Хамгийн өндөр амжилтад хүрсэн маркетингийн 10 кампанит ажил

Кампанит ажил гэдэг нь олон удаагийн сурталчилгаа, төрөл бүрийн хэрэгслээр дамжуулан нэг санаа, нэг мессежийг тууштай хүргэх ажил юм. Энд дэлхийн маркетингийн түүхэнд хамгийн өндөр амжилтад хүрсэн 10 кампанит ажлыг танилцуулж байна.
Эдгээр кампанит ажил брэндийнхээ өсөлтөд асар их нөлөө үзүүлж, заримдаа бүхэл бүтэн салбарыг өөрчилсөн. Хүргэсэн мессеж нь хүмүүсийн ойлголтод бат суугаад зогсохгүй амьдралын хэв маягийг нь ч өөрчилсөн. Тус бүрээс жижиг, дунд бизнес өнөөдөр ч ашиглаж болох сургамжийг тэмдэглэлээ.
Холбоотой: Бүтээлч салбарынхны уулзалт: Cannes Lions 2019 шилдэгүүд
1. Nike: Just Do It
Nike анх зөвхөн марафон гүйгчдэд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг байсныг та мэдэх үү? Удалгүй хүмүүсийн дунд фитнесст явах моод дэлгэрч, Nike-ийн маркетингийн баг үүнийг ухаалгаар ашигласан. Ингэснээр тухайн үед илүү их гутал борлуулдаг байсан гол өрсөлдөгч Reebok-ийг гүйцэж түрүүлсэн юм.
Тэд 1980-аад онд «Just Do It» буюу «Зүгээр л хий» кампанит ажлыг эхлүүлсэн нь асар их амжилт авчирч, борлуулалт нь огцом өссөн. Энэ уриа богино хэрнээ сонсголонтой бөгөөд хүмүүсийг дасгал хийхэд зоригжуулдаг. Таван километр гүймээр байна уу? Ярих биш, бодох биш, зүгээр л хий. Дөрвөн давхар шатаар өгсмөөр байна уу? Зүгээр л хий. Энэ уриа хүн бүртэй холбогдож, хязгаараа давахад нь урамшуулсаар иржээ.
Сургамж: Брэндээ хэрхэн сурталчлахаа мэдэхгүй байвал хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэж байгаагаа бод. Танай бүтээгдэхүүн ямар шийдэл өгдөг вэ? Үүнийг мессеждээ шингээж чадвал хэрэглэгчийнхээ сэтгэлд хүрнэ.
Холбоотой: Зорилтод хэрэглэгч, худалдан авагчиддаа маркетингийнхаа мессежээ хэрхэн хүргэх вэ?
2. Absolut Vodka: The Absolut Bottle
Энэ кампанит ажлын ачаар Absolut-ын лонхыг хэн ч харсан таньдаг болсон. Тэдний зурагт хуудаснууд лонхыг төрөл бүрийн орчин, дүр төрхөөр харуулдаг байв. Энэ нь маш амжилттай байсан тул олон арван жил үргэлжилж, дэлхийд хамгийн удаан тасралтгүй үргэлжилсэн кампанит ажлын нэгд тооцогддог. Энэ хугацаанд нэг л лонхыг тоо томшгүй олон янзаар харуулсан сурталчилгаа хийжээ. Амжилттай байгаа юмыг яагаад зогсоох гэж?
Кампанит ажлын өмнө согтууруулах ундааны зах зээлд жижиг байр суурьтай байсан Absolut энэ кампанит ажлын үр дүнд дэлхийд танигдсан томоохон брэнд болсон.
Сургамж: Таны бүтээгдэхүүн хэчнээн энгийн харагдаж байсан ч түүнийг сонирхолтой харуулах боломж үргэлж бий. Absolut нэг л лонхыг олон зуун янзаар үзүүлсэн. Та ч шийдэмгий байж, бүтээгдэхүүнээ бусдаас өөрөөр танилцуулаарай.
3. Miller Lite: Great Taste, Less Filling
Miller Brewing бол өөртөө шинэ зах зээл бий болгосны тод жишээ. Тэдний «Great Taste, Less Filling» кампанит ажил эрчүүдийг калори багатай хөнгөн шар айраг уухад чиглэсэн.
Хамгийн том саад нь калори багатай шар айраг амтгүй гэсэн буруу ойлголт олон нийтэд бат суусан байсан явдал. Тиймээс Miller-ийнхэн эр хүнлэг дүр төрхтэй эрчүүд энэ шар айргийг ууж, гайхалтай амттай байна гэж хэлдэг сурталчилгаа хийхээр шийджээ. Кампанит ажлын дараа Miller Lite олон жилийн турш хөнгөн шар айрагны зах зээлд тэргүүлсэн.
Сургамж: Хүмүүс таны бүтээгдэхүүнд орон зай байхгүй гэвэл бууж өгөх хэрэггүй. Өөрийн гэсэн шинэ зах зээл бий болгож, түүндээ тэргүүлэгч болж болно.
4. Dove: Real Beauty
«Гоо үзэсгэлэн сэтгэлийн зовнил биш, өөртөө итгэх итгэлийн эх үүсвэр байдаг ертөнцийг төсөөл.» Энэ бол Dove-ийн 2004 онд эхлүүлсэн «Жинхэнэ гоо үзэсгэлэн» кампанит ажлын гол мессеж. Тэд хүмүүст эмзэг бөгөөд ойр сэдвийг хөндөж, зорилтот хэрэглэгчийнхээ персонаг маш оновчтой ашигласан.
Жишээ нь «Real Beauty Sketches» ажлын хүрээнд криминалист зураач хэд хэдэн эмэгтэйн хөргийг зурсан. Эхний удаад эмэгтэйчүүд өөрсдийгөө дүрсэлж ярьсан бол дараагийн удаад танихгүй хүн тэднийг дүрсэлжээ. Хоёр зургийн ялгаа үнэхээр итгэмээргүй байв. Dove энэ зургуудыг өөрсдийгөө үзэсгэлэнтэй гэж боддог эмэгтэйчүүд маш цөөхөн байдаг гэсэн судалгааны дүгнэлттэй хамт хүргэсэн.
Үр дүнд нь Dove-ийн видеог дэлхий даяар асар олон хүн үзэж, хуваалцаж, олон хэлээр орчуулжээ. Энэ нь Dove-ийн мессеж үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээснийг харуулна.
Сургамж: Бүтээгдэхүүнээ биш, хэрэглэгчийнхээ мэдрэмжийг төвд тавь. Тэдний бодит асуудал, айдсыг ойлгож чадвал мессеж тань хамгийн хүчтэй ажиллана.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
5. De Beers: A Diamond Is Forever
De Beers-ийн «A Diamond Is Forever» (Алмааз бол мөнхийн) уриа 20-р зууны хамгийн мартагдашгүй уриануудын нэгд тооцогддог. Тэдний зорилго бол гэрлэх санал тавих гэж буй хүн бүр алмаазан бөгжийг заавал бодох сэтгэлгээг бий болгох байв.
De Beers 1940-өөд оноос олны танил хүмүүс ямар алмаазан бөгжөөр гэрлэх санал тавьсан тухай сонин, сэтгүүлээр цацаж, загвар зохион бүтээгчдээр ямар алмааз тренд болж байгааг яриулдаг байв. Ингэж алмааз бол хүн бүрийн хүсдэг, дээд зэрэглэлийн гоёл гэсэн ойлголтыг хүмүүст суулгажээ. Гэтэл алмаазыг дахин зарахад дэлгүүрийн үнээс хамаагүй бага үнэлэгддэг.
Сургамж: Маркетинг бүтээгдэхүүний үнэ цэнийг хүмүүсийн нүдэнд өсгөж, илүү чухал, илүү сайхан харагдуулж чаддаг. Харин тэр үнэ цэн бодит байх тусам брэнд удаан амьдарна.
6. Clairol: Does She or Doesn’t She?
1957 онд Clairol кампанит ажлаа эхлүүлэхэд үсээ буддаг эмэгтэйчүүд цөөхөн байсан бол хэдэн жилийн дараа үсээ будах нь энгийн зүйл болжээ. Энэ кампанит ажил үнэхээр амжилттай болж, АНУ-ын зарим мужид жолооны үнэмлэх дээр үсний өнгө бичдэг байсныг болиулахад хүртэл нөлөөлсөн гэдэг.
Clairol ихэнх маркетерын ашиглах стратегийн яг эсрэгийг сонгосон. Тэд гудамжинд явж буй эмэгтэйчүүд бүгд манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байна гэж хэлүүлэхийг хүсээгүй. Харин үсээ будсан эсэхийг нь бусад хүн огт мэдэхээргүй чанартай бүтээгдэхүүн гэсэн мессежийг хүргэсэн.
Сургамж: Заримдаа бүтээгдэхүүнийхээ гол онцлогийг тод харуулахад л хангалттай. Хэлснээс үзүүлсэн нь илүү үр дүнтэй.
7. Apple: Get a Mac
Apple-ийн гайхалтай кампанит ажил олон ч «Get a Mac» бол тэдний дундаас тэргүүнд бичигдэх нэг. Сурталчилгаа гарсны дараа борлуулалт нь мэдэгдэхүйц өссөн.
Mac уу, PC юу гэсэн маргаан олон жилийн түүхтэй. Энэ сурталчилгаанд жинсэн өмдтэй, чөлөөтэй залуу Mac-ийг, костюмтай, нүдний шилтэй залуу PC-г төлөөлж, хоёулаа өөр өөрийн давуу талыг ярилцдаг. Ингэж бүтээгдэхүүний талаар мэдэх ёстой бүхнийг хэрэглэгчдэд ухаалаг, хялбар ойлгуулсан.
Сургамж: Бүтээгдэхүүнээ хэн ч ойлгохуйц, үзэгч өөрийгөө түүнийг хэрэглэж буйгаар төсөөлж чадахуйц энгийн маркетинг ихэнхдээ хамгийн үр дүнтэй.
8. Volkswagen: Think Small
Олон хүн Volkswagen-ий «Think Small» кампанит ажлыг маркетингийн стандартыг тогтоосон бүтээл гэж үздэг. Үүнийг сурталчилгааны алдарт Doyle Dane Bernbach (DDB) агентлаг хийсэн.
Тухайн үед америкчуудын олонх нь том хэмжээтэй америк машин авахыг эрмэлздэг байв. Дэлхийн II дайнаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч герман машин авахаас татгалзсаар байлаа. Үүний хариуд Volkswagen юу хийсэн бэ? Тэд америкчуудын бодож байсан зүйлийг л батлав: Та намайг жижигхэн гэж бодож байна уу? Тийм ээ, би жижигхэн. Тэд зүгээр л үнэнээ хэлсэн.
Сургамж: Өөрийгөө, бүтээгдэхүүнээ, компаниа байгаагаас нь өөрөөр харуулах гэж бүү оролд. Хэрэглэгчид шударга байдлыг үнэлдэг.
9. Marlboro: Marlboro Man
1955 оноос эхтэй «Marlboro Man» кампанит ажил бүтээгдэхүүнийг амьдралын хэв маягтай холбосон брэнд ямар хүчтэй болохыг харуулсан. Эрх чөлөөтэй баймаар байна уу? Эр хүн шиг баймаар байна уу? Уудам тал руу явмаар байна уу? Эдгээр асуулт «Marlboro Man» буюу «Марлборогийн эр»-ийн дүрийг тодорхойлдог. Тухайн үеийн олон залуугийн мөрөөддөг амьдралын хэв маягийг харуулснаараа энэ кампанит ажил асар амжилттай болсон.
Өнөөдөр тамхины сурталчилгааг олон оронд хуулиар хориглож, хязгаарласан. Гэхдээ брэндийг амьдралын хэв маягтай холбох арга нь маркетингийн сонгодог жишээ хэвээр байна.
Сургамж: Хэрэглэгчийнхээ амьдралын хэв маяг, эсвэл тэдний хүсдэг амьдралыг бүтээгдэхүүндээ шингээж чадвал амжилтад хүрэх магадлал өндөр.
10. California Milk Processor Board: Got Milk?
California Milk Processor Board-ийн энэ кампанит ажлын дараа Калифорнид сүүний борлуулалт өссөн. Нөлөө нь Калифорниас хальж олон мужид хүрч, «Got ___?» гэсэн хошин хэллэгийг хүртэл бий болгосон.
Энэ сурталчилгааны гол онцлог нь сүү уудаггүй хүмүүст бус, аль хэдийн уудаг хүмүүст зориулагдсан явдал. Заримдаа шинэ хэрэглэгч хайхаас илүү одоо байгаа хэрэглэгчдээ анхаарч, хэрэглээг нь нэмэгдүүлэх нь зөв.
Сургамж: Хэрэглэгчээ брэндийн дэмжигч болгож, бүтээгдэхүүнийг тань яагаад үргэлжлүүлэн хэрэглэх ёстойг сануулж бай.
Эх сурвалж: HubSpot.com
Эдгээр кампанит ажлаас өнөөдөр юу сурах вэ?
Эдгээр кампанит ажил хэдэн арван жилийн өмнө хийгдсэн ч зарчим нь хэвээр. Нэг тод санаа, хэрэглэгчийн бодит асуудал, үнэнч байдал, тууштай давталт. Өөрчлөгдсөн зүйл нь хэрэгсэл юм.
Өнөөдөр AI нь нэг санааг пост, Reels, сурталчилгааны олон хувилбар болгон хурдан задалж, аль нь илүү ажиллаж байгааг хэмжихэд тусалдаг. Absolut-ын нэг лонхыг олон янзаар харуулсан шиг санааг олон хэлбэрт оруулах нь хялбар болсон. Гэхдээ «Just Do It», «Think Small» шиг гол санааг AI гаргаж өгдөггүй. Стратеги, үнэн зөв мэдээлэл, брэндийн дуу хоолой хүний ажил хэвээр үлдэнэ.
Холбоотой: Брэндээ хэрэглэгчийн тархинд хэрхэн байршуулах вэ?
Танай брэндийн гол санаа, мессежийг хамтдаа тодорхойлмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.