LOADING

Нөлөөллийн маркетинг

Нөлөөллийн маркетинг гэсэн ойлголт өнөөдөр Уламжлалт маркетингийн арга хэрэгслүүдийг ардаа орхиж, маркетеруудын заавал сонгодог идэвхжүүлэлтийн томоохон хэрэгсэл болж хөгжөөд байна. Энэ нь дижитал технологийн олон шийдлүүд бий болж, хэрэглээ огцом өсч байгаатай холбоотой. Нөлөөллийн маркетинг гэдэг нь нэр нөлөө бүхий хүмүүсийг ашиглаж, түүний үзэл бодол, үйл хөдлөлийг нь дагадаг бүлэг хүмүүст нөлөөлөл үзүүлэх замаар брэндээ таниулах, нэр хүндийг өсгөх, тодорхой агуулга бүхий мессежийг зорилтот бүлэгтээ хүргэх арга, ажиллагааг хэлдэг. Нөлөөллийн маркетингийн гол амин сүнс нь “итгэлцэл” байдаг.

  • 18-34 насны хүмүүс өөрийн хүндэлж, дагадаг хүнийхээ үг, үйлдэлд итгэл үнэмшилтэй хандаж, даган дуурайх хандлагатай байдаг /Эх сурвалж Media post/
  • Компаниуд худалдан авалтын шийдвэр гаргахдаа итгэлтэй онлайн сувгаар хүмүүс тухайн брэндийн талаар юу гэж ярьж байгааг анхаарч, судалж үздэг /Эх сурвалж Forrester research/
  • Өнөө үед бүхий л худалдан авалтын шийдвэр гаргалтанд Аман сурталчилгаа /Word of mouth/ тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болсон /Эх сурвалж McKinsey & Company/

Эдгээр судалгаанаас харахад өнөөдөр хэрэглэгчид брэндээ магтаж, давуу талуудыг нь хэт дөвийлгөсөн уламжлалт сурталчилгаанаас илүү бусад хүмүүсийн тухайн брэндэд өгөх үнэлгээ, хэрэглээний туршлага, сэтгэгдэлд итгэдэг болсон байна. Ингээд орчин үеийн маркетингад чухал байр суурь эзлээд байгаа нөлөөллийн маркетингийг онлайн сувгууд ашиглан хэрхэн үр дүнтэй хийх талаар алхмуудыг танилцуулъя.

1. Зорилгоо тодорхойл

  • Нөлөөллийн маркетингийг амжилттай ашиглахын тулд: Зорилтот бүлгээ тодорхойл /Манай зорилтот хэрэглэгч хэн бэ? Гэдэг асуултанд хариулсны дараа тухайн бүлэг хэрэглэгчид хэн нөлөөлж чадахыг бодно.
  • Санхүүгийн төлөвлөлт хий: /Ямар хэмжээний зардал гаргаад хэр хэмжээний орлого олох вэ? Гаргах боломжтой зардлын хэмжээгээ тодорхой болгосны дараа тухайн зардалд багтаж хамтран ажиллах боломжтой хүмүүсээ хайна/
  • Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдээ тодорхойл /KPIs эдгээрийг эхлээд тодорхойлсноор зорилго улам тод болно/

Үүнд: reach, engagement, click зэргээс гадна боруулалт, өөрийн вэбсайт руу хандсан хүний тоо, брэндийн танигдсан байдал гэх мэт үзүүлэлтүүдийг оруулж болно.

2. Ашиглах онлайн сувгуудаа сонго
Өнөөдөр бид блогууд, Youtube, Twitter, Pinterest, Facebook, Instagram гэх мэт маш өргөн сувгуудтай болсон. Суваг бүр өөр өөрийн гэсэн ялгаатай бүлгүүдээс бүрддэг. Нэн тэргүүнд яг аль бүлэгт мэдээллээ хүргэх нь оновчтой вэ гэдгээс хамаарч сувгаа сонгох хэрэгтэй. Эдгээр сувгуудыг хольц болгон ашиглах боломж нээлттэй. Гол нь бид суваг бүрийн онцлогт тохирсон мессеж, түүх зохиох л чухал.

3. Таны брэндийг төлөөлж чадахуйц, итгэл төрүүлэхээр нүүр царайг хайж ол
Таны сонгосон хүн танай брэндийн илэрхийлэл, нүүр царай болох учир сонгохоосоо өмнө түүний талаар нарийвчилсэн судалгаа хий.

Судлах аргууд:

  • Сошиал сувгуудаар нь орж үзэх
  • Онлайн орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар сөрөг мэдээ, мэдээлэл явсан эсэхийг хянах
  • Танай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй зөрчилдөхүйц мэдээ, сэтгэгдэл өөрийн сувгуудаараа явуулж байсан эсэхийг нь хянах
  • Тухайн хүн пост оруулахдаа сайн нягталж, санаагаа ойлгомжтой илэрхийлдэг эсэх, эелдэг боловсон харилцаатай эсэхийг нь хянах

Нөлөөлөгчөөр сонгож байгаа хүнийхээ зөвхөн дагагчийн тоог хараад сонголт хийж болохгүй. Маш олон дагагчтай нэг хүнд их хэмжээний мөнгө өгч, сурталчилгаа хийлгэснээс түүнийг бодвол харьцангуй цөөн дагагчтай хэд хэдэн хүнд тухайн мөнгөө хувааж өгөөд, арай олон хүнээр, дараалласан, харьцангуй урт хугацаанд сурталчилгаа хийх арга замыг сонгох нь оновчтой байдаг.

4. Нөлөөлөгчийг сонгох
Нөлөөлөгчөөр сонгох гэж байгаа хүн чинь таны брэндийн дуу хоолойтой нэгдмэл дуу хоолойтой байх ёстой. Энэ шаардлагад нийцэх, боломжит нэр дэвшигчийг олох хэд хэдэн арга бий. Үүнд:

  • Хаштаг ашиглан, танай брэндийн талаар урьд өмнө пост оруулж байсан хүмүүсийг хайж олж болно
  • Түлхүүр үгээр хайлт хийж болно
  • Бусдаас асууж болно

Нөлөөлөгчөөр сонгогдох хүн дараах шаарлагуудад тохирч байвал сайн. Үүнд: Брэндийн агуулга, хэрэглээтэй нийцэж байх

  • Брэндийн зорилтот хэрэглэгчдээс бүрдсэн үнэнч дагагчидтай байх
  • Тухайн брэндийн талаар мэдлэгтэй, ажил амьдрал нь ямар нэг байдлаар холбогддог байвал сайн
  • Танай байгууллагатай богино хугацаанд мэдээлэл солилцож, уян хатан, нээлттэй ажиллах боломжтой байх

Нөлөөллийн маркетинг ашиглана гэдэг нь хэн нэгэн олны танил, алдартай од таны бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авахыг фэнүүддээ уриалах, шахалтанд оруулахыг хэлдэггүй, таны сонгосон нүүр царай танай бүтээгдэхүүн үйлчилгээний давуу талуудыг өөрийн постоороо дамжуулан бага багаар мэдээллэж, аяндаа фэнүүд нь тухайн брэндийн талаар эерэг ойлголттой болж, худалдан авах сэдэл төрүүлэхийг хэлдэг.

5. Мэдээлэл оруулах хугацаагаа төлөвлө
Нөлөөллийн компанит ажлыг үр дүнтэй болгохын тулд бусад сурталчилгаа мэдээллийн ажлуудтайгаа хугацааг нь уяж, нарийн дэс дараатай төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь арга хэмжээ, вэбсайтуудаар тавигдах нийтлэл, хэвлэлийн мэдээ, блог дээр тавигдах шинэ мэдээлэл зэрэг нь нөлөөллийн посттой уялдсанаар зорилтот хэрэглэгчдийг худалдан авалтын шийдвэр гаргах шат руу хурдан авч ирэхэд түлхэц болдог.

6. Нийтэд хүргэхийн өмнө контентоо хяна
Нөлөөллийн контентийг нийтэд хүргэхийн өмнө тухайн контент танай компанит ажилтай нийцэж байгаа эсэх, цаг хугацааны хувьд таарч тохирч байгаа эсэхийг дахин нэг нягталж байх хэрэгтэй. Нүүр царай болсон хүндээ постоо бүтээлч байдлаар, бие даан бэлтгэх эрх мэдлийг өгсөн ч тухайн пост нийтэд хүрэхийн өмнө заавал хянаж байх шаардлагатай.

7. Контентийн хүртээмжээ байнга өсгө
Нөлөөллийн пост орохын өмнө болон дараа тухайн постыг дэмжсэн коммент, чөлөөт мэдээлэл зэргийг оруулж, үндсэн постоо дэмжих арга хэмжээ авах нь үр дүнтэй. Энэ талаар нүүр царайгаар сонгогдсон хүнтэйгээ мөн урьдчилан тохирно. Түүний дагагч тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар асууж тодруулбал тэрээр хариулахад хэзээд бэлэн байх ёстой.

8. Үр дүнгээ хэмж
Бусад компанит ажлын адилаар Нөлөөллийн компанит ажлынхаа үр дүнг мөн хэмжиж байх хэрэгтэй. Үр дүнгээ хэмжихдээ эхлээд дараах асуултуудад хариулаарай.

  • Энэ арга хэмжээ нь танай компанид ямар нэг өсөлт авч ирсэн үү?
  • Зорилтот хэрэглэгчдээсээ ямар шинэ мэдээлэл олж авав?
  • Ямар төрлийн пост хамгийн үр дүнтэй байв?
  • Ямар пост үр дүн муутай байв?

Нөлөөллийн компанит ажлыг амжилттай явуулахад анхаарах хэд хэдэн зүйл бий. Үүнд:

  • Хаштаг ашиглах
  • Төсөвтөө багтаан нэг биш, хэд хэдэн хүнийг нөлөөлөгчөөр ашиглах
  • Нөлөөллийн постыг өөрийн болон бусад холбоотой сувгуудаар түгээх
  • Нөлөөлөгчтэй ямар хугацаанд хамтран ажиллахаа гэрээгээр тохиролцсон байх

Нөлөөллийн маркетингийг ашиглахдаа та дээрх зөвлөгөөг дагаснаар зорилтот бүлэгтэйгээ илүү гүнзгий холбоо тогтоох, брэндээ оновчтой таниулах, мэдээллийг зорилтот бүлэгт үр дүнтэй хүргэх, итгэлцэл үүсгэхэд тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Нөлөөллийн маркетингийн талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах болон мэргэжлийн төвшинд хийлгэхээр бол бидэнд хандаарай.

Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол холбоо барих формыг бөглөн өөрийн мэдээллийг үлдээгээрэй. Бид ажлын 1 хоногт багтан эргэн холбогдох болно. Баярлалаа.
info@dima.mn
72119211
facebook.com/digitalmarketingmongolia
М офисс, Самбуугын гудамж-18, Чингэлтэй дүүрэг,  Улаанбаатар хот, Монгол улс