Монгол миллениалууд буюу 80, 90-ээд оныхон гэж хэн бэ?

Биднийг төрөхөд Майкл Жексон алдарт «moonwalk»-аа хийж байлаа. Бидэнтэй зэрэг «Оддын дайн» төрж байв. Биднийг төрөхөд Михаил Горбачев Зөвлөлтийн удирдагч болж, Марти Макфлай цаг хугацааны машинаар ирээдүй рүү аялж байлаа.
Биднийг төрөхөд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч, Афганы дайн болж, Microsoft-ын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэлж байв. Биднийг төрөхөд Берлиний хана нурж, Тяньаньмэний талбайд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн хүмүүс амиа алдаж байлаа. Бидний төрөхтэй зэрэгцэн ЗХУ задарч, Нельсон Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгч болж, хүн төрөлхтөн анх удаа World Wide Web ашиглаж эхэлсэн.
Бид бол 1981-1996 онд төрсөн Y үеийнхэн буюу миллениалууд. Биднийг өөрөөр 80, 90-ээд оныхон буюу Шилжилтийн үеийн хүүхдүүд гэж нэрлэдэг.
Биднээс өмнөх зуун жилд хүн төрөлхтөн олон дайны хөлд нэрвэгдэж, үзэл суртлаараа хуваагдан талцаж амжсан байв. Харин манай үеийнхэн мэндлэхэд дэлхий асар том өөрчлөлтийн босгон дээр эргэлзэж, эмээж зогссон ч алс ирээдүй рүү алхах хүслээр дүүрэн байлаа.
Шинэ цагийн салхи Монголыг ч дайрч, 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэн. Яг энэ он жилүүдэд бид олноороо төрж, ардчиллын дараах ороо бусгаа цаг үед өсөж, шинэ мянганд насанд хүрсэн. Өнөөдөр Монгол миллениалууд бүгд насанд хүрэгчид болж, гэр бүл, ажил карьер, нийгмийн амьдралын гол ачааг үүрч яваа.
«Яагаад миллениалуудын тухай онцлон ярих шаардлагатай вэ гэсэн асуултын хариу их энгийн. Урьд өмнө хэзээ ч ийм олон залуу хүн дэлхий дээр нэгэн зэрэг амьдарч байгаагүй.» Энэ өгүүлбэрийг олж уншсан нь энэ бичвэрийг бичих сэдэл болсон юм.
Миллениалууд бид хоёр нийгэм, хоёр зуун, хоёр мянганыг дамжин амьдарсан сүүлчийн үе. Социализмаас ардчилал, аналогоос дижитал, интернационализмаас даяаршил руу шилжих бүх өөрчлөлттэй хамт өсөж торнисон. Энэ үеийнхэн Монголын хүн амын томоохон хэсгийг эзэлдэг. Тэд хэн бэ, ямар итгэл үнэмшил, үнэт зүйлтэй, Монголын ирээдүйд ямар хувь нэмэр оруулахаар бэлтгэгдсэн үе вэ гэдгийг энэ бичвэрт зураглахыг хичээлээ.
Монгол миллениалуудын балчир нас
MIND сэтгэл судлалын төвийн хөгжлийн сэтгэл судлаач Д.Туулын хэлснээр бидний өмнөх буюу 1965-1980 онд төрсөн X үеийнхний эцэг эх хоёулаа ажил хийж, ажлын төлөө амьдарч байсан. Тиймээс X үеийнхэн ээж аавыгаа түшиж өсөхөөс илүү өөрөө өөрсдийгөө өсгөсөн үе гэж тодорхойлогддог.
Түүний хэлж буйгаар X үеийнхэн гадаа тоглож, үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, бие биенээсээ суралцаж өссөн тул нөхөрлөлийг дээгүүр тавьдаг, хамтач үе болж хүмүүжсэн байх талтай. Миллениалууд ч гадаа «амьдардаг» энэ хэвшлийн сүүлийг барьж амжсан. Зун зусланд, өвөл хотод, өдөржин гадаа байх нь элбэг байлаа.
Аливаа үеийнхэн хэн болох нь тэднийг хэн хүмүүжүүлснээс шууд шалтгаална. Шилжилтийн үеийн хүүхдүүдийг хэн хүмүүжүүлсэн бэ гэвэл алаг цоог зураглал буух болов уу.
Өмч хувьчлалын дараа олон хүн ажилгүй болж, зах зээлийн шуурганд амьдрахын төлөө тэмцэж байлаа. Хүмүүс ганзагын наймаанд явж, гадаадад ажиллаж, зарим эрчүүд архинд орж, гэр бүлүүд хямарч, салж байсан тийм нэгэн зурвас үед бид хүн болж торнисон. «Эзэнгүй айл» олон ангит киног санаж байна уу? Хүүхэд байхдаа үзэж байсан энэ кино эргээд бодоход яг л тухайн цаг үеийнхээ толин тусгал байжээ. Харж хандах хүнгүйн улмаас гудамжинд гарсан хүүхдүүд нийгмийн үзэгдэл болтлоо олширсон нь тэр цаг үеийг дүгнэх олон өнцгийн нэг юм.
Пост коммунист орнуудад нийтлэг ажиглагддаг ийм хямрал манайд арав гаруй жил үргэлжилсэн. Энэ үед олон хүүхэд эмээ өвөөтэйгээ амьдардаг эсвэл гэртээ цоожлуулж үлддэг байлаа. 2000 он гарсан хойно ч ээж аав нь Солонгос, Японд ажилладаг хүүхдүүд олон байсан. Тэд эмээ өвөө, ах дүү, хамаатан садныдаа амьдарч, бага болон өсвөр насандаа аав ээжээсээ хол өссөн нь бишгүй.
Урагшаа хойшоо бараа зөөж, олон хоногоор наймаанд явдаг эцэг эхчүүд ч хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж чадаагүй мэт санагддаг. Багш, эмч, цагдаа зэрэг төсвийн байгууллагад ажилладаг эцэг эхчүүд бусдын хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, аюулгүй байдлын төлөө зүтгэхдээ өөрийн хүүхдээ зөнд нь орхих нь их байв. Ямартай ч шугамын радио, хар цагаан зурагтаас эхлээд FM радио, кабелийн телевиз үзэж сонсох сонголттой өссөн бид гадаа тоглохоос өөр сонголтгүй байсан өмнөх үеийнхнээсээ дагаж хөгжих олон эх сурвалжтай байсан нь азтай.
Ингэж харахад миллениал хүүхдүүдийн хүмүүжилд гурван хүчин зүйл нөлөөлсөн мэт санагдана.
- Гэр бүл: халамж хүмүүжлийг алаг цоог боловч хүртсэн, эцэг эхийн гараар бүрэн ороогүй ч эмээ өвөөгийн өвөрт хүн болсон.
- Үе тэнгийнхэн: үе тэнгийн хүрээлэл, орчны нөлөөллөөс бүтээгдсэн.
- Медиа: медиа хөгжил, ойрын болон холын соёлоос суралцаж насанд хүрсэн.
Харин бидний дараах Z үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн хүүхдүүд төрөхөд нь бүх юм бэлэн байсан. Тэд биет харилцаанаас илүү медиа харилцаанаас хүмүүжил, боловсрол авч байгаагаараа биднээс ялгаатай гэж Д.Туул судлаач хэллээ.
Холбоотой: Миллениалууд болон Generation Z үеийн залуусын ялгаа
Миллениалуудын үнэт зүйл юу вэ?
Энэ үеийнхний хамгийн гол онцлогийг нэрлээч гэхэд судлаач «Ажил, амьдралаа тэнцүү авч явах эрмэлзэл» гэж хариуллаа. Тэд гэр бүл, үр хүүхэд, ажил карьер, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжил гээд алийг нь ч орхигдуулахгүй авч явахыг хүсдэг бөгөөд бүгдэд нь амжилт гаргах амбицтай.
Тэд шинэ зүйл туршиж, уламжлалт хандлагыг шинэчилж, нийгмийн бүх салбарт оролцоо, дуу хоолойтой байх сонирхолтой. Амьдралын хэв маягийн өчүүхэн зүйлээс эхлээд шинэлэг санаа, бизнес модель, соёлын нөлөөлөл, технологийн дэвшил хүртэл олон өөрчлөлт миллениалуудын санаачилгаар хэрэгжиж байгаа нь ажиглагддаг.
Тэднийг дэвэргэж, хий магтаж буй хэрэг биш. Тэд өнөөдрийн хөдөлмөрийн болон хэрэглээний зах зээлийн хамгийн том бүлгийн нэг тул хандлагыг тодорхойлогч байх нь аргагүй.
- Хэрэглээ: Минимал амьдралын хэв маягийг туршиж, хог хаягдалгүй (zero waste) байхыг эрмэлзэж, тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн нь зарим төрлийн үйлчилгээний зах зээлийг багасгаж байгаа тухай судалгаа байдаг.
- Шинэ бизнес: Тэдний хэрэгцээнд нийцсэн олон стартап бий болж, сошиал медиа, дижитал платформд тулгуурласан үйлчилгээ хүчээ авч, уламжлалт худалдаа үйлчилгээ хумигдаж байна.
- Эрүүл мэнд: Энэ үеийнхэн согтууруулах ундаа өмнөх үеийнхнээс харьцангуй бага хэрэглэдэг тул архи, шар айрагны эрэлт дэлхий даяар буурах хандлага ажиглагдаж эхэлсэн. Бие, сэтгэлийн эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг тул аялал жуулчлал, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөгөө, үйлчилгээ хурдтай хөгжиж байна.
Олон эх сурвалжаас мэдээлэл олж авч сурсан 80, 90-ээд оныхон нийгмийн тогтолцооны сайн мууг ялгаж, цэнгэг уур амьсгалыг «өрөөнд оруулах» найдлага тээсэн цөм насныхан гэж хэлбэл тэднийг хэт өндрөөр үнэлж, дээд үеийнхнээ дорд үзсэн хэрэг болох вий. Гэвч миллениалууд нийгмийн тэгш байдал, сэтгэцийн эрүүл мэнд, санхүү, гэр бүлийн харилцаа, уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний ёс зүй гээд юуг ч орхигдуулахгүй анхаарах хүсэлтэй тул олон салбарт сайн өөрчлөлт авчраасай гэсэн хүлээлт их бий.
«Миллениалуудын сайхан чанар нь тэд маш мөрөөдөмтгий. Өөр аль ч үеийнхэнд байгаагүй мөрөөдөл тэдэнд бий. Нийгмээ сайхан болгоно, амьдралаа сайхан болгоно гэж мөрөөдөж, түүнийхээ дагуу янз бүрийн салбарт туршилт хийж, эрсдэл гаргаж үзсэн хүмүүс. Гэтэл Z үеийнхэн мөрөөдлөөр амьдардаггүй, бүх зүйлийг бодитоор харж, тодорхой зорилго тавьж, эрсдэлгүй амьдрахыг эрмэлздэг» гэж Д.Туул хэлэв.
Холбоотой: Z үеийнхний цахим хэрэглээ
Гэтэл мөрөөдлөөр дүүрэн тэдний өөдрөг үзэл 2019 оны «Глобал миллениал» судалгаагаар хамгийн доод түвшиндээ хүрчээ. Тэдний сайн сайханд итгэх итгэл буурч, олон зүйлд итгэлээ алдаж эхэлсэн тухай тус судалгаанд өгүүлсэн байна.
Үүний шалтгааныг дэлхийн эдийн засгийн хямралын дараа амьдралын чанар дээшлээгүй, миллениалууд амьдрал зохиох үед хөдөлмөрийн хөлсөөрөө сайхан амьдрах боломж улам хумигдсантай холбон тайлбарладаг. Иймээс энэ насны залуус санхүүгийн хуримтлал үүсгэж, ирээдүйгээ төлөвлөхөөс илүү дэлхийг үзэж, биеэр туршлага хуримтлуулах сонирхолтой болж байгааг судалгаанд дурджээ. Хөгжингүй орнуудын миллениалууд гэр бүл зохиохоо хойшлуулж, санхүүгийн дарамтгүй амьдрахыг илүүд үзэх болсон гэнэ.
Харин Монголд миллениалууд харьцангуй эрт гэрлэж, гэр бүл салалт ч цөөнгүй байгаа нь статистикаас харагддаг. Д.Туул судлаачийн тайлбарлаж буйгаар тэд төлөвшиж амжаагүй буюу 25 наснаасаа өмнө гэрлэсэн нь салах шалтгаан болж байна. Яагаад эрт гэрлэв гэвэл тав тухтай, гэр бүл төвтэй амьдралыг чухалчилдаг сэтгэлгээ нь залуу насандаа илэрч, гэрлэлтэд яарсан байж магадгүй. Харин Z үеийнхэн гэрлэлтэд огт яардаггүй, ажил карьераа илүү чухалчилдаг тул дараагийн үед гэр бүл салалт багасах байх гэж тэрээр үзэж байна.
Миллениалуудын ажил карьер
Тэд дургүй ажлаа хийхгүй. Олон зүйл туршиж, таалагдах эсэхийг мэдэрч, нэг ажлаас нөгөөд санаа зоволтгүй шилжиж, өөрт утга учиртай зүйлийг бүтээхээр яваа үе гэж олон эх сурвалжид тэмдэглэжээ. Бүр «санхүүгийн хувьд хөл дээрээ тогтоогүй атлаа ийм олон ажил сольдог үе урьд нь байгаагүй» гэж бичсэн нь ч бий. Бусдын нүдээр туйлбаргүй мэт харагдаж болох ч магадгүй тэд өөрийгөө сонсож сурсан анхны үе байж болох юм.
Хүний нөөцийн чиглэлийн нэгэн вэбсайтад бичсэнээр өмнөх үеийнхнээсээ илүү нээлттэй энэ үеийнхэн ажил амьдралын аливаа асуудалд нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэдэг. Тэд ажлын байранд нээлттэй харилцаа, тэгш зарчмыг баримтлахыг хүсдэг бол X үеийнхэн бүлэглэх, түүний өмнөх бэби бүүмерүүд зарчимч, залуустай захиргаадалтын маягаар харилцах хандлагатай гэжээ.
Гэхдээ Д.Туул судлаачийн хэлснээр үе хоорондын эдгээр ялгаа нь онолын, хийсвэр ойлголт юм. Ялган зааглах тусам насны бүлгүүдийн харилцаа холдож, ойлголцох арга зам цөөрдөг. Харин ялгаатай байдлаа прагматик байдлаар ойлгож, нэгнээ хүлээн зөвшөөрөх нь нийгмийн хөгжилд тустай гэлээ.
Миллениалуудын зан шинжийг дагаад дэлхий даяар ажлын орчин ч өөрчлөгдөж байна. Тэд гэр бүлээ ажлаасаа дээгүүр тавьдаг тул илүү цагаар ажиллахыг төдийлөн хүсдэггүй. Гэрээсээ ажиллах боломжтой бол оффис руу зүтгэдэггүй. Хөдөлмөрөө шударга үнэлүүлэхийг эрмэлздэг тул цалин хөлсөнд нягт ханддаг.
Тэднийг байгууллагын харилцаа холбоо, технологийн салбарт авьяаслаг, оролцоо сайтай гэж сайшаадаг ч шүүмжлэл ч цөөнгүй. Тэд ажлын байранд хүсэлт тавих бус шаардах өнгөөр ярьдаг гэдэг. Хамгийн олуулаа, хамгийн сайн боловсрол эзэмшсэн үе гэдэгтээ эрдэж, хэт өөртөө итгэлтэй байдаг нь ч шүүмжлэл дагуулдаг. Нүүр тулж уулзах, утсаар ярихаас илүү мессеж, и-мэйлээр харилцахыг илүүд үздэг нь бусдад төвөг учруулах нь бий.
Миллениалууд юунд зовниж, юуг эрмэлзэж явна вэ?
Дөчөөс доош насныхны уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурч байгаа тухай судалгааны мэдээлэл цөөнгүй. Тэд хэвлэл мэдээллээр ирэх мэдээлэл нэг талыг барьсан, хэн нэгний ашиг сонирхолд үйлчилсэн байх нь элбэг гэж үздэг. Ер нь тэд юунд ч амархан итгэдэггүй үе болж байна.
Миллениалуудын олонх нь өнөөгийн эдийн засаг, улс төрийн тогтолцоо тэгш байдлыг бүрэн хангаж чадахгүй байна, өөрчлөлт хэрэгтэй гэж үздэг. 2019 оны «Глобал миллениал» судалгаанд өгүүлснээр миллениалуудын хамгийн их санаа зовдог зүйл бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал. Түүний дараа баялгийн тэгш бус хуваарилалт, авлигыг нэрлэжээ.
Холбоотой: Монголчуудын сошиал медиа хэрэглээ
Монголд ч энэ зовнил бодит. Залуус өдөр тутам тулгардаг шударга бус хандлага, баян ядуугийн ялгаа, ялгаварлалаас залхсан нь ажиглагдана. Иймээс олон нийтийн эрх ашгийг төлөөлж, тогтолцооны асуудлыг ил гаргаж ярьдаг, шийдэл хайдаг, түүнийгээ хэрэгжүүлэхээр дор дороо ажилладаг залуус олон болжээ. Олон нийт ч залуу хүмүүсийг сонсдог, сонгодог болж байна.
Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахаар түүчээлж яваа залуусаас Ид шидийн орон төслийн залуучууд, хүний эрхийн идэвхтэн Б.Болороо, Unlock подкастын залуучууд гээд нэр дурдах хүн олон. Хүйсийн тэгш эрх, хүүхдийн болон бэлгийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал анх удаа нээлттэй яригдаж эхэлсэн, мэргэжлийн, хараат бус сэтгүүл зүй, олон ургальч мэдээлэл түгсэн, боловсролыг дээдэлж, хувь хүний хөгжлөөс нийгмийн хөгжил эхэлдгийг ойлгосон нь миллениалуудын үе юм.
Ахмад үеийнхнийг шүүмжилсэн явган яриа олширч, үе үеэрээ тэмцэлдэж байгаа мэт дүр төрх дунд миллениалуудаа ийнхүү зураглалаа. Хэрэв та энэ нийтлэлийг уншиж суугаа, мөрөөдлөөр дүүрэн миллениалуудын нэг бол мөрөөдлөө битгий унтраагаарай, сайн сайханд итгэх итгэлээ бүү гээгээрэй. Учир нь бид урьд өмнө хэнд ч олдож байгаагүй боломжуудыг атгаж төрсөн үе юм.
Эх сурвалж: ub.life
Брэнд, маркетерт юу хэрэгтэй вэ?
Миллениалууд өнөөдөр гэр бүлийн худалдан авалтын гол шийдвэр гаргагчид. Тэд сурталчилгаанд амархан итгэдэггүй, мэдээллээ олон эх сурвалжаас шалгадаг, брэндийн үнэт зүйл, ил тод байдлыг анхаардаг. Тиймээс тэдэнд магтаал биш, бодит мэдээлэл, харьцуулалт, хэрэгтэй зөвлөгөө хүргэдэг контент илүү үр дүнтэй.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
Танай хэрэглэгч хэн бэ, тэдэнд ямар мессеж хүрэх вэ гэдгийг тодорхойлмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.