Та хэрэглэгчээ юу хүсэж байгааг мэдэх үү? Санал, чатботын ярианаас AI-аар хэрэгцээг олох нь

Маркетингийн хамгийн эхний алхам бол хэрэглэгч юу хүсэж байгааг тодорхойлох. Энгийн сонсогдох ч олон бизнес энэ алхмыг алгасаж, өөрсдөө юу хэлэхийг хүсэж байгаагаа л ярьдаг.
Манай агентлаг шинээр нээгдэж буй нэгэн амралтын газрын маркетинг дээр ажиллаж байхад тэдний сурталчилгаанд ресторан, хүлээн авах үүдний хэсгийн зураг байсан. Барилгаа зарах гэж байгаа бол өөр хэрэг, харин амралтын газар хайж буй хүнийг ийм зураг татахгүй. Тэдний хүсдэг зүйл бол байгалийн сайхан орчинд тав тухтай амрах. Тиймээс бид зургуудыг халуун рашаан, ая тухтай ор, цэвэрхэн цагаан хэрэглэл, иллэг массаж, байгаль руу харсан тагт, дүүжин ор зэрэг тав тухтай амралтыг харуулсан зургаар сольж, «Байгалийн сайханд, тансаг орчинд тав тухтай амралт энд л байна» гэсэн товч мессеж оруулсан.
Энэ жишээ нэг зүйлийг харуулдаг: хэрэглэгч бүтээгдэхүүн биш, түүний авчрах үр дүнг худалдан авдаг. Харин тэр үр дүн юу болохыг таамаглах биш, хэрэглэгчээс өөрөөс нь сонсох хэрэгтэй. Өнөөдөр үүнийг AI-ийн тусламжтайгаар өмнөхөөсөө хамаагүй хурдан хийж болдог болсон.
Хэрэглэгч юу хүсэж байгааг хаанаас мэдэх вэ?
Ихэнх бизнест хэрэглэгчийн хэрэгцээний тухай мэдээлэл аль хэдийн байдаг. Зөвхөн түүнийг цуглуулж, уншдаггүй.
- Мессеж ба коммент: хүмүүс юу асууж, юунд эргэлзэж, ямар үг хэрэглэж байна вэ
- Чатботын яриа: чатбот хариулж чадаагүй асуулт, хамгийн олон давтагддаг сэдэв
- Борлуулалтын яриа: худалдан авалгүй явсан хүмүүсийн шалтгаан, үнийн тухай эсэргүүцэл
- Санал, үнэлгээ: Google Business Profile, сошиал сувгийн сэтгэгдэл, гомдол
- Богино судалгаа: худалдан авалтын дараа нэг хоёр асуулттай санал асуулга
- Хайлт: хүмүүс танай салбарын талаар хайлтын систем, AI туслахаас ямар асуулт асууж байна вэ
Нэг анхааруулга: хүмүүс судалгаанд логикоор хариулдаг ч худалдан авалтаа ихэвчлэн сэтгэл хөдлөлөөр хийдэг. Тиймээс тэдний юу хэлснээс гадна юу хийснийг (юу дарсан, юу асуусан, юуг авсан) хамт хар.
AI-аар хэрэгцээг хэрхэн тодорхойлох вэ?
Өмнө нь зуу зуун мессеж, сэтгэгдлийг гараар уншиж дүгнэх нь бараг боломжгүй ажил байсан. Одоо AI энэ ажлыг хэдхэн минутад хийнэ.
- Цуглуул: сүүлийн хэдэн сарын мессеж, коммент, чатботын яриа, борлуулалтын тэмдэглэлээ нэг файлд хуул. Хувийн мэдээллийг (нэр, утас) урьдчилан хас.
- Бүлэглүүл: AI-д «давтагддаг асуудал, айдас, хүсэл, эсэргүүцэл, хэрэглэсэн үг хэллэгийг бүлэглэж, тус бүрийн жишээг өг» гэж даалга.
- Персона гарга: бүлэг бүрээс персонагийн ноорог гаргуул: хэн бэ, юу хүсдэг, юунаас эмээдэг, ямар үгээр ярьдаг.
- Шалга: гарсан дүгнэлтийг борлуулалтын баг, байнгын хэрэглэгчидтэйгээ тулгаж шалга. AI буруу ерөнхийлөл хийх, байхгүй зүйл нэмэх нь бий.
- Ашигла: хэрэглэгчийн өөрийн үг хэллэгийг гарчиг, пост, вэбсайтын текст, чатботын хариултдаа ашигла.
AI чатбот энэ процессын байнгын эх сурвалж болдог. Асуултад 24/7 хариулахын зэрэгцээ хүмүүс юу асууж байгааг бүртгэж, сонирхсон хүний мэдээллийг CRM-д хадгалдаг тул хэрэгцээний мэдээлэл тасралтгүй цуглардаг.
Холбоотой: Мессежид оройтож хариулах бүрт хэрэглэгч алдаж байна: AI чатбот юугаараа өөр вэ?
Персона: хэнд ярьж байгаагаа тодорхой мэд
Персона бол зорилтот хэрэглэгчийн зан төлөвт тулгуурлан гаргасан төлөөлөх дүр. Хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ хүн ам зүй, сэдэл, зорилгоороо ижил төстэй бүлэг үүсгэдэг. Нэг бүлгийнхэн ижил үг хэллэг хэрэглэж, ижил зан үйл гаргадаг.
Тиймээс маркетингийн мессеж бүрийн өмнө хэнд гэдгээ тодорхойл. Хэнд ярьж байгаагаа мэдвэл юун дээр төвлөрөх, ямар үг хэрэглэх нь өөрөө тодорхой болдог.
Холбоотой: Зорилтот хэрэглэгчдийн персона болон худалдан авалтын замнал гэж юу вэ?
Маркетингаа хэрэгцээний дагуу шатлан хий
- Анзаарах: хэрэглэгчид асуудал, боломжийг нь ойлгуулах
- Итгэл төрүүлэх: хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө өгч мэргэжлийн гэдгээ харуулах
- Шийдвэрт туслах: харьцуулалт, жишээ, түгээмэл асуултаар сонголтыг нь хөнгөвчлөх
- Холбоо тогтоох: мессеж, форм, зөвлөгөөний хүсэлтээр холбоо үүсгэх
- Борлуулалт руу хөрвүүлэх: холбогдсон хүнийг цаг алдалгүй дагаж, худалдан авалтад хүргэх
Хэрэглэгчийнхээ асуудлыг ойлгож байгаагаа харуулж чадвал тэд аяндаа танай шийдлийг сонирхож эхэлдэг. Бид олон жил бүтээгдэхүүнээ магтаж ирсний үр дүнд «хамгийн шилдэг», «VIP», «манлай», «топ» гэдэг үгс үнэ цэнээ алдсан. Харин хүмүүсийн амьдралд тус болсон контент компани, хэрэглэгч хоёрын хооронд урт хугацааны харилцаа бий болгодог.
Инбаунд аргачлал: хэрэгцээнээс борлуулалт хүртэл
Инбаунд маркетинг хэрэглэгчийн хэрэгцээнд хариулсан контентоор хүнийг татаж, хэрэглэгч, улмаар брэндийн «промотер» болгодог.
- Татах: блог, сошиал пост, видео, хайлтын системийн оновчлолоор анхаарлыг татна.
- Холбоо тогтоох: контентын доор байрлах үйлдэлд уриалах товч (CTA) хүнийг газардах хуудас (Landing Page) руу хөтөлнө. Тэнд форм бөглөж, гарын авлага, танилцуулга зэрэг хэрэгтэй материалаа авна. Ингэснээр тэр хүн сэжим болно.
- Арчлах: ихэнх сэжим шууд худалдан авахад бэлэн биш байдаг. И-мэйл, сошиал, дахин чиглүүлэлтээр дараагийн контентыг хүргэж, борлуулалтад бэлэн болгоно.
- Борлуулах: CRM ашиглан хэн хэзээ юу сонирхсоныг харж, борлуулалтын ажилтан цагтаа холбогдоно.
- Баярлуулах: худалдан авсны дараа ч бүтээгдэхүүнээ үр дүнтэй хэрэглэхэд нь туслах контент хүргэвэл сэтгэл ханамжтай хэрэглэгч найз нөхөддөө танайхыг санал болгоно.
Хэрэглэгчийн и-мэйл, утасны дугаар байгаа бол тэдгээрээр Custom Audience үүсгэж, сошиал сувагт дараагийн контентыг чиглүүлэн хүргэх боломжтой.
Холбоотой: Фэйсбүүк дээр зорилтод бүлэг буюу Custom Audience хэрхэн үүсгэх вэ?
AI тусалдаг ч шийдвэр хүнийх
AI олон мянган мессежээс хэв маяг олж чадна. Гэхдээ танай бизнесийн нөхцөл, хэрэглэгчтэй тогтоосон харилцаа, брэндийн дуу хоолойг мэдэхгүй. Дүгнэлтийг шалгах, аль хэрэгцээнд төвлөрөхийг сонгох, мессежээ эцэслэх нь хүний ажил хэвээр.
Танай хэрэглэгч үнэндээ юу хүсэж байгааг хамтдаа тодорхойлмоор байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.