Сайн маркетинг гэдэг нь санамсаргүй хийгддэг зүйл биш: суурь ойлголтоос контент хүртэл

Олон бизнес маркетингийг «пост тавих», «сурталчилгаа явуулах» гэж ойлгодог. Тэгээд нэг сар сайн, нөгөө сар муу үр дүн гараад яагаад гэдгийг тайлбарлаж чаддаггүй. Учир нь сайн маркетинг азаар биш, хэрэглэгчийг ойлгосон суурь мэдлэг, системтэй ажлаас гардаг.
Энэ нийтлэлд маркетингийн суурь ойлголтуудаас эхлээд хэрэглэгч хэрхэн шийдвэр гаргадаг, сэтгэл хөдлөлтэй контент яагаад ажилладаг, сошиал хүрэлтээ хэрхэн өсгөх талаар нэг дор нэгтгэв. Анх 2020 онд хоёр хэсэгтэй цуврал болгон бичсэнийг нэг нийтлэл болгож, хуучирсан тоо баримтыг хасч шинэчиллээ.
Маркетинг гэж юу вэ?
Маркетинг гэдэг нь зорилтот зах зээлээ сонгож, тэдэнд зориулан үнэ цэнэ бүтээж, түгээж, харилцаа тогтоох замаар хэрэглэгчтэй болох, тэднийг хадгалах, улам нэмэгдүүлэх урлаг ба шинжлэх ухаан юм.
Маркетер зөвхөн бараа зардаггүй. Зах зээлд санал болгодог зүйл олон янз:
- Бараа ба үйлчилгээ: хүнсний бүтээгдэхүүн, агаарын тээвэр, зочид буудал, гоо сайхан, банк, эмнэлэг
- Арга хэмжээ ба туршлага: шоу, компанийн ой, спортын тэмцээн, аялал, хүүхдийн парк
- Хүн ба байршил: уран бүтээлчид, алдартнууд, орон сууц, оффис, чуулга уулзалтын газар
- Өмчлөх эрх ба байгууллага: үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, байгууллагын нэр хүнд
- Мэдээлэл ба санаа: ном, шинжилгээ, «Яараад яахав дээ» гэх мэт нийгэмд чиглэсэн санаа
Хэрэгцээ, хүсэл, эрэлт гурав өөр
Хэрэгцээ бол хоол, ус, хувцас, орон байр зэрэг үндсэн шаардлага. Амрах, суралцах, зугаацах нь бас хэрэгцээ. Хэрэгцээ тодорхой зүйл рүү чиглэхэд хүсэл болно. Бүгдэд хоол хэрэгтэй, гэхдээ нэг нь стейк, нөгөө нь бууз хүснэ. Хүслийг нийгэм, соёл тодорхойлдог.
Эрэлт бол худалдан авах чадвараар баталгаажсан хүсэл. Олон хүн Mercedes-Benz хүсдэг ч цөөн нь худалдан авч чаддаг. Тиймээс бизнес хэдэн хүн хүсэж байгааг бус, хэдэн хүн худалдан авч чадахыг тооцох ёстой.
Маркетер хэрэгцээг бий болгодоггүй, хэрэгцээ түүнээс өмнө байсан. Маркетер хүсэлд нөлөөлдөг. Mercedes нийгмийн статусын хэрэгцээг хангана гэсэн санааг идэвхжүүлдэг болохоос статусын хэрэгцээг өөрөө бүтээгээгүй.
Сегментчлэл, зорилтот зах зээл, байр суурь
Хүн бүр KFC, Кока-Кола, нэг ижил кинонд дуртай байдаггүй. Тиймээс маркетер зах зээлээ хүн ам зүй, сэтгэл зүй, зан төлөвөөр нь сегментэд хуваадаг. Дараа нь хамгийн их боломжтой сегментээ зорилтот зах зээл болгон сонгож, тэдний ой ухаанд тодорхой байр суурь эзлэх санал боловсруулна.
Volvo аюулгүй байдлыг юуны түрүүнд тавьдаг худалдан авагчдад «хамгийн аюулгүй машин» гэсэн байр суурийг олон жил тууштай бий болгосон нь сонгодог жишээ.
Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?
Үнэ цэнэ, брэнд, сэтгэл ханамж
Компани хэрэглэгчийн хэрэгцээг хангах ашиг тусын цогц буюу үнэ цэнийн амлалт өгдөг. Тэр амлалт бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл, туршлагаар биелнэ. Брэнд бол энэ саналын эх үүсвэрийг таниулдаг нэр, дүр төрх.
Хэрэглэгч чанар, үйлчилгээ, үнийн хослол буюу үнэ цэнэ хамгийн их санал болгосныг сонгодог. Хэрэглэсний дараа хүлээлтээ бодит байдалтай харьцуулна:
- Хүлээлтээс доогуур: сэтгэл ханамжгүй
- Хүлээлттэй нийцсэн: сэтгэл ханамжтай
- Хүлээлтээс давсан: сэтгэл хангалуун, дахин ирж, бусдад санал болгоно
Хэрэглэгч хэрхэн шийдвэр гаргадаг вэ?
Хүний бодол, сэтгэл хөдлөлийн ихэнх нь ухамсрын гадна явагддаг. Тархи юмсын мөн чанарыг бүрэн задлан ойлгохоос өмнө шийдвэрээ гаргачихсан байдаг. Тиймээс хэрэглэгч яагаад тэр сонголтыг хийснээ ихэнхдээ тайлбарлаж чаддаггүй, эсвэл дараа нь логик шалтгаан зохиож хэлдэг. Зөвхөн асуулгаар мэдээлэл цуглуулах нь буруу дүгнэлт рүү хөтөлж болдог шалтгаан нь энэ.
Нэгэн түргэн хоолны газар хэрэглэгчдээсээ асуухад олонх нь эрүүл, хөнгөн салат байвал авна гэжээ. Салатаа гаргахад бараг зарагдаагүй. Хүмүүсийн жинхэнэ хүсэл нь шүүслэг том бургер байсан. Мөн хүмүүс кофе шоп сонгохдоо «кофе нь амттай газар» гэж хариулдаг ч бодит байдал дээр дизайн нь гоё газарт илүү очдог нь ажиглагдсан.
Хэрэглэгчийн өдөөгчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж, ямар сэтгэл хөдлөл төрдгийг судалдаг салбарыг нейромаркетинг гэдэг. Энэ сэдвийг сонирхвол «Brainfluence» номыг уншихыг зөвлөе.
Практикт: асуулгаас гадна хэрэглэгчийн бодит зан төлөвийг хар. Аль пост дээр зогссон, юуг асуусан, юуг худалдан авсан. Мессеж, коммент, борлуулалтын өгөгдлөө AI-д өгч давтагддаг хэв маягийг олуулж болно. Гэхдээ дүгнэлтээ бодит хэрэглэгчтэйгээ ярьж шалгаарай.
Маркетингийн хольц: 4P ба 7P
Маркетингийн үндсэн 4P:
- Product: бүтээгдэхүүн
- Price: үнэ
- Promotion: идэвхжүүлэлт, сурталчилгаа
- Place: хуваарилалт, борлуулалтын суваг
Үйлчилгээний бизнест үүн дээр 3P нэмэгдэж 7P болно:
- People: үйлчилгээ үзүүлж буй хүмүүс
- Process: үйл явц
- Physical evidence: бодитоор харагдах нотолгоо (орчин, савлагаа, баримт)
Байгууллагын амжилт эдгээрийг хэр уялдуулж удирдахаас хамаардаг.
Маркетинг өөрөө ч хөгжсөөр ирсэн. Marketing 1.0 бүтээгдэхүүн төвтэй, 2.0 хэрэглэгч төвтэй, 3.0 хүн ба нийгэм төвтэй, 4.0 технологид суурилсан хэрэглэгч, компанийн харилцаанд төвлөрдөг. Дэлгэрэнгүйг Marketing 4.0 хуудаснаас үзээрэй.
Дижитал ба сошиал медиа маркетинг
Дижитал маркетинг гэдэг нь хайлтын систем, сошиал медиа, и-мэйл, вэбсайт зэрэг дижитал сувгаар одоогийн болон боломжит хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэх арга. Уламжлалт хэвлэл, телевиз тогтсон цагт мэдээлэл хүргэдэг бол дижитал суваг хэрэглэгч хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломж олгодог. Зардал харьцангуй бага, үр дүн нь хэмжигддэг нь гол давуу тал.
Сошиал медиа маркетинг нь контент бүтээж Facebook, Instagram, YouTube, TikTok зэрэг сүлжээгээр зорилтот хэрэглэгчдэдээ түгээх ажил. Зөв хүнд, зөв цагт, зөв контент хүргэвэл бага зардлаар өндөр үр дүнд хүрч болно.
Хэрэглэгчид дэлгүүрт орохоосоо өмнө олон сувгаас мэдээлэл цуглуулж, шийдвэрээ гаргачихсан очдог эсвэл шууд хүргүүлж авдаг болсон. Тиймээс дижитал сувагт байхгүй бол шийдвэр гаргалтын эхний шатанд тань огт байхгүй гэсэн үг.
Холбоотой: Монголчуудын сошиал медиа хэрэглээ
Сэтгэл хөдлөлтэй контент бүтээ
Контент маркетинг гэдэг нь зорилтот хэрэглэгчийнхээ сонирхол, хэрэгцээнд нийцсэн үнэ цэнэтэй контентыг тасралтгүй хүргэж, харилцаа тогтоон, шууд бусаар үйлдэлд уриалдаг стратеги. Контентын зорилго ихэвчлэн дөрвөн төрөлд хуваагдана:
- Inform: мэдээлэл өгөх
- Educate: боловсрол олгож, хэрэглэгч болоход бэлтгэх
- Entertain: зугаацуулж, хошигнолоор дамжуулан брэндээ санагдуулах
- Emotional: сэтгэл хөдлөлөөр дамжуулан брэндээ байршуулах
Хамгийн их борлуулалттай брэндүүдийн кампанит ажлууд ихэнхдээ сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг. Nescafé-гийн «The Hello Experiment» зэрэг нийгмийн туршилт хэлбэрийн сурталчилгаа үүний тод жишээ.
Үгээр сэтгэл хөдөлгөх зарим арга:
- Мэдрэмж төрүүлэх: «Амнаас тань гал асаах улаан чинжүү»
- Зорилгыг асуулт болгох: «Ажлаа сольж карьераа өсгөмөөр байна уу?» (англи хэлний сургалт)
- Ижил асуудалтай хүнд хандах: «Завгүй ээж та тавтай морил» (бага насны хүүхэдтэй ээжүүдийн кофе шоп)
- Хүлээн зөвшөөрөх: «Үргэлж завгүй ээжүүд минь, одоо л тухтай амраарай»
- Гайхшруулах санал: «Хүүхэд уйлвал кофе үнэгүй»
- Төсөөлүүлэх: бүтээгдэхүүнээ нэрлэлгүйгээр халуун зуны өдөр хөргөгч нээхэд хүйтэн ундааны мэдрэмжийг дүрслэх
Видео ба шууд дамжуулалт
Видео, ялангуяа Reels болон богино видео одоо сошиал сувгийн гол хэлбэр. Эхний хэдэн секундэд анхаарал татаж чадахгүй бол хүн гүйлгээд өнгөрнө. Гарчиг, тайлбар, нүүр зураг (thumbnail), төгсгөлийн дэлгэц бүгд чухал. Facebook, Instagram-д богино видео, YouTube-д илүү гүнзгий, түүх өгүүлсэн видео сайн ажилладаг.
Шууд дамжуулалт (live) нэг удаагийн ажлаас олон контент гаргадаг: дамжуулалт өөрөө, дараа нь бэлэн видео, түүнээс тасдсан богино клипүүд, аудио подкаст, блог нийтлэл. Бүтээгдэхүүний танилцуулга, шинэ бүтээгдэхүүний нээлт, асуулт хариулт, нөлөөлөгчтэй хамтарсан ярилцлага зэрэгт тохиромжтой. Урьдчилан төлөвлөж, дагагчдадаа мэдэгдэж, интернет, дуу, тогтвортой зураг авалтаа шалгаад, үзэгчидтэйгээ ярилцаарай.
Блог ба постер
Бизнесийн блог бол хобби биш, сошиал медиа, и-мэйлтэй адил маркетингийн суваг. Хэрэглэгчийг сургаж, вэбсайтад хайлтаас чанартай урсгал авчирдаг.
Постер хийхдээ нүдний хөдөлгөөний судалгаанаас гарсан хоёр энгийн дүрмийг санаарай: бүдэг дэвсгэр дээрх тод өнгө анхаарал хамгийн хүчтэй татдаг, хүн зургийн төв рүү түрүүлж хардаг. Гол мессеж болон дэвсгэрийн өнгөний зохицлыг сайтар бод, текстээ цөөн байлга.
Холбоотой: Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ? AI-тай ажиллах 5 алхам
Сошиал хүрэлтээ хэрхэн өсгөх вэ?
Ойролцоо дагагчтай хоёр пэйжийн нэг нь олон хүнд хүрч, нөгөө нь цөөн хүнд хүрдэг. Гол шалтгаанууд:
- Сонирхолгүй контент: пост хүний сэтгэлд хүрэхгүй, хэт цөөн эсвэл нэг хэвийн байна
- Идэвхгүй хуудас: өмнөх пост хүрээгүй тул дараагийнх нь ч хүрэхгүй
- Худалдаж авсан хуудас: дагагчид нь зорилтот хэрэглэгч биш тул контентод сонирхолгүй
Сурталчилгаанд гаргадаг түгээмэл алдаа:
- Зөвхөн Boost товч ашиглах: хурдан, хялбар ч чиглүүлэлт, зорилгын сонголт хязгаарлагдмал. Ads Manager-аар кампанит ажлаа зорилготой нь тохируулаарай.
- Хэт богино хугацаа, бага төсвөөр дүгнэх: сурталчилгааны алгоритм хэнд илүү ажиллаж байгааг сурч, хугацааны явцад оновчлогддог.
- Зөвхөн бүтээгдэхүүнээ сурталчлах: хүн бүр худалдан авахад бэлэн биш. Сургах, урам өгөх, сонирхол татах контентыг ч сурталчилгаагаар түгээ.
- Custom Audience ашигладаггүй: хэрэглэгчийн утас, и-мэйл, вэбсайтын зочид, видео үзэгчдээр бүлэг үүсгэж, тэдэнтэй төстэй хүмүүст Lookalike audience-аар хүрч болно.
Instagram-д цөөн ч оновчтой hashtag, байршлын тэмдэглэгээ шинэ хүмүүст хүрэхэд тусалдаг. Тайлбараа энгийн, сэтгэлд хүрэхүйц бич, хэт их сурталчилгааны зураг бүү тавь. Сторис дээр бодит хүн өөрөө ярьж, асуулт, санал асуулга ашиглан харилцаа үүсгээд, чухлыг нь Highlights-д хадгал.
Холбоотой: Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг шалтгаанууд
AI энэ бүхэнд хаана тусалдаг вэ?
AI маркетингийн зарчмыг өөрчлөөгүй, ажлын хурдыг өөрчилсөн. Хэрэглэгчийн мессежээс хэв маяг олох, гарчиг, текстийн олон хувилбар гаргах, нэг видеог олон хэсэгт задлах, сарын тоог шинжлэх ажлыг AI хурдан хийнэ. PlanAI Монгол хэрэглэгчийн зан төлөв, улирлын эрэлтэд тулгуурлан маркетингийн төлөвлөгөөг ойролцоогоор 30 минутад гаргадаг.
Гэхдээ хэнд, юу, яагаад гэдэг стратеги, үнэн зөв мэдээлэл, брэндийн дуу хоолой хүний ажил хэвээр. Сайн маркетинг санамсаргүй хийгддэггүй гэдэг нь яг үүнийг хэлж байгаа юм.
Эдгээр суурийг өөрийн бизнес дээрээ нэг өдөрт хэрэгжүүлж үзмээр байвал DMC 2026 сургалтад багаараа хамрагдаарай. Танай маркетингийг хамтдаа оношлуулмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.