Z үеийнхний цахим хэрэглээ

Миллениалууд буюу мянганы үеийнхэн насанд хүрч, гэр бүл, ажил карьераа авч явж байна. Тэдний араас ирсэн Z үеийнхэн өсвөр насныхнаас эхлээд ажил амьдралынхаа гараанд гарч буй залуус хүртэлх том бүлгийг бүрдүүлдэг.
Анни И. Кэйси сан (Annie E. Casey Foundation) 1995 оноос хойш төрсөн хүмүүсийг Z үеийнхэн, өөрөөр хэлбэл манай гаригийн шинэ иргэд гэж тодорхойлдог. Олон судлаачийн үзэж байгаагаар Z үеийнхэн бусад үеийнхнээс илүү технологид сонирхолтой бөгөөд цахим хэрэгслийг төрөлхийн мэт эзэмшсэн хүмүүс юм.
Тэд бусдаас дараах онцлогоороо ялгардаг.
Цахим иргэд
Цахим хэрэглээ ид хөгжиж эхлэх үед төрсөн болохоор Z үеийнхэн цахим ертөнцөөс хол байж чаддаггүй. Ухаалаг төхөөрөмж бол тэдний амьдралын салшгүй хэсэг, заримдаа хамгийн ойр «хамтрагч» нь ч болдог.
Тэдний өдөр тутмын хэрэгцээ цахим хэрэглээнээс шууд хамаардаг. Үйлдэл бүрээ цахим хэлбэрт хурдан шилжүүлэх чадвар тэдэнд бий.
Цахим иргэд технологийн шинэ шийдлийг төвөггүй ашигладаг. Заримдаа өөрсдийн хэрэгцээнд тохируулан шинэ санаагаа бодит бүтээгдэхүүн болгож, цахим ертөнцөд шинэ зүйлсийг бий болгосоор байна. Тиймээс Google, Apple, Facebook зэрэг томоохон компаниуд тэдний энэ чадварыг ашиглахын тулд өөрсдийгөө илэрхийлэх орон зайтай ажлын байр санал болгодог.
Өөрсдөө ажлын байраа бүтээгчид
Z үеийнхний бас нэг онцлог нь тогтсон цагт тогтмол ажил хийхээс илүү өөрөө өөртөө ажлын байр бий болгохыг илүүд үздэг явдал.
Хүмүүсийн амьдралыг хялбар болгосон Uber зэрэг компаниас санаа авч, өөрийн бизнесээ эхлүүлэхэд бэлэн байдаг нь тэднийг миллениалуудаас илүү зоримог, өөрийгөө дайчлах чадвартай болохыг харуулж байна.
Холбоотой: Миллениалууд болон Generation Z үеийн залуусын ялгаа
Даяаршсан иргэд
Олон судалгаанаас үзэхэд 1990 оноос хойш төрөгсдийн дунд өөр өөр үндэстэн, угсаатны холимог гэр бүлээс гаралтай хүмүүс урьд өмнөхөөс хамаагүй олон болжээ.
Энэ нь тэдэнд бага наснаасаа хэд хэдэн хэл зэрэг эзэмших боломж олгож байна. Хандлагын хувьд хүн бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүмжлэхээсээ илүү дэмждэг. Хэн нэгнийг ямар нэг бүлэгт хамааруулахаас илүү тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг нь тэдний бас нэг онцлог.
Сэтгэл зүйн хувьд эмзэг
Илүү эрх чөлөөтэй, хувь хүний орон зайг хүндэтгэдэг нийгэмд амьдарч байгаа ч тэдний олонх нь дунд ангиасаа эхлэн ганцаардах, түгшүүрт автах, сэтгэл гутралд өртөх нь элбэг байна. Энэ нь өмнөх үеийнхнээс сэтгэл зүйн хамгаалалт сул болсныг илтгэдэг.
Цахим хамаарлаас үүдэлтэй сэтгэл зүйн асуудал ч шинээр гарч ирсэн. Цахим хэрэглээг нь хязгаарлах гэхээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг тул эцэг эх, багш нарт зөв хандлага олох нь чухал болж байна.
Хувийн орон зайг дээдэлдэг
Хувийн орон зайгаа юу юунаас илүү чухалчилдгийг нь хувцаслалт, сонгож хэрэглэдэг аппликейшнээс нь шууд харж болно. Тэд өөрийгөө илэрхийлэх өөрийн гэсэн дууны сонголт, Instagram дагагчид, мэдээллийн эх сурвалжтай.
Өөрт хамааралгүй зүйлийг төдийлөн сонирхдоггүй нь бас нэг онцлог. Тиймээс Google тэргүүтэй томоохон компаниуд шинэ үеийн хэрэглэгчдээ аль хэдийн нухацтай судалж эхэлсэн.
Холбоотой: Альфа үеийнхэн гэж хэн бэ?
Think with Google-ийн судалгааны дүгнэлтүүд
Think with Google өсвөр насны Z үеийнхний дунд судалгаа хийж, дараах дүгнэлтийг гаргасан. Энэ мэдээлэл технологи, хэрэглээний чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүст нэлээд хэрэгтэй.
- Ухаалаг утас бол гол төхөөрөмж: Тэд утсаа бүрэн утгаар нь ашиглаж чаддаг. Гар утас хэрэглэж эхлэх нас нь эрт тул миллениалуудаас илүү ухаалаг утасны «мэргэжилтнүүд» болж өсдөг.
- Видео үзэхэд хамгийн их цаг зарцуулдаг: Цахим орчинд өнгөрүүлэх цагийнхаа томоохон хэсгийг видео үзэх, бусадтай харилцах, сошиал сүлжээнд зарцуулдаг.
- Онлайн худалдан авалт идэвхтэй: Өсвөр насныхны олонх нь дуртай тоглоом, ном, хувцсаа онлайнаар авдаг. Бизнесүүд тэдний видео үзэх дуртайг ашиглаж, шинэлэг видео сурталчилгаагаар татдаг.
- Эможигоор илэрхийлдэг: Тэд бусадтай голдуу цахимаар харилцдаг. Сэтгэл хөдлөлөө эможигоор илэрхийлэх нь бодитоор хэлэхээс амар гэж үзэх нь ч бий.
Дэлхий нэг хором ч зогсолтгүй өөрчлөгдөж байна. Тиймээс шинэ үеийн залуусыг өөрчлөх, хязгаарлахаас илүү тэдний онцлогийг хүлээн зөвшөөрч, цахим хэрэглээгээ зөв зохистой ашиглахад нь туслах нь хамгийн чухал.
Бизнест юу гэсэн үг вэ?
Өнөөдөр Z үеийнхэн мэдээлэл хайхдаа зөвхөн Google-ээр хязгаарлагдахгүй. Сошиал медиа, богино видео, ChatGPT зэрэг AI туслахаас асуулт асууж, хариулт хайдаг болсон. Тэдэнд хүрэхийг хүсвэл дараах зүйлд анхаараарай.
- Видеогоор эхэл: Reels зэрэг богино видео эхний секундээсээ гол санаагаа хэлж байх ёстой.
- Мессежид шууд хариул: Тэд утсаар залгахаас илүү бичиж асуудаг. AI чатбот асуултад 24/7 хариулж, сонирхсон хүний мэдээллийг CRM-д бүртгэнэ.
- Хамааралтай бай: Өөрт хамааралгүй мессежийг тэд шууд гүйлгэж өнгөрдөг. Нэг мессежийг бүх хүнд биш, тодорхой бүлэгт зориулж бич.
- Бодит сэтгэгдлийг ашигла: Тэд брэндийн магтаалаас илүү бусад хэрэглэгчийн хуваалцсан туршлагад итгэдэг.
AI нь хэрэглэгчдийн коммент, мессежийг бүлэглэж, Z үеийн хэрэглэгчийн персона гаргах, олон хувилбар контент бэлдэхэд тусална. Гэхдээ тэдэнд юу хэлэх, брэнд ямар өнгө аястай ярих вэ гэдгийг хүн өөрөө шийдэж, баримтаа шалгах ёстой.
Холбоотой: Монголчуудын сошиал медиа хэрэглээ
Танай брэнд Z үеийнхэнд хэрхэн хүрч байгааг хамтдаа харъя гэвэл үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.