ТАНАЙ МАРКЕТИНГ ЯАГААД БҮТЭЛГҮЙТДЭГ ВЭ?
Ихэнх компани маркетингийн зардалдаа нэлээд их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулах нь бий. Хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөө сохор зоосны ч ашиг өгөхгүй зүйлд үрээд дуусгавал ямар олиг байх билээ. Тэд хийсэн ажлынхаа тайланг эргэж харах үедээ юуг буруу хийж, хаана алдаа гаргаснаа бодож эхлэх нь түгээмэл. Зарим нь бүр бодож төсөөлж байсан шигээ чанартай бүтээгдэхүүн гаргаж чадаагүй юм болов уу гэж эргэлзэх нь ч бий. Гэтэл асуудал нь бүтээгдэхүүндээ биш бол яах вэ? Асуудал нь тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах арга замд байвал яах вэ?
Асуудал ихэвчлэн их энгийн байдаг. Та бид компанийнхаа цахим хуудас, цаасан танилцуулгыг хийлгэхдээ фотошоп дээр сайн ажилладаг дизайнеруудыг хөлсөлдөг. Гэтэл тэдний маань хэд нь маркетинг борлуулалтын талаар уншиж судалсан байдаг бол? Бас тэдний хэд нь хэрэглэгчдэд хүргэхийг зорьж буй санаагаа хэрхэн оновчтой болгох талаар мэддэг бол?
Үнэндээ нүд унагаам дизайн хийцтэй танилцуулга, цахим хуудастай л бол бүтээгдэхүүнээ зарчихна гэсэн үг биш.
Хэрэглэгчдэд хүргэх гэсэн санаагаа оновчтой болгоогүй цагт тэд таныг сонсохгүй. Иймд борлуулалтаа өсгөе нэмэгдүүлье гэж бодож байвал үгээр тоглох хэрэгтэй. Санаагаа оновчтой болгоогүй бол дизайндаа мөнгө зарцуулах нь үргүй зардал. Хэлэх гэсэн санаа тань оновчгүй, ойлгомжгүй, тодорхой бус бол хэчнээн хөрөнгө зарж сурталчиллаа ч хэрэглэгчид таныг сонсохгүй. Энэ нь хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд бизнесийнхэн, том групп компани гээд бүгдэд нь ижилхэн үйлчилнэ. Бодит байдал дээр бид бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахын төлөө өрсөлдөхөөс гадна хэрэглэгчид яагаад түүнийг худалдаж авах хэрэгтэй вэ? гэдэгт хариулт өгөхийн төлөө уралддаг. Хамгийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан атлаа хэрэглэгчдэд санаагаа оновчтой хүргэж чадаагүйн улмаас чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ялагдах нь бий.
Танай компанийн хэрэглэгчдэд хүргэх гэсэн санаа юу вэ? Та түүнийгээ торолгүй хэлж чадах уу? Санаа тань энгийн, итгэж болохуйц, хэрэглэгчийн чихэнд хоногшихоор байж чаддаг уу
Ихэнх компанийн маркетинг бүтэлгүйтдэг нь тодорхой учир шалтгаантай. Тэд маркетингаа хэтэрхий төвөгтэй байдлаар хийдэг. Үнэндээ бидний тархи мэдээллийг хэрхэн боловсруулахаа мэддэггүй. Мэдээлэл энгийн ойлгомжтой байх тусам тархи түүнийг амархан хүлээж авдаг. Та Маслоугийн хэрэгцээний шатлалын онолыг санаж байна уу? Бидний тархи юуны өмнө идэх, уух амьд үлдэх гэсэн үндсэн хэрэгцээнд төвлөрдөг. Хүн төрөлхтөн анхдагч хэрэгцээгээ хангаж байж л амьд үлдэх болохоор түүнд нь тус дэм болох зүйлсийг л эргэн тойрноосоо тасралтгүй хайж байдаг. Брэндүүдийн гаргадаг хоёр том алдаа байдаг.
Нэгдүгээрт: Брэндүүдийн гаргадаг эхний алдаа нь хүмүүсийн хэрхэн амьд үлдэж, өсөж хөгжих вэ? гэсэн үндсэн хэрэгцээнд төвлөрдөггүйд оршино.
Хоёрдугаарт: Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхдээ хэт их энерги зарцуулж байж ойлгохоор болгочихдогт оршино. Мэдээллийг боловсруулахын тулд бидний тархи маш их энерги зарцуулах нь тархины хамгийн гол ажил буюу амьд үлдэж, өсөж хөгжихөд туслах үүрэгтэй нь тэрсэлдэж байдаг. Энерги их зарцуулдаг буюу их хэмжээний мэдээлэл боловсруулах шаардлага тулгарах үед хүмүүс хэрэгцээгүй мэдээллийг нь үл ойшоож эхэлдэг. Өөрөөр хэлбэл эмх замбараагүй их мэдээлэлд бөмбөгдүүлсэн хэрэглэгчийн тархинд гагцхүү амьд үлдэх механизм ажиллаж, тэдгээр мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг гэсэн үг. Хэрэглэгчид танай компанийн танилцуулгыг үзэхдээ, эрхэм зорилгыг тань сонсохдоо эсвэл цахим хуудсанд тань зочлохдоо тэнд буй мэдээллийг тархиндаа боловсруулахын тулд энерги их зарцуулах хэрэгтэй болдог. Тиймээс богино хугацаанд хэлэх гэсэн санаагаа товч ойлгомжтой байлгахгүй бол өнөө л амьд үлдэх механизм нь ажиллан үл тоож эхэлнэ.
Бүх урлаг тодроос кино урлаг хамгийн агуу нь гээд хэлчихсэн нь зүгээр ч нэг зүйл биш гэж би боддог. Кино зохиол бичдэг хүмүүс хэрхэн үзэгчдийн анхаарлыг олон цагаар татаж чаддаг юм бол? Хэрэглэгчдийг ингэж олон цагаар биш юмаа гэхэд хэдхэн секунд минут хэрхэн анхаарлыг нь яаж татах вэ? Кино зохиолчдын ашигладаг арга бол Стори аргачлал юм. Тэд хэрхэн үзэгчдийн анхаарлыг олон цагаар татах вэ? гэдгээ маш сайн мэднэ. Энэ аргачлал нь үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг шигээ таны бизнесийг ч бас өргөжүүлж чадна. Бүтээгдэхүүн үйлчилгээг тань хэрэглэгчдэд харагдахуйц, сонсогдохуйц болгохоос гадна яагаад сонгох ёстой вэ гэдгийг ойлгуулж чадна. Хэрэв танд хүмүүсийн анхаарлыг татах шаардлага байгаа бол энэ аргачлал хамгийн зөв.
Хэрэглэгчдийн толгойд түм буман асуулт эргэлдэж байдаг. Хэрэв танай брэнд тэр асуултанд хариулж чадахгүй бол тэд өөр брэндийг сонгоно. Хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг ойлгоогүй, ямар асуудлыг нь шийдэж өгөхөө яг таг тодорхойлоогүй, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан амьдралд нь ямар бодит өөрчлөлт авчрахаа хэлж мэдэхгүй бол зах зээлд тэргүүлэх тухай бодоод ч хэрэггүй. Хэлэх гэсэн санаа тодорхой байх ёстой. Хэрэв таны санаа хэрэглэгчдийн толгойг эргүүлэх л юм бол та ялагдал хүлээнэ.
Маркетинг хийх гэдгийг хүмүүс сошиал медиагаар болон цахим хуудас, мэйл хаягаар, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зах замбараагүй их мэдээллийг завсар чөлөөгүй цацах гэж ойлгох тал байдаг. Хэрэглэгчдэд товч бөгөөд тодорхой, гоё чамин хоёрмдмол утга агуулгагүй, мессеж хүргэх нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн тархинд нь байршуулахад хамгийн дөхөм. Та бидний хэлж ярьж буй бүхэн хэрэглэгчдийн чихэнд тэр янзаараа хүрдэг гэвэл эндүүрэл. Хэрэглэгчид бидний хэлсэн үгэнд биш, өөрсдийнхөө сонссон зүйлдээ тулгуурлаж худалдан авах шийдвэр гаргадаг.
Сайн зохиол бичихийн үндэс нь юу хэлэх вэ гэдэгт бус, юуг хэлэхгүй вэ гэдэгт оршдог гэдгийг туршлагатай зохиолчид андахгүй. Илүү дутуу зүйлийг нь танах тусам зохиол бүтээлийн чансаа дээшилдэг. Хэрэглэгчидтэй холбоо тогтоохыг хүсвэл хэрэгцээгүй мэдээллээр бөмбөгдөхөө болих хэрэгтэй.
Стив Жобс стори өгүүлэх замаар хэрэглэгчдэд санаагаа хүргэж эхэлсэнээс хойш Apple компани асар их амжилтанд хүрсэн билээ. Тэрбэр гайхамшигт үлгэрийн ертөнцийг бүтээгч Pixar-тай хамтарч ажилласаны дараа аливааг харах өнцөг нь ихээхэн өөрчлөгдсөн гэж үздэг. Стив Жобс 1983 онд Apple-c явахаас өмнө Лиза нэртэй комьпютерыг зах зээлд гаргачихаад сурталчилахдаа техникийн үзүүлэлтийг нь багтаасан 9н хуудас материалыг өдөр тутмын сонинд нийтлүүлжээ. Энэхүү мэргэжлийн үг хэллэг бүхий 9 хуудас сурталчилгааг нь NASA-ийн ажилтануудаас өөр хэн ч сонирхосонгүй. Ингээд Лиза зах зээлээс шахагдав.
Стив Pixar-с Apple-д эргэн ирсэн даруйдаа брэндээ хэрэглэгч төвтэй, сонирхолтой болгоод зогсохгүй санаагаа маш оновчтой илэрхийлж эхэлсэн байна. Хамгийн эхэнд өдөр тутмын сонинд хэвлүүлж байсан 9н хуудас материалаа ердөө хоёрхон үг буюу “Өөрөөр сэтгэ” болгож өөрчлөөд Америкийн өнцөг булан бүрт байршуулсан.
Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнээ л авдаг. Apple шиг хэрэглэгчдийнхээ амьдралд нэвтэрч чадсан технологийн компани хаана ч үгүй. Үүнийхээ үр дүнд тэд технологийн салбарын тэргүүлэх компанийн нэг болж чадсан. Тиймээс та компаниа өргөжүүлье гэвэл тэдний тоглоомын дүрмээс суралцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл санаагаа оновчтой болгоно гэсэн үг.
Холбоотой мэдээ: Контент маркетинг
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.