Альфа үеийнхэн гэж хэн бэ?

Миллениал, Z үеийнхэн гэдэг нэршилд дасаж амжаагүй байтал тэдний араас шинэ үе гарч иржээ. Энэ бол альфа үеийнхэн. 2010 оноос хойш төрсөн хүүхдүүд альфа үед хамаардаг.
Үеүдийг латин цагаан толгойн үсгээр нэрлэж ирсэн бөгөөд Z үеэр цагаан толгой дуусчээ. Тиймээс хүн төрөлхтөн шинэ эхлэл тавьж байгааг онцлох үүднээс грек цагаан толгойн эхний үсгээр альфа буюу А үе гэж нэрлэсэн байна.
Холбоотой: Миллениалууд болон Generation Z үеийн залуусын ялгаа
Судлаачдын онцолж байгаагаар эдгээр хүүхдийн сэтгэлгээ аль ч үеийнхэнтэй адилгүй. Тэд ямар хүн болох, үнэт зүйл нь юу байх нь хараахан тодорхойгүй. Нэг талыг барьсан дүгнэлт хийхэд эрт байгаа ч судлаачид тэдний нийтлэг шинж байж болох зан чанаруудыг тодорхойлжээ.
1. Бие даасан байдалд дуртай
Альфа үеийнхэн бага наснаасаа төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж ашиглаж, уншиж бичиж сурахаасаа өмнө YouTube үзэж сурч байна. Тиймээс тэд юу сурах, цахим ертөнцөөр юу үзэхээ багаасаа өөрөө сонгож сурдаг. Сонголтын эрх чөлөө тэдэнд нэн чухал.
Тэд хүн бүр олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн хуудастай байдгийг жам ёсны зүйл гэж ойлгодог. Хүүхдүүд улам бага наснаасаа ухаалаг төхөөрөмжтэй болж байгаа тул альфа үеийнхэн өсч томрохдоо өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн бүтээсэн орон зайд амьдрах болно.
2. Бодит болон виртуал ертөнцийг салгадаггүй
Тоон эринд төрсөн хүүхдүүдийн хувьд виртуал болон бодит ертөнц бараг адилхан. Дэлгэц дээрх дүрс тэднийг хүрээлж буй орчинтой адил гэдэгт дассан тул нэгээс нөгөө рүү чөлөөтэй шилждэг. Мэдээллийг утсаар уу, биечлэн үү, ямар замаар авах нь тэдэнд ялгаагүй.
Олон хүүхэд бага наснаасаа влог хөтөлж, өөрт нь, эргэн тойронд нь, дэлхийд юу болж байгааг бусадтай хуваалцаж байна. Ингэхдээ тэд амьдралаа гоёчлох гэж хичээдэггүй. Хүүхдүүдийн дунд алдартай олон влогчин ч өдөр тутмын энгийн амьдралаа хошин байдлаар ярьдаг. Альфа хүүхдүүдийн хувьд баяр гунигаа ойр дотныхонтойгоо төдийгүй танихгүй хүмүүстэй хуваалцах нь ч чухал.
Холбоотой: Z үеийнхний цахим хэрэглээ
3. Эцэг эхтэйгээ учраа сайн ололцдог
Хүүхдийнхээ ирээдүйд асар их үүрэг хариуцлага хүлээдгээ ухамсарлаж, хүүхэдтэйгээ аль болох их цаг өнгөрөөхийг хичээдэг эцэг эх өнөө үед олон болжээ. Нью-Йорк Таймс сонины нийтэлсэн судалгаагаар өнөөгийн эцэг эхчүүд 1970-аад оныхоос хамаагүй их цагийг хүүхдүүддээ зарцуулж байгаа гэнэ.
Альфа үеийнхэн эцэг эхтэйгээ адил төстэй зүйл их бөгөөд хамтдаа цахим тоглоом тоглож, блог хөтөлдөг. Залуу эцэг эхчүүд өөрсдийн чадахгүй зүйл дээр хүүхэддээ «бууж өгөх»-өөс эмээдэггүй болжээ. Ингэснээр хүүхэд, том хүний харилцаа тэгширч, томчууд давамгайлдаг харилцаа аажмаар багасч байна.
4. Ёс суртахууны стандарт өндөр
Альфа үеийнхэн нууц, худал хуурмаггүй ертөнцийг үнэлдэг. Чухал хүн нь тэдэнд худал хэлсэн эсвэл нээлттэй байж чадаагүй бол тэд үүнийг тэр дор нь олж мэдэх бөгөөд энэ алдааг төдийлөн амархан уучлахгүй.
Олон нийтийн сүлжээ хөгжсөн ертөнцөд бүх зүйл алган дээр байгаа мэт. Эрт орой хэзээ нэгэн цагт нууц бүхэн ил болох тул багны цаана нуугдах аргагүй. Барууны зарим сургуульд бодит баримтыг хуурамч мэдээллээс ялгах тусгай хичээл ч орж эхэлжээ.
Мөн өнөөгийн хүүхдүүдэд бүр багаас нь байгаль орчинд анхаарах, амьтдыг хайрлах, хог хаягдлаа дахин боловсруулах, хэрэглээндээ ухаалаг хандахыг сургаж байна. Тэд энэ өндөр стандартыг баримтлахыг хичээдэг бөгөөд бусад хүмүүс ч үүнийг дагаасай гэж хүсдэг.
5. Нэг зүйл дээр удаан төвлөрч чаддаггүй
Шинэ үеийнхэнд анхаарлаа удаан төвлөрүүлэхтэй холбоотой асуудал бий. Тэд өдөр бүр асар их мэдээлэл хүлээн авдаг тул тархи нь энэ ачааллыг даван туулах ёстой болдог. Альфа үеийнхний ертөнцөд зураг, дүрс текстийг шахаж, нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хугацаа маш богино болсныг судлаачид онцолжээ.
Энэ богино хугацаа тухайн контент сонирхолтой эсэхийг шийдэхэд хангалттай. Тиймээс альфа хүүхдүүд өөрт нь чухал биш, таалагдаагүй мэдээлэлд цагаа үрдэггүй гэж судлаачид үздэг.
6. Уламжлалт дээд боловсролд өөрөөр ханддаг
Зарим мэргэжил ирээдүйд алга болж, оронд нь шинэ мэргэжлүүд үүснэ. Гэхдээ яг ямар мэргэжил гэдгийг одоо таах аргагүй. Дэлхий хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эрэлттэй байхын тулд юу сурах нь ч тодорхойгүй болж байна.
Тиймээс альфа үеийнхэн чиглэлээ сонгохдоо зөн совиндоо илүү найдах болно. Ийм нөхцөлд суурь дээд боловсрол эзэмшихэд олон жил зарцуулах нь тэдэнд хачирхалтай санагдаж магадгүй гэж хүн ам зүйчид үзэж байна. Зарим судлаач альфа үеийнхэн амьдралынхаа туршид олон өөр төрлийн ажил эрхэлж, ажил олгогчоо олон удаа солино гэж таамагладаг. Гэхдээ тэд өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж, сургаснаар харьцангуй боловсролтой үе болно гэж онцолдог.
Ажилтнууд тодорхой компанид хатуу харьяалагдахгүй, фрилансер буюу төсөл, захиалгаар ажиллах хандлага ч улам түгэж байна.
7. Урт насална
Анагаах ухаан хурдацтай хөгжиж, амьдралын чанар жил бүр сайжирч байгаа тул өнөөгийн хүүхдүүд 100, түүнээс ч их насалж магадгүй. Макс Планкийн нэрэмжит Хүн ам зүйн судалгааны хүрээлэнгийн шинжээчид өнөөгийн хүүхдүүдийн нэлээд хэсэг нь 100 насны ойгоо тэмдэглэж магадгүй гэж тооцоолжээ.
8. EQ-ээ хөгжүүлэх хэрэгтэй болно
Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа тул хүмүүс ирээдүйд технологитой өрсөлдөх болно гэж эрдэмтэд ярьдаг. Үүнд хүний хамгийн том давуу тал бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ юм. EQ гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, эрмэлзлийг таньж ойлгох, бодит асуудлыг шийдэхийн тулд өөрийн сэтгэл хөдлөлийг хянах чадвар юм.
Амжилттай ажиллахын тулд дасан зохицох, мэдээлэлтэй ажиллах, бусадтай нийтлэг цэгээ олох чадвартай байх ёстой гэж олон улсын томоохон ажил олгогчид үздэг. Энэ бол EQ. Альфа үеийнхэн AI туслах, ухаалаг төхөөрөмжийн дунд өсөж буй тул технологи хийж чадахгүй зүйл болох хүнтэй ойлголцох чадвар нь тэдний гол давуу тал болох юм.
9. Хөгжлийн хөдөлгөгч хүч болно
Өнөөгийн хүүхдүүд хүмүүнлэг зорилгыг тээгчид бөгөөд хөгжлийн хөдөлгүүр болно гэдэг дээр тэргүүлэх хүн ам зүйчид санал нэгддэг. Альфа хүүхдүүд илүү тэнцвэртэй, түрэмгий зан бага. Бараг өлгийтэй байхаасаа суралцаж эхлээд насан туршдаа суралцах тул өмнөх үеэсээ харьцангуй боловсролтой байх төлөвтэй.
Брэнд, маркетерт юу хэрэгтэй вэ?
Альфа үеийнхэн одоо хүүхэд, өсвөр насныхан. Тэдэнд зориулсан бүтээгдэхүүний худалдан авалтын шийдвэрийг ихэвчлэн миллениал болон Z үеийн эцэг эхчүүд нь гаргадаг. Гэхдээ хүүхэд өөрөө юу сонгохоо улам эрт хэлдэг болсон.
- Эцэг эхэд: аюулгүй байдал, чанар, үнэ цэнийг тодорхой, ил тод тайлбарла.
- Хүүхдэд: эхний агшинд л сонирхол татахгүй контент тэдний «шүүлтүүрийг» давахгүй.
- Хоёуланд нь: худал амлалт, хэтрүүлэг хамгийн хурдан илэрдэг. Үнэнч байдал бол брэндийн хамгийн том хөрөнгө.
AI нь эцэг эх, хүүхдийн асуултад хурдан хариулах, олон хувилбар контент бэлдэхэд тусална. Гэхдээ хүүхэдтэй холбоотой мессеж, баримт, брэндийн өнгө аясыг хүн өөрөө нягталж, хариуцах ёстой.
Холбоотой: Монгол миллениалууд буюу 80, 90-ээд оныхон гэж хэн бэ?
Танай бүтээгдэхүүний худалдан авагч, хэрэглэгч хоёр өөр хүн бол мессежээ хэрхэн зөв хүргэх талаар үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.