Үр бүтээлтэй маркетинг хийх нь

Хэрэглэгчдэдээ олон янзын санал тавь
Өсөлттэй бизнесүүдийн нийтлэг зүйл нь маркетингдаа сайн төвлөрч, хэрэглэгчдэдээ олон янзын санал тавьдаг явдал. Зарим санал нь бүтэлгүйтдэг бол зарим нь хэрэглэгчээ оновчтой онодог. Тэдэнд бүтэлгүй оролдлогоо нөхөхийн тулд том эрсдэл гаргах шаардлага гардаггүй. Учир нь санал бүрээ бага зардлаар, жижиг зах зээл дээр туршчихдаг.
Олон санал тавих тусам аль нь амжилттай болохыг мэдрэх мэдрэмж сайжирдаг. Хандлагыг хялбархан тодорхойлж, жижиг туршилтуудыг системтэй хийж, зах зээлийн хариу үйлдлийг тогтмол хэмжих хэрэгтэй.
AI-аар: Өнөөдөр нэг саналын хэд хэдэн хувилбар (гарчиг, текст, зураг) гаргах ажлыг AI хэдхэн минутад хийнэ. Meta-ийн Advantage+ creative зэрэг боломжууд сурталчилгааны хувилбаруудыг автоматаар туршихад тусалдаг. Гэхдээ ямар саналыг, хэнд туршихыг, үр дүнг хэрхэн ойлгохыг та өөрөө шийдэх ёстой.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөв байршуул
Дэлхийн түвшний хийлч хэр их мөнгө олдог вэ? Энэ нь тэр өөрийгөө зах зээлд хэрхэн гаргаж байгаагаас шалтгаална.
Joshua Bell гэдэг хүнийг мэдэх үү? Тэр бол дэлхийн хамгийн шилдэг хийлчдийн нэг. Дэлхий даяар олон мянган үзэгчийн өмнө тоглодог, тоглодог хийл нь олон зуун жилийн настай, хамгийн сайн дуугаралттай гэгддэг Страдивари хийл юм.
Түүнийг карьерийнхаа оргил үед байхад Washington Post сонин нэгэн нийгмийн туршилтад оролцохыг хүсжээ. 2007 оны 1-р сарын 12-ны өглөө Белл олон мянган хүн алхаж өнгөрдөг метроны буудал дээр хийлийн хайрцгаа нээлттэй орхиод сонгодог аялгуунуудыг тоглосон. Дэлхийн шилдэг хийлч хамгийн үнэтэй хийлүүдийн нэгээр тоглоод хэдийг олсон гэж та бодож байна? Washington Post-ын мэдээлснээр ердөө 32 доллар.
Хэдхэн хоногийн өмнө тэрээр Бостоны концертын танхимд тоглолт хийсэн байв. Тэр тоглолтыг үзэхийн тулд хүмүүс үнэтэй тасалбар худалдаж авч, танхим дүүрсэн байлаа.
Юу ингэж их ялгааг үүсгэв? Нэг үгээр хэлбэл, байршуулалт. Мэргэжлийн хөгжимчин өөрийгөө метроны хөгжимчин гэж байршуулбал үйлчлүүлэгчид нь тэр жишгээр л төлнө. Харин өөрийгөө концертын хөгжимчин гэж байршуулбал шал өөр хэрэглэгчдийг татаж, тэр жишгээр төлбөр авна. Өөрөөр хэлбэл, хүмүүс танай бүтээгдэхүүн, үйлчилгээг та хэрхэн байршуулснаар нь хүлээж авдаг.
Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?
Уригдсан зочин шиг бай
Дотны найз тань хаалгыг тань тогшвол та яаж угтдаг вэ? Харин оройн хоолоо идэж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж байхад тань танихгүй хүн юм зарах гэж хаалга тогшвол яах вэ? Эхнийхийг уригдсан зочин шиг угтана, учир нь та түүнтэй сайн харилцаатай. Дараагийнхыг яршигтай этгээд гэж үзнэ. Та түүнийг хэн, хаанаас ирснийг мэдэхгүй, түүний зарж буй зүйл танд хэрэггүй, сонирхолгүй байх магадлалтай.
Уригдсан зочин таны амьдралд үнэ цэнэ авчирдаг бол яршигтай борлуулагч зүгээр л саад болж, танаас ямар нэг юм авах гэж оролддог. Боломжит хэрэглэгч тань таныг дэлгэсэн гараар угтаж, таны зарж буй зүйлийг чин сэтгэлээсээ сонирхвол борлуулалт хийх хамаагүй хялбар болно.
Ихэнх бизнес итгэл үүсгээгүй байж зарах гэж оролддог. Гэнэт утасдах эсвэл хоцрогдсон аргаар сурталчилгаа хийдэг. Асуудал нь та өөрийгөө хэн, юу хийдгээ таниулаагүй байж хэрэглэгчээс шийдвэр гаргахыг хүсэж байгаад оршино. Тэд таныг мэдэхгүй, танд итгэж амжаагүй байна.
Сурталчилгаа цацаад, хүмүүс залгахад бүтээгдэхүүнээ тайлбарлаад «цаг товлоод уулзъя» гэж хариуллаа гэж бодъё. Энэ үед олон борлуулагч «найдвар» тавьдаг. Боломжит хэрэглэгч «Дэлгэрэнгүй танилцуулаач», «Үнийн санал явуулаач», «Нэмэлт мэдээлэл өгөөч» гэх бүрт энэ найдвар сэргэдэг. Хэн нэгэн сонирхонгуут та үүнийг дараагийн борлуулалт гэж догдолно.
Дараа нь хэдэн өдөр, хэдэн долоо хоног араас нь хөөцөлдөөд ямар ч хариу авахгүй. Сайхан ярилцсан, тэд сонирхлоо илэрхийлсэн ч гэнэт зогсчихдог. Та дахин залгана, мэйл бичнэ, хариу алга. Тэд зүгээр л таг болчихно. Учир нь боломжит харилцагч танд итгэхгүй байгаа учраас танайхаас авахгүй байна.
Холбоотой: Инбаунд маркетингийн сэжмийн арчилгаа түүнийг хэрхэн хийх вэ?
Сурга, сурга, сурга
Үүний оронд «сурга, сурга, сурга» гэсэн загварт шилж. Мэдлэг олгосноор:
- Итгэл бий болно.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн зөв сонголт гэж байршуулна.
- Хэрэглэгчтэйгээ харилцаа тогтооно.
- Борлуулалтын явц худалдагч, худалдан авагч хоёуланд нь хялбар болно.
Шууд зарах гэж оролдохын оронд эхлээд хэрэглэгчийнхээ асуудалтай холбоотой үнэ цэнэтэй мэдлэг санал болго. Зарахаа больж, сургаж, зөвлөж эхэл. Таны бүтээгдэхүүн ямар ач тустай, өрсөлдөгчдийн саналтай харьцуулахад ямар байгааг боломжит хэрэглэгчдэдээ ойлгомжтой тайлбарла.
Холбоотой: Инбаунд маркетинг буюу татах маркетинг гэж юу вэ?
Танай маркетинг яг аль шатанд гацаж байгааг мэдмээр байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.