Миллениалууд болон Generation Z үеийн залуусын ялгаа

Миллениалуудыг өөрөөр Y үе буюу Generation Y гэж нэрлэдэг. Тэд 1980-аад оноос 1990-ээд оны дунд үе хүртэл төрсөн хүмүүс юм. Тэднийг заримдаа «цуурайтуулагчид» гэж ч нэрлэдэг. Энэ үеийнхэн сүүлийн хагас зуун жилд дэлхийн хүн амын өсөлт хамгийн өндөр байсан жилүүдэд мэндэлсэн.
Холбоотой: Монгол миллениалууд буюу 80, 90-ээд оныхон гэж хэн бэ?
Харин Generation Z буюу Z үеийнхэн гэдэг нь миллениалуудын араас, 1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны дунд үе хүртэл төрсөн залуус юм. Тэднийг iGeneration, пост-миллениалууд гэж ч нэрлэдэг.
Энэ хоёр үе өнөөдөр хөдөлмөрийн болон хэрэглээний зах зээлийн томоохон хэсгийг бүрдүүлж байна. Тиймээс тэдний сэтгэлгээ, шийдвэр гаргалт, нийгмийн асуудалд хандах хандлага, сэтгэл зүйг судлаачид төдийгүй брэнд, маркетерууд нухацтай судалдаг болсон.
Гол ялгаа нь юу вэ?
Миллениалууд ч, Z үеийнхэн ч цахим эриний хүүхдүүд. Гэхдээ интернэт, сошиал медиа зэрэг өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон зүйлстэй огт өөр туршлагаар танилцсан. Эцэг эх нь ч өөр өөр үеийн төлөөлөл тул зан байдал, хандлага, хүмүүжлээрээ ихээхэн ялгаатай.
Доорх 9 жишээ энэ ялгааг тодорхой харуулна.
1. Анхаарал хандуулах байдал
Z үеийнхэн мэдээллийг бусад үеийнхнээс хурдан хүлээн авч боловсруулдаг. Технологи өдөр бүр шинэчлэгддэг орчинд төрсөн тул аливааг хурдан ойлгоход багаасаа суралцсан.
Харин тэдний нийтлэг сул тал нь анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй явдал. Instagram, Snapchat зэрэг сошиал платформ анхаарлыг нь сарниулахад нэлээд нөлөөлдөг. Миллениалуудын хувьд Z үеийнхэнтэй харьцуулахад анхаарлаа төвлөрүүлэх чадвар илүү сайн гэж судлаачид үздэг.
Технологид хандах хандлага ч өөр. Жишээ нь хүүхэд бага наснаасаа ухаалаг утас хэрэглэхийг Z үеийнхэн өмнөх үеийнхнээс хамаагүй хэвийн зүйл гэж хардаг.
2. Олон ажлыг зэрэг амжуулах чадвар
Анхаарал төвлөрөл сул байх нь үргэлж сул тал биш. Z үеийнхний хувьд энэ нь олон ажлыг зэрэг хийх давуу тал болж хувирдаг.
Жишээ нь тэд зөөврийн компьютер дээрээ даалгавраа хийнгээ таблет дээр хичээлтэйгээ холбоотой хайлт хийж, хөгжим сонсож, найзуудтайгаа чатлаж байхдаа ч цэгцтэй тэмдэглэл хөтөлж чаддаг. Энэ бол хэний ч хувьд амаргүй зүйл. Харин миллениалууд анхаарлаа сайн төвлөрүүлдэг ч олон зүйлд зэрэг төвлөрөхдөө төдийлөн сайн биш.
3. Бие даах ба багаар ажиллах чадвар
Z үеийнхэн «зөв хийе гэвэл өөрөө хий» гэсэн сэтгэлгээтэй. Тэд өөртөө эзэн байх, хувийн ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөхөд маш идэвхтэй. Ажлын байранд ч хамт олноороо бус ганцаараа ажиллаж, багаар бус бие даан шийдвэр гаргахыг илүүд үзэх нь элбэг.
Харин миллениалууд бусдад төвөг удахаас зайлсхийж, өрсөлдөхөөс илүү бие биеэ харж тайвширдаг. Тэд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, нийгмийн асуудалд идэвхтэй оролцож, багаар ажиллахыг илүүд үздэг.
4. Цахим орчин дахь идэвх
Миллениалууд бол сошиал медиагийн анхны хэрэглэгчид, өөрөөр хэлбэл цахим эриний анхдагчид. Тэд анхны ухаалаг утас, чат, Google хайлтын систем, Facebook-ийн эхлэлийг нүдээр харсан гэрчүүд.
Харин Z үеийнхэн цахим эринд төрсөн тул интернэт хэрэглээ нь маш өндөр, түүнээсээ хамаарах хамаарал нь ч их. Тэдний хувьд Wi-Fi бол тансаг зүйл биш, өдөр тутмын үндсэн хэрэгцээ.
Холбоотой: Z үеийнхний цахим хэрэглээ
5. Чатлах уу, видеогоор ярих уу?
Ижил технологийг хоёр үе өөр өөрөөр ашигладаг. Судалгаагаар Z үеийнхэн хамт ажилладаг хүмүүстэйгээ видеогоор нүүр харж ярихыг илүүд үздэг бол миллениалууд чатаар бичиж харилцахыг илүүд үздэг.
6. Өөдрөг үзэл
Lincoln Financial Group-ийн 2016 онд явуулсан судалгаагаар Z үеийнхэн миллениалуудаас илүү өөдрөг үзэлтэй гэж дүгнэжээ. Тус судалгаанд оролцсон Z үеийнхний 50 хувь нь эх орон нь зөв чиглэлд хөгжиж байна гэж хариулсан бол миллениалуудын 42 хувь нь ингэж хариулсан байна.
Мөн Z үеийнхэн санхүүгийн ирээдүйнхээ талаар өсвөр наснаасаа бодож, бусадтай ярилцаж эхэлдэг бөгөөд энэ сэдэвт ихэвчлэн өөдрөг ханддаг.
7. Брэнд хэрэглээ
Z үеийнхэн технологид суурилсан, шуурхай худалдан авалтын үйлчилгээг түлхүү хэрэглэдэг. Жишээ нь захиалсан бараа нь богино хугацаанд гэрт нь хүргэгдэх.
Тэдний хувьд брэнд хэр үнэтэй вэ гэхээс илүү ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс өөрт нь юугаараа давуу вэ гэдэг нь чухал. Худалдан авалт нь сошиал медиагийн салшгүй хэсэг. Тэд таалагдсан зүйлээ бусадтай хуваалцаж, үнэлгээ өгч, лайк дарж, брэндийг үнэгүй сурталчилдаг. Цахим орчинд таалагдсан зүйлдээ миллениалуудаас илүү идэвхтэй хариу үзүүлдэг.
Харин миллениалуудын дунд үнэтэй брэнд дагах, үрэлгэн байх хандлага илүү ажиглагддаг. Зарим нь тэднийг хэрэггүй зүйлд их мөнгө зарцуулдаг үе гэж ч шүүмжилдэг.
8. Суралцах арга барил
Sparks & Honey судалгааны байгууллагын судалгаагаар Z үеийнхний дийлэнх нь уламжлалт их сургуулиас гадна өөр замаар ч сайн боловсрол эзэмшиж болно гэж үздэг.
Харин миллениалуудын олонх нь сургалтын зээлийн өртэй. Тэд өр тавьж боловсрол эзэмшээд бусдаас юугаараа илүү болсон бэ гэсэн асуултыг түгээмэл тавьдаг.
9. Тэвчээр
Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хоёр үе хоёулаа тэвчээр багатай. Гэхдээ хоорондоо харьцуулбал миллениалууд илүү тэвчээртэй. Энэ нь тэд наслаараа ахмад, амьдралын туршлага илүү хуримтлуулсантай холбоотой байх талтай. Учир нь тэвчээр нас ахих тусам суудаг.
Хоёр үе хоёулаа ажлын бүтээмж өндөр, нээлттэй сэтгэлгээтэй, бүтээлч хандлагатай. Гэвч тууштай байдал нь дутагддаг нь хөдөлмөрийн зах зээлд бэрхшээл болдог.
Эх сурвалж: Infographic Show
Маркетерт юу гэсэн үг вэ?
Үе бүрийн онцлогийг мэдэх нь «залуучууд» гэж нэг дор ярихаас илүү оновчтой мессеж бүтээхэд тусална.
- Z үеийнхэнд: эхний секундээсээ анхаарал татдаг богино видео, бусад хэрэглэгчийн бодит сэтгэгдэл, хурдан хүргэлт, хурдан хариулт.
- Миллениалуудад: үнэ цэн, туршлага, брэндийн түүх, дэлгэрэнгүй мэдээлэл, харьцуулалт.
Хоёр үе хоёулаа мессежээр асууж, хариултыг шууд хүлээдэг. Хариулт хоцорвол өөр газар руу шилждэг. AI чатбот энэ завсрыг хааж, асуултад 24/7 хариулж, сонирхсон хүний нэр, утсыг CRM-д бүртгэнэ.
AI нь бодит хэрэглэгчдийн мессеж, коммент, асуултыг бүлэглэж, үе тус бүрийн персонаг гаргахад ч тусалдаг. Гэхдээ үеийн ангилал бол ерөнхий чиг хандлага. Танай хэрэглэгч яг хэн бэ гэдгийг өөрсдийн датагаар шалгаж, стратеги, брэндийн дуу хоолойгоо хүн өөрөө шийдэх ёстой.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
Z үеийнхний дараа гарч ирж буй үеийн онцлогийг Альфа үеийнхэн гэж хэн бэ? нийтлэлээс уншаарай.
Танай зорилтот хэрэглэгч аль үеийнх, тэдэнд ямар мессеж хүрэхийг тодорхойлмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.