МИЛЛЕНИАЛУУД БОЛОН ‘Generation Z’ ҮЕИЙН ЗАЛУУСЫН ЯЛГАА
Миллениалууд болон ‘Generation Z’ үеийн залуусын ялгаа
Миллениалуудыг өөрөөр “Generation Y” гэж нэрлэдэг. Тэд бол 1980-1990 оны дунд үед төрсөн залуус юм. Мөн тэднийг “цуурайтуулагчид” ч гэж нэрлэх тохиолдол байдаг бөгөөд энэ үеийн залуус нь дэлхийн хүн амын өсөлтийн сүүлийн хагас зуун жилд тохиосон хамгийн өндөр өсөлттэй жилүүдэд мэндэлсэн хүмүүс юм.
Харин “Generation Z” гэдэг бол миллениалуудын араас төрсөн буюу 1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны дунд үед хамаарах залуус юм. Тэднийг өөрөөр “iGeneration” болон “пост-миллениалууд” ч гэж нэрлэдэг.
Эдгээр үеийн залуус нь өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын гуравны нэгийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл бидний өнөөгийн нийгэм миллениалууд болон “Generation Z”-үүдийн амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг. Тиймээс барууны орнууд тэдний сэтгэлгээ, шийдвэр гаргалт, аливаа чухал асуудалд хандах байдал, улс төрийн оролцоо, идэвх, сэтгэл зүй зэргийг нь нухацтай судалж, ойлгох чиглэлд маш ихээр анхаарах болсон.
Гэхдээ хамгийн гол зүйл нь тэдний ялгаа юу вэ. Үндсэндээ миллениалууд болон “Generation Z” аль аль нь цахим эриний хүүхдүүд боловч интернэт, сошиал медиа зэрэг өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон зүйлстэй огт өөр туршлагаар танилцацгаасан байдаг. Мөн тэдний эцэг эхчүүд ч өөр, өөр үеийн төлөөллүүд учир зан байдал, хандлага, хүмүүжил зэргээрээ маш том ялгаатай. Тиймээс миллениалууд болон “Generation Z” үеийнхний ялгааг харуулж чадах 9 жишээг танд хүргэж байна.
1. Аливаад анхаарал хандуулах байдал
“Generation Z” үеийн залуус нь бусад үеийн төлөөллүүдийг бодвол аливаа мэдээллийг хамгийн хурдан хүлээн авч боловсруулж чаддаг. Учир нь тэд өндөр технологийн шинэчлэл өдөр бүр хийгддэг нийгэмд төрсөн хүмүүс учир аливаа зүйлийг хурдан ойлгох чадварт мэдээ орсон цагаасаа эхлэн суралцдаг. Гэвч тэдний нийтлэг сул тал бол анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай байдал юм. Мөн тэдний анхаарлыг сарниулахад “Instagram”, “SnapChat” зэрэг түгээмэл ашиглагддаг сошиал медиа том хувь нэмэр оруулдаг. Харин миллениал үеийнхний хувьд тэдэнтэй харьцуулахад анхаарал төвлөрүүлэх чадвар хамаагүй өндөр болохыг судалгаагаар тогтоосон байдаг.
Сүүлийн үед хийсэн түүврийн судалгаанд миллениал болон түүнээс дээш үеийнхний 4 хувь нь 13 настай хүүхэд ухаалаг гар утас хэрэглэх нь байж болох зүйл гэж хариулсан байна. Харин “Generation Z” үеийнхний 18 хувь нь 13 настай хүүхэд ухаалаг гар утас хэрэглэх нь ямар ч асуудалгүй гэж хариулжээ.
2. Нэгэн зэрэг олон ажил амжуулах чадвар
Анхаарал төвлөрөх чадвар муу байх нь үргэлж сул талтай байдаггүй. Учир “Generation Z” үеийнхний хувьд энэ сул тал нь олон ажил зэрэг амжуулах давуу талыг олгодог аж. Жишээ нь тэд зөөврийн компьютер дээрээ гэрийн даалгавар, бие даалтаа хийх зуураа таблет дээр хичээлтэйгээ холбоотой хайлт, судалгаа хийн, бүр хөгжим сонсож, зурагт үзэж, найзуудтайгаа чатлаж байхдаа нэлээд цэгцтэй тэмдэглэл хөтөлж чаддаг. Энэ бол хэний ч хувьд маш хэцүү асуудал юм. Харин миллениалууд тэдэнтэй харьцуулахад анхаарал төвлөрөх чадвар сайтай ч олон зүйлд зэрэг төвлөрч чаддаггүй байна.
3. Бие даах болон багаар ажиллах чадвар
Түүврийн судалгаанд хамрагдсан нийт “Generation Z”-үүдийн 71 хувь нь “хэрэв чи зөв хийхийг хүсэж байвал зөвхөн өөрийнхөөрөө хийх хэрэгтэй” гэж хариулжээ. Тэд сэтгэлгээний хувьд өөртөө эзэн байх, хувийн ур чадвар, бие хүний төлөвшлөө дээшлүүлэх болон өрсөлдөөнд маш идэвхтэй байдаг. Харин ажлын байран дээрх “Generation Z”-үүдийн 69 хувь нь хамт олонтойгоо бус ганцаараа нэг өрөөнд ажиллахыг илүүд үздэг бөгөөд багаар ажиллахаас илүүтэй бие даан шийдвэр гаргахыг илүүд үздэг байна.
Харин миллениалуудын хувьд нийтлэг хэн нэгэнд төвөг удахаас зайлсхийдэг, өрсөлдөхөөс илүүтэй бие биенээ харж тайвширдаг аж. Гэвч тэд үзэл бодлоо хоорондоо чөлөөтэй илэрхийлж, нийгмийн асуудалд идэвхтэй оролцон, багаар ажиллахыг илүүд үздэг байна.
4. Цахим орчин дахь идэвх
Судлаачдын асуусан нэгэн сонирхолтой асуултад “Generation Z”-үүдийн 40 хувь нь ариун цэврийн өрөөнөөс илүүтэй “Wi-fi” чухал гэж хариулжээ. 1995 онд дэлхийн нийт хүн амын ердөө 14 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон байжээ. Энэ тоо 2014 онд 87 хувь болсон.
Миллениалууд бол сошиал медиагийн хамгийн анхны хэрэглэгчид юм. Өөрөөр хэлбэл тэд бол цахим эриний анхдагчид. Тэд анхны ухаалаг гар утас, чат, “Google” хайлтын систем, фэйсбүүкийн эхлэлийг харсан амьд гэрчүүд юм. Харин “Generation Z” үеийнхэн цахим эринд төрсөн гэдэг утгаараа интернэт хэрэглээ маш өндөр, үүнийгээ дагаад хамаарал ихтэй байдаг аж.
5. Чатлах уу эсвэл дүрсээ харж ярих уу?
Технологийн энэхүү боломжууд нь эдгээр үеийн төлөөллүүдэд өөр, өөр хандлагаар ашиглагддаг. Судалгаагаар “Generation Z” үеийнхний 74 хувь нь ажлын газрын хүмүүстэйгээ дүрсээ харж ярихыг илүүд үзсэн байна. Харин миллениалууд чатлахыг илүүд үздэг.
6. Өөдрөг үзэл
“Lincoln Financial Group”-ын 2016 онд явуулсан судалгаанд “Generation Z”-үүд нь миллениалуудыг бодвол эрс өөдрөг үзэлтэй гэж дүгнэсэн аж. Энэхүү судалгаанд хамрагдсан “Generation Z”-үүдийн 50 хувь нь эх орноо зөв чиглэлд хөгжиж байна гэсэн бол Миллениалуудын 42 хувь нь ингэж хариулжээ. Мөн “Generation Z” үеийнхний 64 хувь нь 13 наснаасаа эхлэн өөрийн санхүүгийн байдлын ирээдүйн талаар судалж бусадтай ярьж эхэлдэг байна. Харин тэдний хувийн судалгаа болон бусадтай ярилцах агуулгын 95 хувь нь өөдрөг хандлагатай байдаг аж.
7. Брэнд хэрэглээ
Нарийвчилсан судалгаагаар “Generation Z”-үүд нь технологид суурилсан худалдан авалтын шуурхай үйлчилгээг түлхүү хэрэглэдэг. Жишээ нь захиалсан бараа нь нэг цагийн дараа гэрт нь хүргэгдэн ирэх гэх мэт. Тэдний хувьд худалдан авч буй зүйл нь ямар үнэтэй брэндийнх байх гэдгээс илүүтэй ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс өөрт нь хэр давуу вэ гэдэг илүү чухал байдаг аж. Мөн тэдний хувьд худалдан авалт хийх гэдэг бол сошиал медиагийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэд таалагдсан зүйлээ бусадтай хуваалцаж, үнэгүй сурталчлах, үнэлгээ өгөх, лайк дарах зэргийг маш идэвхтэй хийдэг. Тэд цахим орчинд таалагдсан зүйлдээ миллениалуудтай харьцуулахад хоёр дахин их лайк дардаг байна.
Харин миллениалуудын дунд үнэтэй брэнд дагах болон үрэлгэн байдал их ажиглагддаг. Тэднийг хүн төрөлхтний түүхэнд дэх хамгийн үрэлгэн бөгөөд дэмий зүйлд их мөнгө зарцуулдаг хүмүүс ч гэцгээдэг.
8. Суралцах арга барил
“Sparks & Honey” судалгааны байгууллагын хийсэн судалгаанд “Generation Z”-үүдийн 75 хувь нь уламжлалт боловсролын системийн дагуу их сургуульд боловсрол эзэмшихээс илүүтэй өөр арга замаар сайн боловсрол эзэмших боломжтой гэж итгэдэг байна.
Харин миллениалуудын хувьд тэдний маш олон нь сургалтын зээл болон төрийн сангийн тэтгэлгийн өртэй байдаг. Тэд өр тавьж боловсрол эзэмшээд бусдаас чухам яг юугаар илүү болсон бэ гэдэг асуултыг түгээмэл тавьдаг байна.
9. Тэвчээр
Тэд өмнөх үеийн хүмүүсийг бодоход аль, аль нь маш тэвчээр муутай хүмүүс юм. Гэвч нийтлэг хүрээнд хоорондоо өрсөлдвөл миллениалууд илүү тэвчээртэй аж. Гэхдээ энэ нь тэд дор хаяж 10 жилээр “Generation Z”-үүдээс илүү урт амьдарсан гэдэгтэй холбоотой байх талтай. Учир нь тэвчээр гэдэг зүйл хүнд нас ахих тусам суудаг аж. Тэдний хэн хэн нь ажлын өндөр бүтээмжтэй, нээлттэй сэтгэлгээтэй, бүтээлч хандлагатай байдаг ч тууштай байдал үргэлж дутагддаг нь хөдөлмөрийн зах зээлд бэрхшээл болж буй.
Эх сурвалж: Infographic Show