ТА ХЭРЭГЛЭГЧЭЭ ЮУ ХҮСЭЖ БАЙГААГ МЭДЭХ ҮҮ?
Хамгийн эхэнд хэрэглэгч юу хүсэж байгааг тодорхойлох нь маш чухал. Манай агентлаг шинээр нээгдэж байгаа амралтын газрын маркетинг дээр нь ажилласан юм. Тэднийх өмнөх сурталчилгаан дээрээ ресторан болон зочин хүлээн авах үүдний хэсгийн зургийг оруулсан байлаа. Байшингаа л зарах гээгүй бол ийм зургаар үйлчилүүлэгчдийн анхаарлыг татах юу л бол. Амралтын газар хайж буй хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйл бол тансаг орчинд тав тухтай амрах юм. Үүнийг бид халуун рашаан, ая тухтай ор буйдан, цэвэр цэмцэгэр цагаан хэрэглэл, иллэг массаж хийлгэж буй дүр зураг, байгалруу харсан тагт, дүүжин ор гэх мэт ая тухтай амралтыг харуулсан зургуудаар солив. Танилцуулга дээр нь товчхон бөгөөд оновчтой цөөн үгээр “Байгалийн сайханд тансаг орчинд тав тухтай амралт энд л байна” гэж оруулж өгөв. Хэрэглэгчдэд хүргэх гэсэн санаагаа оновчтой болгоогүй цагт тэд таныг сонсохгүй. Иймд борлуулалтаа өсгөе нэмэгдүүлье гэж бодож байвал үгээр тоглох хэрэгтэй. Мөн товч бөгөөд тодорхой ойлгомжтой хоёрдмол утгагүй байх ба санаа тань энгийн, итгэж болохуйц, хэрэглэгчийн чихэнд хоногшихоор, өгч байгаа мэдээлэл тань энгийн ойлгомжтой байх тусам тархи түүнийг амархан хүлээж авдаг. Хүмүүс хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнийг л авдаг. Хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолыг зөв тодорхойлж тэдэнд хандсан зөв маркетинг хийж чадвал хэрэглэгч танайд хандах бөгөөд хэрэв бүтээгдэхүүн үйлчилгээ тань таалагдвал танай байнгын хэрэглэгч үйлчлүүлэгч болох нь дамжиггүй юм. Маркетингаа хийхдээ дараах шат дарааллаар хийх хэрэгтэй.
- Анзаарах: Контент нь эхэн үедээ тухайн хэрэглэгчдэд асуудал, боломжуудыг ойлгуулахад анхаардаг
- Боловсрол олгох: Асуудал боломжыг нь ойлгуулсаны дараа тухайн хэрэглэгчдэд боловсрол олгоход анхаардаг. Үүнийг өөрөөр итгэл төрүүлэх, итгэл олж авах ч гэж нэрлэдэг.
- Мэдээлэл өгөх: Тухайн зорилтот хэрэглэгчдийг илүү сайн шийдвэр гаргахад нь туслах шийдэл, санаачлага өгөх дараа дараагийн үйлдэлд дуудах мэдээллээр хангана.
- Холбоо үүсгэх: Сонирхолд нь нийцэх зүйлийн талаар холбоо тогтоох сэжүүрийг гарган ирээдүйд гаргаж болох шийдвэр рүү татах алхмыг эхлүүлнэ.
- Борлуулалт руу хувиргах: Энэ үед түүнтэй холбоо тогтоон дараа дараагийн алхам борлуулалт руу хувиргах үйл явц руу шилжинэ.
Маркетингаа үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээгээрэй. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно. Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг. Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэдэг нь үүнийг хэлж байгаа хэрэг. Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чаддаг. Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.
Холбоотой мэдээ: ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ПЕРСОНА БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАМНАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Та хэрэглэгчдийнхээ асуудлыг тодорхойлж, тэдний хүсэл сонирхолыг ойлгодог гэдгээ харуулж чадвал аяндаа тэд танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож эхэлнэ. Хэрэв та хэрэглэгчдийнхээ асуудлыг олж тогтоож чадахгүй бол тэдний анхаарлыг ч мөн татаж чадахгүй. Хэрэглэгчдийн чихэнд хоногшино гэдэг хамгийн чухал. Тулгарч буй асуудлынх нь талаар ахин дахин дурдах тусам тэд танай бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ихээр сонирхох болно.
Өнөөдөр хэрэглэгчээ амьдралд нь тулгарч буй асуудлуудыг олж харах, шийдэхэд нь тусласан контент хүний сэтгэлд хүрсэн хамгийн сайн маркетинг байж чаддаг. Бид өдийг хүртэл бүтээгдэхүүнийхээ хэр их гайхалтайг магтахдаа хамаг анхаарлаа зориулж ирсэн. Үр дүнд нь хамгийн шилдэг, VIP, чанартай, манлай, топ зэрэг үгс үнэ цэнээ алджээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас илүүтэйгээр хүмүүсийн амьдралд үнэ цэнэ өгөх, сонирхолтой, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх контентыг хөгжүүлэн түгээснээр компани, хэрэглэгчдийн аль алинд хэрэгтэй урт хугацааны тогтвортой харилцаа бий болдог.
Харин хэрхэн бодит борлуулалт, үнэнч хэрэглэгч бий болгох контент маркетинг хийх вэ?
Инбаунд аргачлал
Инбаунд маркетингийн нууц нь талд яваа хүнийг манай “промотер” болгоход оршдог. Эхлээд өөрийн контент, бизнесийн блог, сошиал медиа постууд, хайлтын системийн оновчлолоор түүний анхаарлыг татна. Ингэснээр вэб хуудсанд зочлон контентуудтай танилцах ба энэ үед дараагийн сонирхолтой контенттой танилцах, татаж авах үйлдэлд дуудагдсанаар (Calls-To-Action буюу CTA) газардах хуудас (Landing Page буюу LP) руу очно. Газардах хуудас нь тухайн контент ямар агуулгатай, яагаад хэрэгтэйг товч тодорхой дүрслэх ба нэр, и-мэйл хаяг, байгууллага гэх мэт талбаруудтай бүртгэлийн хуудсыг бөглөснөөр баярлалаа хуудас (Thank you Page буюу TYP) руу очно. Баярлалаа хуудас нь санал болгож буй контентыг түүнд өгөх ба худалдан авалтын дараагийн замналд дуудах дараагийн контенттой танилцах боломжуудыг өгдөг.
Энэ үед тэрээр нэгэнт сэжим болсон хэдий ч борлуулалтанд хараахан бэлэн болоогүй байх нь элбэг. Иймд дараа, дараагийн контентуудыг CTA, LP, TYP болон и-мэйл, сошиал медиа зэрэг бусад сувгуудаар хүргэн сэжмийн арчилгаа хийсээр борлуулалтад бэлэн сэжим болгон хувиргана. Цааш нь CRM буюу харилцагчийн удирдлагын систем ашиглан борлуулалтын үйл ажиллагааг удирдан борлуулалт хийнэ. Нэгэнт манай харилцагч болсноор бас бүх зүйл дуусчихгүй тул бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үр дүнтэй хэрэглэхэд нь туслах ухаалаг контентуудыг дижитал сувгуудаараа хүргэн халамжилснаар харилцагчаа бидний өмнөөс найз нөхдөдөө маркетинг хийдэг маркетераа болгон хөгжүүлэх юм. Хэрэглэгчийн и-мэйл хаяг, утасны дугаар байгаа бол түүнийг сошиал медиа, вэб дээрээс олж дахин дараа, дараагийн контентуудыг чиглүүлэн хүргэх боломжууд бий.
Танайд тулгамдаж байгаа маркетингийн асуудлууд байна уу? Та яг одоо 7211-9211 дугаарт залгаж бидэнтэй холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай.