Бүтээлч салбарынхны уулзалт: Cannes Lions 2019 шилдэгүүд

Энэ нийтлэл 2019 оны Cannes Lions наадмын тухай бөгөөд тухайн үеийн мэдээллийг түүхэн тэмдэглэл болгон хадгалав.
Дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийнхний (creative industry) олимп гэж нэрлэж болох Cannes Lions International Festival of Creativity 2019 оны зургадугаар сарын 17-ноос тав хоногийн турш Францын Канн хотноо болж өнгөрсөн.
Маркетинг, хэвлэл мэдээлэл, дизайн, архитектур, кино, хөгжим, соёлын бүтээл үйлдвэрлэлийн салбарт дэлхий даяар асар олон хүн ажиллаж, их хэмжээний баялаг бүтээж байна. Энэ хүрээнд бүтээлч эдийн засаг (creative economy) хэмээх шинэ зах зээл хүчтэй тэлж, оюуны бүтээл заримдаа аж үйлдвэрлэлээс ч илүү үнэ цэнийг бий болгох боллоо.
Жил бүр Канн хотноо болдог энэ олон улсын бүтээлч наадмын үеэр хэлэлцэгдсэн сэдвүүд, шилдэг бүтээлүүд, салбарын чиг хандлагыг та бүхэнд хүргэе.
Наадмын тухай
Дэлхий дээрх зар сурталчилгааны дийлэнхийг хүмүүс огт санадаггүй, анзаардаггүй гэвэл та итгэх үү? Үлдсэн цөөн хэсгийг нь ч эерэг бус, сөрөг сэтгэгдэлтэй санах нь бий. Үүний цаана маркетингийн салбар жил бүр асар их мөнгийг дэмий үрдэг гэсэн үг. Ийм учраас маркетер үнэхээр бүтээлч байх ёстойг «Канны арслангууд» наадам бодитоор харуулж, мэдрүүлдэг.
Канны олон улсын кино наадмаас салбарласан Cannes Lions наадам 1954 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж, дэлхийн маркетинг, олон нийтийн харилцааны салбарынхны ололт амжилтаа хуваалцдаг хамгийн том талбар болон өргөжсөн. Оролцогчид амжилттай кейс, бүтэлгүйтсэн түүхээ ярилцаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, зар сурталчилгааг үр өгөөжтэй хийхэд тулгарч буй асуудал, өөрчлөгдөж буй чиг хандлага, ирээдүйн гол трендийг тодорхойлдог.
2019 оны наадамд дэлхийн олон орны бүтээлч салбараас гэрэл зураг, видео, биет бүтээл зэрэг олон төрлийн маш олон бүтээл ирүүлж, олон мянган уран бүтээлч оролцжээ. Ирүүлсэн бүтээлүүдээс маркетинг, зар сурталчилгаа, PR, хэвлэл мэдээлэл, дизайн, энтертайнмент, эрүүл мэнд, инновац зэрэг олон төрөлд Гран при болон алт, мөнгө, хүрэл медалийн эздийг шалгаруулсан.
Канны арслан хүртэгчид
2019 онд Канны арслан хүртсэн бүтээлүүдийн ихэнх нь нийгмийн асуудлыг хөндсөн контент байв. Бараа бүтээгдэхүүнийг шууд, бүдүүлгээр сурталчилдаг үе ард хоцорч, түүний цаана байгаа үнэ цэн, утга учрыг хөндөх нь маркетингийн салбарын зорилт болж байгааг энэ нь харуулсан.
Энэ хандлагыг даган компаниуд тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд нийгмийн өмнө хариуцлагатай байх ёстой гэсэн санаа түгэх болжээ. Нийгмийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэднийг дэмжсэн кампанит ажил, сурталчилгаа бүтээх нь голлох тренд болсон.
Өмнө нь урлаг, соёлын оддыг брэндийн гол нүүр царай болгодог байсан бол одоо нийгмийн зорилтот бүлгийг оролцуулсан, хэнийг ч ялгаварлахгүй, хүртээмжтэй кампанит ажил хамгийн үр нөлөөтэй болжээ. Жишээ нь Nike компани арьс өнгөөр ялгаварлах үзэл, шударга бус явдлын эсрэг байр сууриа илэрхийлсэн америк хөлбөмбөгийн тамирчин Колин Каперникийг нүүр царайгаа болгож, Dream Crazy кампанит ажлыг хийсэн нь наадмын Гран при шагнал хүртсэн.
Холбоотой: Хамгийн өндөр амжилтад хүрсэн маркетингийн 10 кампанит ажил
Наадамд ирсэн бүтээлүүдээс харахад дэлхийн томоохон брэндүүдийн зорилго нийгмийн зорилготой нийцсэн, үнэт зүйл шингээсэн байх ёстой болжээ. Ашгийн төлөө байгаль орчинд хор хөнөөл учруулж, бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг компанийн зах зээлд тэсэж үлдэх магадлал өдрөөс өдөрт буурсаар байгааг мэргэжилтнүүд онцолж байв.
Тиймээс дэлхий хэрхэн өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ яаж хувьсаж байгааг бүтээлч салбарынхан хамгийн түрүүнд мэдэрч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой. Аливаа барааг зарахдаа ашиг орлогод төвлөрөхөөс илүү хэрэглэгчдэд ямар үнэ цэн өгөх вэ гэдэгт анхаарвал урт хугацаандаа тэр бизнес амжилттай байх болно.
Google: Design Grand Prix
- Санаачлагч: Google
- Бүтээгч: Google Creative Lab
- Улс: АНУ
Google компани хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн технологийн хэрэглээг дэмжих, бүтээлч чадварыг нь хөгжүүлэх, тэдэнд бусдын адил уран бүтээл туурвих боломж олгох зорилготой төслөөрөө Канны арслан хүртсэн.
Volvo: Creative Strategy Grand Prix
- Санаачлагч: The Volvo Group
- Бүтээгч: Forsman & Bodenfors, Гётеборг
- Улс: Швед
Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo «The Equal Vehicles for All (E.V.A.)» төслийнхөө хүрээнд 1970 оноос хойш цуглуулсан зам тээврийн ослын мэдээллээ судалж, эмэгтэйчүүд осолд өртөхдөө эрчүүдээс илүү гэмтэх эрсдэлтэйг тогтоожээ. Учир нь автомашин үйлдвэрлэгчид ослын туршилтаа голдуу дундаж эрэгтэй хүний биеийн жин, хэлбэрт тохирсон загвараар хийдэг байсан нь эмэгтэйчүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байв. Volvo энэ судалгаагаа олон нийтэд нээлттэй болгож, кампанит ажил өрнүүлсэн.
Бүтээлч салбарын тухайн үеийн тренд, цаашдын чиг хандлага
Хэрэглэгчид аливаа брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар урьд өмнөхөөс илүү их мэдээлэл авах боломжтой болсон. Тиймээс бодит байдлаас зөрсөн, «давсалсан» мэдээлэл өгөх нь хамгийн муу арга болжээ. Богино хугацааны, ашиг харсан маркетинг хийхийн оронд олон нийтэд нээлттэй байж, хэрэглэгчийн итгэлийг олохын төлөө үнэ цэн бүтээх нь чухал болохыг наадам харуулсан. Олон дэд сэдвийн хүрээнд болсон хэлэлцүүлэгт VALUE буюу үнэ цэн, AUTHENTIC буюу бодит, жинхэнэ гэсэн үгс хамгийн их яригдсан.
Kantar судалгааны байгууллагын судалгаагаар залуусын дийлэнх нь бизнес, дэлхийн томоохон брэндүүд нийгмийн асуудлыг шийдэлцэх үүрэгтэй гэж хариулжээ. Мөн Edelman Trust Barometer-ийн судалгаанд оролцсон залуусын олонх нь нийгмийн асуудалд анхаардаггүй, байгальд ээлгүй брэндийн бараа худалдан авахгүй гэж хариулсан байна.
Энэ чиг хандлагаас харахад хувь хүнээс эхлээд ямар ч компанийн зорилго, алсын хараа нийгмийн зорилготой нийцэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл шинэ үеийн залуус хуурамч, дүр эсгэсэн сурталчилгаа, PR-т хууртахаа больжээ. Тэд шийдвэр гаргахдаа нөлөөлөгч хүмүүсийн үг, үйлдлийг ихээхэн хардаг.
Холбоотой: Influencer буюу нөлөөлөгч хүмүүсийг маркетингдаа ашигла: микро нөлөөлөгч, AI ба үр дүнгийн хэмжилт
Тиймээс аливаа сурталчилгаа, брэндинг, PR хийхдээ «тэнгэрээс бууж», бусдыг хууралгүй, өөрсдийгөө хөөргөлгүй, зах зээлээ бодитоор мэдэрч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох энгийнээр хүргэж, үнэ цэн бий болгох нь амжилтын түлхүүр болж байна.
Гэвч хэрэглэгчийн анхаарлыг татах амаргүй. Дэлхийн томоохон сурталчилгааны компани BBDO-гийн ерөнхийлөгч Andrew Robertson наадамд тавьсан илтгэлдээ мэдээлэл далай мэт их өнөө үед хүмүүсийн анхаарал хамгийн хязгаарлагдмал нөөц болсныг онцолсон. Түүний хэлснээр хүн аливаа зүйлд дунджаар 6-10 секунд л анхаарлаа төвлөрүүлдэг болсон тул бүтээлч салбарынхан энэ богино хугацаанд санаагаа ойлгуулж, мессежээ хүргэх ёстой. Энэ нь бүтээлч салбарынхны хамгийн том сорилт болж байна.
Бүтээлч салбарыг хэн түүчээлж байна вэ?
Наадмын илтгэгчид, шүүгчдийн бүрэлдэхүүнээс харахад салбарын хамгийн чухал сэдвийг хөндөж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй хүмүүсийн олонх нь ахмад насны, туршлагатай хүмүүс байв. Өөрөөр хэлбэл нас бол зүгээр л тоо гэдгийг бүтээлч салбарынхан бодитоор харуулж байна. Манайхаар бол тэтгэвэрт гарах насны мэт харагдах тэр эрхмүүд нас ахих тусам илүү туршлагатай, алсыг харж, салбарынхаа гол тоглогч, бодлого тодорхойлогч болжээ. Бүтээлч салбар гэхээр зөвхөн залуусыг төсөөлдөг нь ташаа ойлголт юм.
Гэхдээ маркетингийн салбарт шинэ үеийнхэн гарч ирснээр нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байна. Өмнө нь хүмүүс материаллаг зүйлд ач холбогдол өгч, өмч хөрөнгө бий болгохыг илүүд үздэг байсан бол өнөөгийн залуусын хувьд энэ нь төдийлөн чухал биш болжээ. Амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг дагаад хэрэглээ ч өөрчлөгдөх нь ойлгомжтой.
Холбоотой: Миллениалууд болон Generation Z үеийн залуусын ялгаа
Эх сурвалж: Unread
Танай брэндийн түүх, үнэ цэнийг хэрхэн бүтээлчээр хүргэх талаар ярилцмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.