаа эхлээд нэг өгүүлбэрээр бич. Брэндээ таниулах уу, мессежээр захиалга авах уу, вэбсайт руу хүн оруулах уу, ажилтан элсүүлэх үү? Зорилго өөр бол контент, суваг, хэмжүүр бүгд өөр болно.
Дараа нь хэнд ярих гэж байгаагаа тодорхойл. Танай хамгийн сайн хэрэглэгч хэн бэ, ямар асуудалтай, ямар үгээр ярьдаг вэ? Энэ хоёр асуултын хариулт бол бүх төлөвлөгөөний суурь.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
2. Хамгийн чухал сувгаас эхэл
Бүх сошиал сүлжээг ашиглах боломжтой ч бизнесийн онцлогоос шалтгаалж зарим нь тохиромжгүй байдаг. Заримдаа аль сувгийг сонгохгүй байхаа шийдэх нь хамгийн хялбар арга.
Яагаад цөөн суваг илүү үр дүнтэй вэ? Сонгосон суваг бүртээ тогтмол чанартай контент гаргаж, коммент, мессежид өдөр бүр хариулах шаардлагатай болдог. Хоёр сувгийг сайн хөтлөх нь таван сувгийг хагас дутуу хөтлөхөөс хамаагүй дээр.
- Facebook: Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг, мессежээр худалдаа хийхэд тохиромжтой
- Instagram: дүрслэл чухал салбар (хоол, гоо сайхан, хувцас, аялал), Reels
- TikTok: залуу хэрэглэгч, богино видео бүтээх чадвартай бол
- LinkedIn: байгууллагад үйлчилдэг (B2B) бизнес, ажилтан элсүүлэх
Монголчууд аль платформыг хэр идэвхтэй ашигладгийг Монголчуудын сошиал медиа хэрэглээ нийтлэлээс уншаарай.
3. Профайлаа «борлуулалтын цэг» болгож бэлд
Хэрэглэгч таны пост хараад профайл руу орж ирэхэд юу харах вэ? Олон бизнесийн пэйж хоосон, хуучирсан мэдээлэлтэй байдаг. Пост хэдий сайн байсан ч профайл итгэл төрүүлэхгүй бол хүн мессеж бичихгүй.
- Нэр ба лого: бүх сувагт ижил, танигдахуйц
- Танилцуулга: юу хийдэг, хэнд, юугаараа ялгаатайг нэг хоёр өгүүлбэрээр
- Холбоо барих: утас, хаяг, ажлын цаг, вэбсайтын линк
- Үндсэн товч: «Мессеж илгээх», «Залгах» зэрэг дараагийн алхмыг тодорхой болгох
- Онцлох пост, Highlights: үнэ, түгээмэл асуулт, хэрэглэгчийн сэтгэгдэл
4. Тогтвортой байдал маш чухал: контентын төлөвлөгөө гарга
Сошиал медиад тогтвортой байдал чухал биш, бүр «маш их чухал». Хоёр долоо хоног идэвхтэй, нэг сар чимээгүй байвал алгоритм ч, хэрэглэгч ч таныг мартана. Тиймээс сайн төлөвлөхгүйгээр эхлэхгүй байсан нь дээр.
Төлөвлөгөөнд дараах зүйлс орно: сард хэдэн пост, хэдэн Reels гаргах, ямар сэдвүүдийг ээлжлэх, улирлын болон баярын онцгой үеүүд, хэн хариуцах. Эхлэхэд манай 2026 Social Media Calendar Template хэрэг болно.
AI-аар: DIMA-гийн PlanAI систем маркетингийн мэдлэг шаардахгүйгээр ойролцоогоор 30 минутад маркетингийн төлөвлөгөө, кампанит ажлын хуваарь гаргадаг. Монгол хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, улирлын эрэлт, баяр ёслол, сувгийн бодит зардалд тулгуурладаг тул эхлэгч бизнест цагийг ихээхэн хэмнэнэ.
5. AI-аар контентоо хурдасга, гэхдээ өөрийнхөөрөө үлд
Эхний ноорог, гарчгийн хувилбар, Reels-ийн скрипт, постын санааг AI маш хурдан гаргана. Canva-гийн AI боломжоор зураг, загвараа хурдан бэлдэж болно. Энэ нь жижиг багт хамгийн их тус болдог хэсэг.
Харин тоо баримт, үнэ, жишээг өөрөө шалгаж, брэндийнхээ өнгө аясаар засаж бич. Засварлаагүй AI текст хүйтэн, нэг хэвийн сонсогддог, хэрэглэгч үүнийг хурдан мэдэрдэг.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
6. Зориг гарга, бодит бай
Сошиал сүлжээнд бусдаас ялгарахын тулд заримдаа зоригтой, ердийн биш постууд хийх хэрэгтэй. Мэдээж энэ нь танай салбартай нийцэж, бодит мэдээлэл дээр тулгуурласан байх ёстой. Ажлын өрөөний ард тал, алдаанаасаа суралцсан түүх, эзний өөрийн бодол зэрэг үнэнч контент хүмүүст ойр дотно мэдрэмж төрүүлж, буцаад бизнест тань эерэг нөлөө үзүүлдэг.
7. Пост бүрт дараагийн алхам (CTA) тавь
Сошиал медиагийн зорилго бол лайк биш, холбоо тогтоох. Пост бүрт уншсан хүн юу хийхийг тодорхой хэл: «Мессежээр үнэ асуух», «Цаг захиалах», «Вэбсайтаас дэлгэрэнгүй үзэх». CTA-гүй пост хэдий олон хүнд хүрсэн ч борлуулалт руу хөтлөхгүй.
Мессеж ирэхэд хурдан хариулах нь CTA-гийн нөгөө тал. AI чатбот асуултад 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д сэжим болгон бүртгэдэг тул эхлэгч бизнест ч оройтож хариулснаас болж хэрэглэгч алдахгүй байх боломж олгоно.
Холбоотой: Танай бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд
8. Сар бүр хэмжиж, засаж сайжруул
Нэг сарын дараа дараах асуултад хариул: аль пост хамгийн олон хүнд хүрсэн бэ, аль нь мессеж, захиалга авчирсан бэ, аль сувгаас хамгийн их хүн холбогдсон бэ? Ажилласныг нь давтаж, ажиллаагүйг нь өөрчил. Тоон мэдээллээ AI-д өгөөд дүгнэлт гаргуулж болно, гэхдээ шийдвэрийг өөрөө гарга.
Хэрэв Facebook-ийг гол сувгаа болгосон бол Фэйсбүүк маркетингийн практикт шалгарсан 5 арга болон Фэйсбүүк дээр яагаад дахин чиглүүлэх маркетинг хийх хэрэгтэй вэ? нийтлэлүүдтэй танилцаарай.
Сошиал медиагаа зөв эхлүүлэхэд тусламж хэрэгтэй бол үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.