Сонгуулийн маркетинг

Энэ нийтлэлийг 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө бичсэн бөгөөд дотор нь 2016-2017 оны мэдээлэл ашигласан. Түүхэн тэмдэглэл болгон хадгалав. Аливаа сонгуулийн үйл ажиллагаа тухайн үед мөрдөгдөж буй сонгуулийн хуулийн хүрээнд явагдах ёстойг анхаарна уу.
Энэ нийтлэлд сонгуулийн кампанит ажлыг удирдаж буй менежер, багийн гишүүдэд зориулж маркетингийн хамгийн энгийн ойлголтуудыг нэгтгэлээ. Ажлаа хэрхэн төлөвлөх, судалгааны үр дүнд юуг анхаарах, стратеги, тактикаа хэрхэн боловсруулах, гүйцэтгэлээ хэрхэн хийх, сонгогчдын сэтгэл зүйг хэрхэн ойлгох тухай өгүүлнэ.
Мэдээж хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол судалгаа.
1. Судалгаа
Монголчуудын сонголтод юу нөлөөлж, хэзээ шийдвэрээ гаргадаг вэ?
2016 оны сонгуулийн үеийн судалгаагаар санал өгсөн сонгогчдын олонх нь сонголтоо сонгуулийн сард буюу зургадугаар сард хийсэн байна. Нэлээд хэсэг нь сонгуулийн сар эхлэхээс өмнө шийдсэн бол зарим нь санал өгөх өдрөө шийдсэн гэжээ.
2016 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын насны мэдээллээс сонирхолтой дүгнэлт хийж болно. Ахмад насныхны ирц хамгийн өндөр байсан бол 18-30 насны залуучуудын санал өгсөн тоо бусад насны бүлгээс бага байв.
«Сант марал» сан жил бүр хийдэг «Улс төрийн барометр» ээлжит судалгаагаа 2017 оны гуравдугаар сард явуулсан. Тус судалгаанд оролцогчдын 56.9 хувь нь аль нэг намыг дэмждэг үү гэсэн асуултад «Үгүй» гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл сонгогчдын томоохон хэсэг нь хөвөгч сонгогчид буюу аль нэг намыг тогтмол дэмждэггүй хүмүүс гэж харж болно.
Хөвөгч сонгогчдын дунд залуус олон байдаг бөгөөд тэд сонголтоо санал өгөх байранд очсон хойноо ч хийх магадлалтай. Эндээс энгийн дүгнэлт гарна. Хөвөгч сонгогчид, тэр дундаа залуучуудын анхаарлыг татахын тулд нэр дэвшигчээ зөвөөр таниулах, бусдаас ялгаруулах, зорилтот сегмент, персонагаа тодорхойлж, тэдний сонирхолд нийцсэн мессеж хүргэх нь давуу тал үүсгэнэ.
Холбоотой: Миллениалууд болон Generation Z үеийн залуусын ялгаа
Хамгийн эхэнд ямар судалгаа хийх вэ?
Гарааны судалгаа (кампанит ажил эхлэхээс өмнө):
- Нэр дэвшигчийн хувийн рейтингийн судалгаа
- Нам, эвслийн рейтингийн судалгаа
- Сонгогчдын хүсэлд нийцсэн улс төрч байхын тулд юуг анхаарах вэ гэсэн PR, имиж бүрдүүлэлтийн судалгаа
- Сонгогчдын улс төрийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зан төлөвийн судалгаа
Явцын судалгаа (кампанит ажил ид өрнөж байх үед):
- Нэр дэвшигчийн хувийн рейтингийн судалгаа
- Нам, эвслийн рейтингийн судалгаа
- Мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа сонгогчдын санаа бодолд хэрхэн нөлөөлж байгаа нөхцөл байдлын судалгаа
- Хөвөгч сонгогчдын судалгаа: дээрх 2016, 2017 оны судалгаанаас харахад сонгогчдын томоохон хэсэг шийдвэрээ сүүлд гаргадаг тул энэ бүлгийг тусад нь судлах нь чухал
2. Судалгааны үр дүн: сегмент, таргет, персона
Судалгаанаас олон үр дүн гарна. Хамгийн гол нь сонгогчдыг сонирхол, нас, оршин суугаа газар зэргээр боломжтой бүх сегментэд хуваах явдал. Дараа нь сегмент бүрд нөлөөлдөг нийтлэг хүчин зүйлийг олж, ямар контентыг аль сувгаар хэрхэн хүргэхээ тодорхойлно.
Сегментийг дотор нь персона дүрээр хуваавал шийдвэр гаргах, стратеги, тактик боловсруулахад илүү хэрэгтэй.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
Жишээ нь АНУ-ын томоохон улс төрийн кампанит ажлууд сонгогчдыг сонирхлоор нь маш олон жижиг бүлэгт хуваадаг. Оёдол сонирхдог, покер тоглодог, хөлбөмбөг сонирхдог гэх мэт бүлэг бүрт хүрэх тусдаа суваг тодорхойлж, тэдэнтэй тасралтгүй эргэх холбоотой ажилладаг. Сошиал медиа, бизнесийн хэвлэл, ерөнхий телевиз гээд бүлэг бүрд тохирох сувгийг сонгодог.
3. Стратеги, тактик, холимгийг зөв тодорхойлох
Хамгийн түрүүнд сэдвээ зөв сонго. Яг юу хийх вэ гэдгээ шийд. Эхний сэдэв буруу бол бусад бүх зүйл үр дүнгүй болно.
Гол мессежээ зөв тодорхойлоод, дараа нь түүнийгээ жижиг хэсгүүдэд задал. Тэдгээр нь судалгааны үр дүнтэй нийцэж байх ёстой. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгийн нарийн хэсгүүд нь баримтлах стратеги, сэдэв болж хувирна.
- Уриа үг: кампанит ажлын уриа маш чухал.
- Хоногшил: сонгогчдын санаанд үлдэх дүр төрх, төсөөлөл.
- Ялгарал ба байршил: эхлээд бусдаас юугаараа ялгарахаа тогтоо, дараа нь түүнийгээ сонгогчдын сэтгэлд байршуул. Ялгарч, байршсан зүйл брэнд болдог бөгөөд брэнд хүний сэтгэл зүйтэй холбоотой. Нэр дэвшигчийг сонгогчдын сэтгэлд хэрхэн байршуулахаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлө.
Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?
4. Гүйцэтгэл
Сошиал медиа хүчтэй ч уламжлалт сувгийг зөв ашиглавал үр ашигтай хэвээр. Учир нь сегмент бүрд тохирсон сувгийг сонгох ёстой. 2016 оны сонгуулийн мэдээллээс харахад хамгийн идэвхтэй санал өгдөг хэсэг нь 45-аас дээш насныхан буюу X үе болон бэби бүүмерүүд байв. Тэд телевиз, сонин, сэтгүүл, радио зэрэг уламжлалт сувгаас мэдээлэл авдаг бөгөөд сонгуулийн үр дүнд чухал байр суурь эзэлдэг.
Дижитал болон инбаунд маркетингийг сонгуульд хэрхэн ашиглах вэ?
- Контент маркетинг: зорилтот үзэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн үнэ цэнтэй агуулга бүтээж, түгээх замаар тэднийг тодорхой үйлдэлд хөтлөх арга.
- Видео контент: видео аль хэдийн бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Мөрийн хөтөлбөрөө ойлгомжтой, богино видеогоор хүргэ.
- Сошиал медиа маркетинг: сошиал медиа хүмүүсийн амьдралын томоохон хэсэг болсон тул сонгуульд заавал байх ёстой суваг.
- Чатбот: мессежийн платформоор сонгогчидтой 24/7 харилцаж, мэдээлэл өгөх, асуулт хариулах, санал хүсэлт хүлээн авах боломжтой.
- Инбаунд маркетинг: боломжит сонгогчдыг контентоор татах, холбоо тогтоох, сонголтод нь мэдээллээр туслах үе шаттай аргачлал.
- Нөлөөллийн маркетинг: урьд нь нэр дэвшигчид олны танил хүмүүсийг түлхүү ашигладаг байсан бол одоо сонгогчид үе тэнгийнхнийхээ нөлөөнд илүү ордог болсныг анхаарах хэрэгтэй.
- Нэр дэвшигчийн вэбсайт: мөрийн хөтөлбөрөө илүү олон хүнд хүргэх, сонгогчидтой холбоо тогтоох суурь суваг.
Анхааруулга: хуурамч хаяг, худалдаж авсан дагагч, механик аргаар «идэвх» үүсгэх зэрэг үйлдэл платформын дүрмийг зөрчиж, итгэлийг унагадаг тул бид үүнийг зөвлөдөггүй.
Судалгаагаа хийчихлээ, рейтингээ тодорхойлчихлоо, сонгогчдын зан төлөвийг гадарлачихлаа, стратеги, тактикаа боловсруулж, гүйцэтгэлээ төлөвлөчихлөө. Ингээд болох уу? Үгүй. Сонгогчдынхоо сэтгэл зүйг сайн ойлгохгүй бол гүйцэтгэл дээрээ сайн ажиллаж чадахгүй. Тиймээс дараах үндсэн сэтгэл зүйн зарчмуудыг мэдэх нь чухал.
5. Нөлөөллийн буюу сонгогчдын сэтгэл зүй
Бид олон үйлдлээ автоматаар, бодолгүйгээр хийдэг. Дадал зуршлын тусламжтай хамгийн богино хугацаанд хамгийн сайн үр дүнд хүрдэгтэй холбоотой болов уу. Өдөр тутам тааралддаг зүйл, хүн, үйл явдал бүрийг нэг бүрчлэн задлан ойлгох гэж оролдох нь утгагүй. Тэгэх цаг зав, эрч хүч хэнд ч байхгүй. Үүний оронд бид хэдэн тулгуур зарчимд үндэслэн юмсыг ангилж, тохирох хариуг автоматаар өгдөг. Заримдаа ийм автомат зан авир тухайн нөхцөлд таарахгүй байх нь ч бий.
Доорх зарчмууд нь сэтгэл судлалд нөлөөллийн үндсэн зарчим гэгддэг бөгөөд маркетинг, олон нийтийн харилцаанд өргөн ашиглагддаг.
Эсрэгцүүлэх буюу харьцуулах зарчим
«Энэ дундаас нэг сайн хүн байх л ёстой», «энэ хүн бусдаасаа дээр юм байна» гэдэг үгийг та сонгогчдоос олон сонссон байх.
Эсрэгцүүлэх зарчим нь дараалан харсан хоёр зүйлийн ялгааг бид хэрхэн хүлээн авахад нөлөөлдөг. Хоёр дахь зүйл эхнийхээсээ нэлээд өөр бол бид тэдгээрийн ялгааг бодит байдлаас илүү томоор хүлээн авдаг. Жишээ нь эхлээд хөнгөн зүйл өргөөд дараа нь хүнд зүйл өргөвөл эхнийх нь бүр ч хөнгөн санагддаг. Нэр дэвшигчид бусдаасаа ялгарахын тулд энэ зарчмыг ашигладаг.
Харилцан туслах зарчим
«Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ.»
Харилцан туслах дүрмээр бид бусдаас авсан тус, бэлэг, урилгын хариуг барих үүрэгтэй мэт санагддаг. Энэ дүрэм бараг бүх ард түмэнд байдаг. Бусдын тусыг авсан бол хариу тус хүргэх ёстой мэт санагдаж, энгийн үед татгалзах байсан зүйлд «за» гэх нь бий.
Сонгуулийн нөхцөлд энэ зарчмыг хэрэгтэй мэдээлэл, үнэ цэнтэй контент, сонгогчдын асуултад цаг тухайд нь хариулах зэргээр хэрэгжүүлэх нь зөв. Сонгогчдод эд зүйл тараахыг сонгуулийн хууль хязгаарладаг тул хуулийн хүрээнд ажиллах ёстой.
Амлалт ба тууштай байдал
Бид нэгэнт хийсэн сонголт, тогтсон байр сууриасаа хазайхгүй, тууштай байхыг өөрөөсөө ч, бусдаас ч шаарддаг. Шийдвэр гарсны дараа өөрийгөө зөвтгөхийн тулд бодол, мэдрэмжээ ч тэр шийдвэртээ нийцүүлдэг. Зөв сонголт хийсэн гэж өөртөө итгүүлснээр эргэлзээ багасч, сэтгэл амардаг.
Нийгэм тууштай, туйлбартай хүнийг өндрөөр үнэлдэг. Үг, үйлдэл нь зөрдөг хүнийг шийдэмгий бус, хоёр нүүртэй гэж үздэг бол тууштай хүнийг ухаалаг, ноён нуруутай, шударга гэж үнэлдэг. Тууштай байдлын мөн чанар нь амлалт юм. Хүн ямар нэг зүйл хийнэ гэж урьдчилан амласан бол түүнийгээ биелүүлэх магадлал өндөр байдаг.
Энэ зарчмын өөр нэг хувилбар нь «босгоор хөл давуулах» арга буюу жижиг хүсэлтээс эхлээд аажмаар томд шилжих арга юм.
Бусдын батламж
«Бүгд адилхан бодож байгаа газар хэн ч бодохгүй байна.»
Бид юу зөв бэ гэдгийг тодорхойлохдоо бусад хүмүүс юуг зөв гэж үзэж байгааг хардаг. Олон хүн хийж байвал түүнийг зөв гэж үзэх хандлагатай. Ялангуяа өөртэйгөө төстэй хүмүүсийн үйлдэл бидэнд хамгийн хүчтэй нөлөөлдөг. Тиймээс бид өөрөөсөө ялгаатай хүнээс илүү өөртэйгөө ижил хүмүүсийг дагадаг.
Уулзалт, цуглаанд сонгогчдын хүндэлдэг хүмүүс оролцож нэр дэвшигчийг дэмжих, сошиал медиад зорилтот сегментийн ижил сонирхолтой хүмүүсээр дамжуулан мессеж түгээх нь энэ зарчмын хэлбэр юм.
Таалагдах зарчим
Бид таньдаг, таалагддаг хүнийхээ хүсэлтийг илүү амархан зөвшөөрдөг. Нэр дэвшигчийг сонгогчдод таалагдуулах нь PR-ын гол ажлын нэг. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий.
- Гадаад төрх: Хүмүүс сэтгэл татам гадаад төрхтэй хүнийг авьяаслаг, сайхан сэтгэлтэй, шударга гэж өөрийн мэдэлгүй дүгнэх хандлагатай гэдгийг судалгаа харуулдаг. Нэг шинж чанар нь тухайн хүний талаарх бусад бодолд нөлөөлөхийг «гэрэлт хүрээний нөлөө» (halo effect) гэж нэрлэдэг.
- Ижил төстэй байдал: Үзэл бодол, зан ааш, өссөн орчин, амьдралын хэв маягаараа өөртэйгөө төстэй хүмүүст бид илүү дуртай. Сонгогчидтойгоо ойр, тэдний амьдралыг ойлгодог гэдгээ харуулах нь чухал.
- Магтаал, хүндэтгэл: Хэн нэгэнд таалагддагаа мэдэх нь хариу таалал төрүүлдэг.
- Танил байдал: Хүмүүс танил зүйлдээ дуртай. Санал өгөх үед нэр нь танил санагдсан нэр дэвшигчийг сонгох тохиолдол бий.
- Холбогдол: Сайн эсвэл муу зүйлтэй холбогдсон хүний талаарх сэтгэгдэл өөрчлөгддөг. Кампанит ажлын менежерүүд нэр дэвшигчийг сонгогчдын дуртай зүйлтэй холбохыг хичээдэг.
- Хувцаслалт: Хувцаслалт хүний талаарх анхны сэтгэгдэлд автоматаар нөлөөлдөг.
Итгэл үнэмшил олж авах
Сонгогчдын өмнө үнэнч, тууштай дүрээр итгэл олж авах нь урт хугацааны хамгийн бат суурь.
Сэтгэл зүйн хариу урвал
Ямар нэг мэдээллийг хориглох, устгах нь ихэнхдээ хүмүүсийн түүнийг үзэх хүслийг улам нэмэгдүүлж, түүнд итгэх итгэлийг ч өсгөдөг. Үүнийг сэтгэл зүйн хариу урвал гэдэг.
Агшин зуурын шийдвэр
Сонгогчид шийдвэр гаргахдаа боломжит бүх мэдээллийг ашигладаггүй. Бүх мэдээллийг төлөөлж чадах ганц хоёр гол мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс гол мессеж тань товч, тод, санахад хялбар байх ёстой.
Дүгнэлт
Сонгуулийн менежер, багийн гишүүн, улс төрийн ажилтан бол дээрх маркетингийн арга, олон нийтийн харилцааны хэрэгслүүдээс гадна дата цуглуулах, судалгааны арга зүй, нөлөөллийн сэтгэл зүй, маркетингийн шинжлэх ухааныг илүү гүнзгий судлах хэрэгтэй. Аливаа арга хэрэгслийг ил тод, хуулийн хүрээнд, сонгогчдыг хүндэтгэсэн байдлаар ашиглах нь хамгийн чухал.
Холбоотой: Танай байгууллага яагаад датад суурилсан байгууллага болох хэрэгтэй вэ?
Олон нийтийн харилцаа, контент, сошиал медиа стратегийн талаар зөвлөгөө авмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.