LOADING

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛОХ ГРАФИК ДИЗАЙНЫГ ХИЙХ ҮНДСЭН ДҮРМҮҮД – 1

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛОХ ГРАФИК ДИЗАЙНЫГ ХИЙХ ҮНДСЭН ДҮРМҮҮД – 1

by admin March 12, 2021
ГРАФИК ДИЗАЙН ГЭЖ ЮУ ВЭ?
Ихэнх хүмүүс график дизайнер яг юу хийдэг талаар төдийлөн сайн ойлголттой байдаггүй. Байгууллагын лого хийдэг үү? Фотошоп дээр зураг янзалдаг уу? Сэтгүүлийн эх хийдэг үү? Мэдээж бүгдийг нь хийдэг. Гэхдээ эдгээр нь график дизайны зөвхөн нэгээхэн хэсэг л юм. Та эргэн тойрноо харвал график дизайн хаа сайгүй байгааг олж харах болно. Өглөөний ундны овьёосны хайрцагнаас эхлүүлээд таны унших дуртай ном, сэтгүүл болон бүхий л брэндүүдийн дүр төрх бүхий сурталчилгааны материалууд, танай байгууллагын лого, нэрийн хуудас, вэб хуудас гэх мэт.
ГРАФИК ДИЗАЙН НЬ зураг дүрслэл, өнгө, хэлбэр дүрс, үгээр ашиглан үзэл санаа, мэдээлэл дамжуулдаг харааны харилцааны (visual communication) урлаг юм. Өөрөөр хэлбэл график дизайн нь үзэл санаа, oйлголтын талаарх харааны харилцаа холбоо юм.
ГРАФИК ДИЗАЙНЫ ЧИГЛЭЛҮҮД
График дизайны чиглэл бүр нь тодорхой ур чадвар, дизайны арга техникийг шаарддаг.
Зарим график дизайнерууд нэг чиглэлдээ (жишээлбэл, лого дизайн) мэргэшсэн байдаг бол зарим нь ойролцоо чиглэлүүд дээр (маркетингийн дизайн, хэвлэлийн дизайн гэх мэт ) ажилладаг. График дизайны аль чиглэлээр сонгон суралцах, ямар дизайнертай хамтран ажиллахад тань тус дөхөм болох үүднээс график дизайны чиглэлүүдийг танилцуулж байна.
1. Брэнд айдэнтити дизайн/Лого, брэнд айдэнтити дизайнер
• Лого
• Брэндийн дүр төрх
2. Маркетинг, зар сурталчилгааны дизайн /Маркетингийн дизайнер
• Маркетингийн сурталчилгаан бүх төрлийн материалууд
3. Хэвлэлийн дизайн /Хэвлэлийн дизайнер
• Ном, сэтгүүл
• Захидал
• Жилийн тайлан
• Сонин
• Каталог
4. Сав баглаа, боодлын дизайн/ Сав баглаа, боодлын дизайнер
5. Хөдөлгөөнт график дизайн/ Хөдөлгөөнт график дизайнер
• Видео реклам/тоглоом
• Презентэшн
• Хөдөлгөөнт баннер/GIF
• Видео хичээл
• Трейлэр
3. UI/UX, Bэб дизайн / UI/UX, вэб дизайнер
• Вэб дизайн
• Тоглоомын интерфейс
• Апп дизайн
7. Орчны график дизайн / Орчны график дизайнер (манай оронд энэ чиглэлийн ажлуудыг маркетингийн дизайнерууд ихэвчлэн хийдэг)
• Бүх төрлийн самбарууд (гадаа/дотор)
• Эвент, хурлын талбайн дизайн
• Ажлын байрны дүр төрх
• Нийтийн тээврийн тэмдэгт
• Жижиглэнгийн худалдааны интерьерт зориулсан графикууд
8. Иллустрэшн, график арт/ Иллустрэшн зураач
• Футболкны дизайн
• Төрөл бүрийн хээ
• Комик ном
• Номны хавтас
• Зурагтай ном
• Инфографик
• Техникийн иллустрэшн
• Концепт арт
ДИЗАЙНЫ САЛБАРУУД
Дизайн гэдэг нь хийсвэр зүйлийг төсөөлж, төлөвлөх үйл явц бөгөөд бүтэц, орчин, интерфейс, бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцлог шинж чанар, үйл явцыг бий болгоход оролцдог маш өргөн хүрээний нэр томьёо юм.
Дизайны 50 гаруй салбар байдгаас хамгийн түгээмэл салбаруудыг танилцуулья. Эдгээр салбаруудыг мэдэж авснаар таны дизайны талаарх ойлголт тань илүү тодорхой болох болно.
ARCHITECTURE
Барилга байгууламжийн төлөвлөлт, зураг төсөл
INTERIOR DESIGN
Барилгын дотоод зураг төсөл
PRODUCT DESIGN
Бүтээгдэхүүний зураг төсөл
GRAPHIC DESIGN
Зураг дүрслэл, өнгө, хэлбэр дүрсний тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх, санаа бодлыг дамжуулах визуал буюу харааны зохиомж
FASHION DESIGN
Хувцасны загвар зохион бүтээлт
USER INTERFACE DESIGN
Технологийг хянах болон түүнтэй харьцахад ашигладаг холболтуудын төлөвлөлт
LANDSCAPE DESIGN
Ногоон талбай, цэцэрлэгжүүлэлт зэргийг бий болгодог байгаль болон архитектурын нэгдлийн зураг төсөл
SOFTWARE DESIGN
Программ хангамжийн тусламжтайгаар асуудлыг шийдэх загварчлал
ENGINEERING DESIGN
Дэд бүтэц, технологи, машин механизм болон барилга байгууламжийг инженерчлэхэд хэрэглэдэг зураг төслийн өргөн хүрээний үйл явц
GAME DESIGN
Энтертайнмент, боловсрол, дасгал, туршилт зэрэгт зориулсан тоглоом бүтээх үйл явц
SOUND DESIGN
Кино урлаг, телевиз, видео тоглоом, театр, дуу бичлэг, амьд тоглолт, продакшн, радио, хөгжмийн зэмсэг хөгжүүлэх зэрэгт зориулсан дуу авиа, хөгжим зохион бүтээх үйл явц
SCENE DESIGN
Кино, театр, энтертaйнмэнт үйл ажиллагаа зэрэгт зориулсан тайзны зураг төсөл
LIGHT DESIGN
Кино, театр, энтертaйнмент үйл ажиллагаа болон интерьер, архитектурын oрчинд зориулсан гэрэлтүүлгийн зураг төсөл
ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТҮҮД
Дизайныг бүрдүүлдэг үндсэн элементүүд болох зураас, өнгө, дүрс, хэлбэр, орон зай, текстур нь таны дизайн хийхэд шаардлагатай барилгын тоосго юм. Дизайны элемент бүр харааны мессежийг дамжуулж байдаг бөгөөд тэдгээрийг зөв ашиглаж сурснаар таны дизайны ажил илүү үр дүнтэй байх болно.
ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ/ЗУРААС
Зураасны шулуун, муруй, тасархай, өргөн, нарийн гэх мэт олон төрлийн хэлбэрүүд нь тус бүрдээ өөр өөр сэтгэлийн хөдөлгөөнийг дамжуулж байдаг. Жишээлбэл, шулуун зураас нь ихэвчлэн тогтвортой, хөдөлгөөнгүй байдлыг илэрхийлдэг бол нөгөө талаас муруй, ташуу зураас нь динамиктай бөгөөд таны загварт эрч хүч өгдөг. Харин тасархай зураас илүү найрсаг мэдрэмж төрүүлдэг. Тод, зузаан зурааснууд анхаарал татаж чаддаг бол нимгэн нарийн зурааснууд цэмцгэр цэвэрхэн сэтгэгдлийг бий болгодог. Зураасыг онцлон тэмдэглэх, тодорхой хэсэгт харцыг чиглүүлэх, дизайны зохиомжноос тодорхой мэдээллийг зааглаж төвлөрлийг бий болгоход ашигладаг.
ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ/ДҮРС
Дүрсийг зөв ашиглах нь график дизайныг үр дүнтэй, амжилттай хийх түлхүүрүүдийн нэг юм. Дизайнд дүрс нь зөвхөн дүрслэл, чимэглэлийн үүрэг гүйцэтгэгч төдий зүйл биш юм. Дүрс нь дизайний өнгө аяс, мессежийг тодорхойлдог бөгөөд тухайн загварт сонирхолтой байдлыг нэмэгдүүлэхээс гадна дизайны элементүүдийг цэгцлэхэд тусалдаг.
3 төрлийн үндсэн хэлбэр дүрс байдаг. Үүнд:
• Геометрийн дүрс – дөрвөлжин, дугуй, гурвалжин, ромбо/ бүтцийг бий болгодог дүрснүүд/
• Байгалийн дүрс – байгалийн, гөлгөр, ирмэггүй хэлбэр дүрснүүд / тааламжтай байдал, тав тух, сонирхлыг нэмэгдүүлдэг
• Хийсвэр дүрс – бодит дүрслэлийн хялбаршуулсан хийсвэр хэлбэр дүрснүүд
Дүрсний янз бүрийн шинж чанарууд нь мөн ялгаагүй төрөл бүрийн өнгө аяс, утга санааг илэрхийлдэг. Дүрсийг өөрчлөснөөр тухайн дизайны талаарх сэтгэгдэл бас давхар өөрчлөгддөг. ДҮРС НЬ ХАРИЛЦААНЫ ХҮЧИРХЭГ АРГА ЮМ.
ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ/ӨНГӨ:
ӨНГӨ НЬ ДҮРСИЙГ ЯЛГАРУУЛАХ, МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ, МЕССЕЖИЙГ ОНЦЛОХ, УТГА САНААГ ОЙЛГУУЛАХАД ТУСАЛДАГ.
Өнгө болон өнгөний схемийн талаарх үндсэн мэдлэгийг эзэмшснээр та хийж байгаа лого тань ямар өнгөтэй байх ёстой, сурталчилгааны ажлын өнгө төрх хэрэглэгчдэд ямар сэтгэл хөдлөлийг төрүүлэх эсвэл вэбсайтын өнгөний сонголтоо сэтгэлзүйд суурилан тодорхойлох зэрэг үр дүнтэй шийдвэр гаргадаг болно гэдэгтээ итгэлтэй байж болно.
Хүмүүс 90 секундын дотор ба түүнээс бага хугацаанд бүтээгдэхүүнийг сонирхох эсэхээ шийддэг. Энэхүү шийдвэрийн 90% нь зөвхөн өнгө дээр суурилдаг. Тиймээс аливаа брэнд, бүтээгдэхүүний дүр төрхийн маш чухал хэсэг нь өнгөн дээр төвлөрдөг. Өнгөний онол нь хүн өнгийг хэрхэн хүлээж авдаг талаар, мөн өнгө хоорондоо хэрхэн холилдон зохицож эсвэл ялгардаг вэ гэдгийг тодорхой болгохоос гадна өнгөний харааны болон сэтгэлзүйн нөлөөллийг тайлбарладаг.
#ӨНГӨ БОЛ ОЙЛГОЛТ ЮМ. Гэрлийн янз бүрийн долгионы урт нь бидний нүдэнд өөр өөр өнгөөр харагддаг. Богино долгионы гэрэл нь цэнхэр эсвэл ягаан, урт долгио нь улаан харагдана.
Өнгийг үндсэн өнгө, хоёрдогч өнгө, гуравдагч өнгө гэж 3 ангилдаг.
1. Үндсэн өнгө- Шар, Улаан, Цэнхэр гэсэн үндсэн өнгийг өнгөний эцэг эх гэж ойлгож болно. Үндсэн буюу анхдагч өнгө нь бусад бүх өнгөний үндсэн суурь юм.
2. Дараа нь Улбар шар, Нил ягаан, Ногоон гэсэн хоёрдогч өнгө орно. Хоёрдогч өнгийг гурван үндсэн өнгөний хүүхдүүд гэж бодож болно.
3. Эцэст нь шаргал, улаан шар, чернилэн ягаан, хөх ягаан, номин ногоон, шар ногоон гэсэн үлдсэн зургаан өнгийг гуравдагч өнгө гэж нэрлэдэг. Эдгээр нь үндсэн өнгөний ач, зээ нар нь юм.
Өнгөний тойргийг хоёр хувааж дулаан өнгө (улаан, улбар шар, шаргал) болон хүйтэн өнгө (хөх, ногоон, нил ягаан) –үүдээр нь салгаж болно.
Дулаан өнгө нь ерөнхийдөө эрч хүч, гэрэл гэгээтэй, идэвхтэй байдалтай холбоотой бaйдаг бол хүйтэн өнгийг ихэвчлэн тайван, тогтуун, амгалан байдлаар тодорхойлдог.
#ӨНГӨНИЙ ШИНЖ ЧАНАРУУД /Hue, shade, tint, tone/
Hue гэдэг нь өнгөний цэвэр хэлбэрийн нэр юм. Жишээлбэл, хөх, ягаан, ногоон нь цэвэр өнгө юм. Shade нь бараан өнгийн хувилбар гаргахын тулд хар өнгө нэмж өгдөг. Tint гэдэг нь өнгөн дээр цагааныг нэмж, хөнгөн хувилбар болгохыг хэлнэ. Тоne нь саарал өнгийг нэмж өнгөний хүчийг сулруулдаг.
АЛИВАА ӨНГӨ НЬ ЦАГААН ЭСВЭЛ ХАР, СААРАЛТАЙ ХОЛИЛДООГҮЙ ҮЕД ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАЙДАГ.
#ӨНГӨНИЙ ХОСЛОЛУУД
Өнгөний тойргийг ашиглан хослох өнгүүдийг зөв олж хэрэглэж сурах нь дизайны ажилд маш чухал юм.
#НЭМЭЛТ ӨНГӨ/Complementary colors: Нэмэлт өнгө нь өнгөний тойргийн эсрэг өнгөнүүд юм, жишээ нь улаан, ногоон гэх мэт Эрс тэс хоёр өнгө нь дүр төрхийг үнэхээр тод хурц контраст сайтай болгож чаддаг ч хэтрүүлэн ашиглах нь бас ядаргаатай харагдуулдаг талтайг санахад илүүдэхгүй. Сурталчилгааны хурц тод, өнгөний ялгарал ихтэй материалууд хүний анхаарлыг татахын тулд ихэнхдээ эрс тэс өнгөний хослолыг ашигладаг талтай.
#АНАЛОГ ӨНГӨ/ANALOGOUS COLORS
Аналог өнгө нь өнгөний тойргийн зэрэгцээ өнгүүд юм. Жишээ нь зэрэгцээ байрласан улаан, улбар шар, шар өнгө гэх мэт. Аналог өнгөний схемийг нэг өнгө давамгайлж, нэг нь дэмжиж, нөгөөг нь өргөлт байдлаар ашиглах нь үр дүнтэй байдаг. Зохицлынхоо хувьд ижил төстэй өнгөнүүд нүдэнд илүү тааламжтай харагддаг.
#ГУРВАЛСАН ӨНГӨ/ TRIADIC COLORS
Гурвалсан өнгө нь өнгөний тойргийн гурван талд ижил зайнд байрладаг бөгөөд маш тод, динамик шинж чанартай байдаг. Гурвалсан өнгөний схемийг ашиглах нь харааны ялгаатай байдал, зохицлыг нэгэн зэрэг бий болгож, зохиомжийг нийтэд нь хурц тод ялгарахуйц болгохын зэрэгцээ тухайн хэсэг тус бүрийг онцлон харуулдаг.
#ӨНГӨНИЙ СИСТЕМ
Дизайны хувьд RGB ба CMYK гэсэн хоёр өнгөний систем байдаг. RGB бол дижитал загварт зориулагдсан систем юм. ТВ, дэлгэц, проектор нь улаан, ногоон, хөх (RGB) -ийг үндсэн өнгө болгон ашигладаг бөгөөд мөн хооронд нь хольж, өөр өнгө үүсгэдэг.
Хэрэв та дизайнаа хэвлэмэл хэлбэрээр гаргахыг хүсвэл CMYK системийг ашиглах хэрэгтэй. Энэ нь цэнхэр, ягаан, шар, хар гэсэн өнгөний систем юм. CMYK нь цагаан дэвсгэр дээр тусах гэрлийг багасгаж өнгө үүсгэдэг. Дизайны ажлаа эхлүүлэхдээ эхнээс нь зөв өнгөний системийг сонгон файлыг эхлүүлэх хэрэгтэйг санаарай.
ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ/ОРОН ЗАЙ
ХҮМҮҮСИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ИХ БӨМБӨГДӨХ НЬ ТЭДНИЙ БУХИМДЛЫГ ТӨРҮҮЛДЭГ. ХАРИН ОРОН ЗАЙ НЬ ТАЙВШРУУЛЖ, “АМЬСГАЛАХ” БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ.
Дизайнд орон зайг хоёр хуваадаг:
1. Эерэг орон зай буюу цагаан зай/positive space
2. Сөрөг орон зай/negative space
#ЭЕРЭГ ОРОН ЗАЙ БУЮУ ЦАГААН ЗАЙ:
Эерэг орон зай буюу цагаан зай нь дизайны элементүүдийн хоорондох зай буюу талбай юм. Нэрнээс үл хамааран цагаан зай нь ямар ч өнгө, текстур, хэв маяг, эсвэл бүр дэвсгэр зураг байж болно.
Цагаан зай нь дизайнерууд болон үйлчлүүлэгчдийн хооронд асуудал үүсгэдэг. Орон зайн дүрмээр дизайнд агаар ихтэй байхыг чухалчилдаг бөгөөд цагаан зай нь элементүүд дээр хүний анхаарлыг татах, тухайн зохиомжид уншигдах агаар буюу урсгалыг оруулснаар үзэгчдийн нүдийг зорилтот дарааллаар харах боломжтой болгодог.
Харамсалтай нь олон үйлчлүүлэгчид, менежерүүд цагаан орон зайг дэмий хоосон орон зай гэж үздэг. Тэд үүнийг илүү их мэдээлэл эсвэл бусад харааны элементүүдийг байрлуулахад ашиглаж болно гэж боддог.
Харин эсрэгээрээ цагаан зай нь харааны харилцааг сайжруулахын тулд дизайны элементүүдийг тэнцвэржүүлж, агуулгыг илүү сайн зохион байгуулах гайхалтай хэрэгсэл юм. Хүмүүсийг их мэдээллээр бөмбөгдөх нь тэдний бухимдлыг төрүүлдэг. Харин цагаан зай нь тайвшруулж, “амьсгалах” боломжийг олгодог.
Хэрэв та цагаан орон зай ихтэй загварыг хараад дизайнер нь юу оруулахаа мэдэхгүй байсан байна гэж бүү бодоорой. Энэ нь дизайны бусад элементүүдийг онцлон тэмдэглэх, эсвэл тодорхой мэдрэмж, мессежийг илэрхийлэх зорилгоор зориудаар хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
#СӨРӨГ ОРОН ЗАЙ:
Тухайн объектын эргэн тойронд дахь орон зайгаар мессеж болон санааг илэрхийлэх сонирхолтой хэлбэрийг сөрөг орон зай бий болгодог. Сөрөг орон зай нь харааны үймээнээс зайлсхийж цэгцтэй харагддаг бөгөөд энэ нь зохиомжийг тэнцвэржүүлэх, үзэгчийг тодорхой зүйл дээр төвлөрүүлэхэд тусалдаг.
Зарим брэндүүд тансаг, өндөр чанартай эсвэл авангард модернизмыг дамжуулахын тулд өөрсдийн брэнд имижийн нэг хэсэг болгон бас сөрөг орон зайг ашигладаг.
ШИЛДЭГ САЙН ДИЗАЙН ХИЙХ 6 ЗААВАР
Cайн дизайн нь тэнцвэрт байдал болон хоорондын зохицлоор бий болдог. Дизайны ажил хийхэд тань анхаарах зургаан зааварчилгааг орууллаа.
1. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Дизайны ажлаа хийхээс өмнө өөрийн үйлчлүүлэгч болон тэдний хэрэгцээ шаардлагыг судлах хэрэгтэй. Үйлчлүүлэгч тань юу хүсч, юунд зорьж байна вэ? Бүтээгдэхүүн,үйлчилгээндээ ямар өнгө төрх, бүтээлч үйл явцыг бий болгохыг хүсч байна вэ? Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, зорилгын талаар тодорхой, сайн ойлголттой байх нь таныг зорилготой, сайн дизайн хийх боломжтой болгоно.
2. ФОКУСЫН ЦЭГИЙГ БИЙ БОЛГОХ
Фокусын гол цэг бол таны анхааралдаа авах дизайны хэсэг бөгөөд үл тоомсорлож болохгүй хэсэг юм. Компьютерийнхаа ард суун ажлаа эхлэхээсээ өмнө хамгийн чухал хэсгүүдийн талаар жагсаалт гаргаж дизайны ажлынхаа шатлалууд, анхаарлын тэргүүлэх чиглэл, онцлох хэсэг зэргүүдээ сайн ойлгосон эсэхээ шалгаж байгаарай.
3. ЦАГААН ЗАЙГАА АНХААРАХАА МАРТВАА
Орон зайг #whitespace (цагаан зай, сөрөг орон зай) ухаалаг зөв ашиглах нь тэнцвэртэй дизайныг бий болгодог.  Гурвын дүрэм #Rule_of_thirds, тэгш хэм #symmetry, ойролцоо байдал #proximity, зэрэгцүүлэлтийн #alignment дүрмүүдийг санаарай. Эдгээр дүрмүүд нь график дизайны гол үндсэн дүрмүүд юм.
4. ТОХИРОМЖТОЙ ҮСГИЙН ФОНТ СОНГОХ
Маш олон төрлийн үсгийн фонтууд байдаг. Тэгэхээр хэрхэн хамгийн тохиромжтой үсгийн фонтыг сонгох вэ? Тохирох фонтыг сонгоход хамгийн чухал хүчин зүйл бол тухайн дизайныхаа хэв маяг, брэндийн зан чанарыг ойлгох явдал юм. Үсгийн фонтны хэмжээ, хэв загварууд дизайны ерөнхий бүтэцтэй чинь тэнцвэртэй байж чадаж байгаа эсэхийг бас анхаарах хэрэгтэй. Эдгээр гол хүчин зүйлүүдийг анхаарснаар өөрийнхөө загварт бүрэн нийцэх үсгийн фонтуудыг сонгоход хялбар байх болно.
5. ӨНГӨНИЙ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХ
Өнгөний буруу сонголт таны ажлыг нураах аюултай байдаг. Өнгө нь янз бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд өнгөөр дамжуулан хүчтэй сэтгэл хөдлөлийг тусгах, өдөөх нь хамгийн сайн арга байдаг. Өнгө тань хангалттай сайн ялгарлыг бий болгож чадаж байна уу? Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хэв маягт нийцэж байна уу гэдгийг сайн хараарай.
6. ЧАНАР, ЧАНАР, ЧАНАР
Гэрэл зургууд тань өндөр нягтралтай байна уу? Зургуудынхаа өнгийг зассан уу? Үсгийн хэмжээнүүд тохирсон, тууштай байж чадаж байна уу? Текстүүдийн мөр зэрэгцсэн, цэгцтэй байна уу, бүх элементүүдийг зорилготой, зөв нэгтгэж чадсан уу гэх мэт нарийн ширийн зүйлийг анхаарч үзэх нь таны ажлыг гайхалтай сайн загвар болгон хувиргадаг.
Эх сурвалж: @DesignDay
Social Shares