Бот гэдэг нь тодорхой ажлуудыг автоматжуулдаг компьютерийн програмаас өөр зүйл бөгөөд ихэвчлэн ярианы интерфэйсээр дамжуулан хэрэглэгчтэй чат үүсгэдэг. Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт ботууд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар нарийн төвөгтэй хүсэлтийг ойлгох, хариу урвалыг тохируулах, харилцан уялдааг сайжруулах зэрэгт тусалдаг.
Энгийн чат бот нь код бичих шаардлагагүйгээр тухайн хүний платформд бий болгосон дүрмэнд захирагдаж, хэрэглэгчдэд шаардлагатай хариултыг өгдөг. Тухайлбал, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, жагсаалт явуулах, дараагийн алхмыг тайлбарлах гэх мэт. Жишээ нь: Харилцагч банкны карт захиалахад, форум бөглүүлэх, хүргүүлэх хаягийг нь авах, захиалгыг баталгаажуулах зэрэг ажлуудыг ботоор дамжуулан хөнгөвчилдөг болсон.
Ботууд таны хэдийн ашиглаж дадсан мессежийн платформууд дээр гарч ирсэн. Тухайлбал, Facebook Messenger, Line, WhatsApp, WeChat эсвэл Viber гэх мэт. Судалгаагаар хүмүүс 5 ширхэг програм дээр л тогтмол ажилладаг байна. Нэг талдаа хэрэглэгчид чат бот гарснаас хойш хэрэггүй олон програм татаж авах шаардлагагүй болоод байгаа юм.
2019 оны байдлаар мессежийн програмууд сар бүр 5 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчидтэй болоод байна. Энэ нь түүхэндээ анх удаа хүмүүс мессежийн програмыг нийгмийн сүлжээнээс илүүтэйгээр ашиглаж байгаа явдал юм. Энэ бол хэрэглэгчдийн зан төлөвт гарч буй томоохон өөрчлөлт. Тийм учраас бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид аль аль нь чат ботын үйлчилгээнд анхаарал хандуулж, нухацтай хандах цаг ирээд байна.
Олон улсад хийсэн судалгаагаар хэрэглэгчид мэдээллийг аль болох хурдан авч, аливаа асуултад нэн даруй хариулт авахыг хүсдэг болсон төдийгүй технологи хөгжихийн хэрээр voice search буюу дуугаар хайх хайлт улам бүр түгээмэл болж байна. Хэрэглэгч өөрсдийн асуудлыг хурдан шийдвэрлэж хариу өгч чадсан брэндүүдэд улам илүү итгэх боллоо. Тиймээс чат ботууд нь мессеж програмын тусламжтайгаар хэрэглэгчид хаана, ямар төхөөрөмж ашиглахаас үл хамааран шийдлүүдийг олоход тусалдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн ертөнцөд харилцаа холбоо – үйлчилгээ – гүйлгээ буюу төлбөр төлөлт зэрэг үйлдлүүд нь нэгэн цогц болж ирж байгаа юм. Эдгээр үйлдлийг бот таны өмнөөс гүйцэтгэж хэрэглэгчид үйлчилж байна.
Олон жилийн турш тасралтгүй ROI хийгдээгүй сурталчилгаа, TVC, шторкууд, спам имэйл зэрэг зардал их, үр дүнг тооцоолоход хэцүү уламжлалт хэв маягууд маркетингийн салбарт зонхиллоо. Гэвч техник технологи хөгжиж, хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөхийн хирээр ИТГЭЛЦЭЛ дээр суурилсан харилцаа хурдацтай амжилтанд хүрч байна.
Ерөнхийдөө ботыг дотор нь мэдээллийн чанартай ба туслах хэрэгслийн гэж 2 ангилдаг. Өөрийн бизнест тохирсон чат ботыг бий болгохын тулд танай бүтээгдэхүүн үйлчилгээтэй харилцагчид хэрхэн ойлголцохыг тодорхой байлгах хэрэгтэй. Үүний дараа чат интерфэйсээ хөгжүүлж эхэлнэ. Ботыг танай брэндийн нэр хүндийг өсгөх харилцааны суваг хэмээн ойлгож, сайтар хөгжүүлэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийх хэрэгтэй. Үүний тулд мэдээллээ бэлтгэж, харилцаагаа тодорхой болгосны дараа мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Хамгийн сайн чат ботууд нь эхний ээлжинд хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэглээний микро шийдвэрийг гаргахад тусалдаг.
Ботын захиалгыг тохируулах, захиалгын хувьд хүргэх мэдээллийг шинэчлэх, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх зэргээс гадна хэрэгтэй үед зөв шийдлийг хэрэглэгчдэд өгөх байдлаар оновчтой тохируулах нь зүйтэй.
Чатбот зарим зүйлсийг дангаараа хийх боломжгүй тул тухайн байгууллагын бусад мэдээллийн системүүдтэй холбох хэрэгтэй болдог. Үүрэн холбооны операторын хэрэглэгч өөрийн төлбөр тооцоог мэдэх хүсэлт гаргалаа гэж бодъё. Чатбот тухайн хэрэглэгчийн билл хэд гарсныг мэдэхгүй тул биллингийн систем рүү өгөгдөл авах хүсэлт илгээгээд ирсэн хариуг мэдээлэх байдлаар ажиллаж болно. Кино театрын суудал захиалга ч мөн ийм арга замаар ажилладаг…. Чатботын програмууд JSON API ашиглан өөр системүүдтэй өгөгдөл солилцох боломжтой байдаг.
Холбоотой мэдээ: БИЗНЕСДЭЭ ЧАТБОТ АШИГЛАХ ДАВУУ ТАЛУУД БОЛОН БОЛОМЖУУД
Холбоотой мэдээ: ЧАТБОТЫГ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?