Контент маркетингийн нэг хэсэг болох график дизайныг хийх үндсэн дүрмүүд

График дизайн гэж юу вэ?
Ихэнх хүн график дизайнер яг юу хийдгийг төдийлөн сайн мэддэггүй. Байгууллагын лого хийдэг үү? Фотошоп дээр зураг янзалдаг уу? Сэтгүүлийн эх бэлддэг үү? Мэдээж бүгдийг нь хийдэг. Гэхдээ эдгээр нь график дизайны нэгээхэн хэсэг л юм. Эргэн тойрноо харвал график дизайн хаа сайгүй байгааг анзаарна. Өглөөний овъёосны хайрцаг, таны унших дуртай ном, сэтгүүл, брэндүүдийн сурталчилгааны материал, танай байгууллагын лого, нэрийн хуудас, вэбсайт гээд бүгд л график дизайн.
График дизайн бол зураг дүрслэл, өнгө, хэлбэр дүрс, үгийг ашиглан үзэл санаа, мэдээлэл дамжуулдаг харааны харилцааны (visual communication) урлаг юм. Өөрөөр хэлбэл, санаа, ойлголтыг нүдэнд харагдах хэлбэрээр хүргэх арга.
Холбоотой: Инфографик гэж юу вэ? Түүнийг хэрхэн хийх вэ?
График дизайны чиглэлүүд
График дизайны чиглэл бүр өөрийн гэсэн ур чадвар, арга техник шаарддаг. Зарим дизайнер нэг чиглэлдээ (жишээ нь лого дизайн) мэргэшдэг бол зарим нь ойролцоо хэд хэдэн чиглэлээр (маркетингийн дизайн, хэвлэлийн дизайн гэх мэт) ажилладаг. Аль чиглэлээр суралцах, ямар дизайнертай хамтран ажиллахаа сонгоход тань туслах үүднээс гол чиглэлүүдийг танилцуулъя.
- Брэнд айдэнтити дизайн (лого, брэнд айдэнтити дизайнер): лого, брэндийн дүр төрх.
- Маркетинг, зар сурталчилгааны дизайн (маркетингийн дизайнер): маркетингийн бүх төрлийн материал.
- Хэвлэлийн дизайн (хэвлэлийн дизайнер): ном, сэтгүүл, захидал, жилийн тайлан, сонин, каталог.
- Сав баглаа боодлын дизайн (сав баглаа боодлын дизайнер).
- Хөдөлгөөнт график дизайн (моушн дизайнер): видео реклам, тоглоом, презентейшн, хөдөлгөөнт баннер, GIF, видео хичээл, трейлер.
- UI/UX, вэб дизайн (UI/UX, вэб дизайнер): вэб дизайн, тоглоомын интерфейс, апп дизайн.
- Орчны график дизайн (орчны график дизайнер): гадна, дотор самбар, эвент болон хурлын талбайн дизайн, ажлын байрны дүр төрх, нийтийн тээврийн тэмдэглэгээ, дэлгүүрийн интерьерийн график. Манай оронд энэ төрлийн ажлыг ихэвчлэн маркетингийн дизайнерууд хийдэг.
- Иллюстрейшн, график арт (иллюстрейшн зураач): футболкны дизайн, хээ угалз, комик ном, номын хавтас, зурагт ном, инфографик, техникийн иллюстрейшн, концепт арт.
Дизайны салбарууд
Дизайн гэдэг нь хийсвэр зүйлийг төсөөлж төлөвлөх үйл явц бөгөөд бүтэц, орчин, интерфейс, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцыг бий болгоход оролцдог маш өргөн хүрээний ойлголт юм. Дизайны олон салбараас хамгийн түгээмэлийг нь танилцуулъя. Эдгээрийг мэдсэнээр дизайны тухай ойлголт тань илүү тодорхой болно.
- Architecture: барилга байгууламжийн төлөвлөлт, зураг төсөл.
- Interior design: барилгын дотоод засал, интерьерийн зураг төсөл.
- Product design: бүтээгдэхүүний зураг төсөл.
- Graphic design: зураг дүрслэл, өнгө, хэлбэр дүрсээр асуудлыг шийдэж, санаа дамжуулах харааны зохиомж.
- Fashion design: хувцасны загвар зохион бүтээх.
- User interface design: технологийг удирдах, түүнтэй харьцахад ашигладаг интерфейсийн төлөвлөлт.
- Landscape design: ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт зэрэг байгаль, архитектурыг хослуулсан зураг төсөл.
- Software design: программ хангамжаар асуудал шийдэх загварчлал.
- Engineering design: дэд бүтэц, технологи, машин механизм, барилга байгууламжийг инженерчлэх өргөн хүрээний үйл явц.
- Game design: зугаа цэнгэл, боловсрол, дасгал, туршилтад зориулсан тоглоом бүтээх.
- Sound design: кино, телевиз, видео тоглоом, театр, дуу бичлэг, амьд тоглолт, радиод зориулсан дуу авиа, хөгжим бүтээх.
- Scene design: кино, театр, арга хэмжээнд зориулсан тайзны зураг төсөл.
- Light design: кино, театр, арга хэмжээ болон интерьер, архитектурын орчинд зориулсан гэрэлтүүлгийн зураг төсөл.
Дизайны үндсэн элементүүд
Зураас, өнгө, дүрс, хэлбэр, орон зай, текстур бол дизайны барилгын тоосго юм. Элемент бүр харааны мессеж дамжуулдаг бөгөөд тэдгээрийг зөв ашиглаж сурвал таны дизайн илүү үр дүнтэй болно.
Зураас
Шулуун, муруй, тасархай, өргөн, нарийн гээд зураасны төрөл бүр өөр мэдрэмж төрүүлдэг. Шулуун зураас ихэвчлэн тогтвортой, тайван байдлыг илэрхийлдэг бол муруй, ташуу зураас динамик бөгөөд зохиомжид эрч хүч өгдөг. Тасархай зураас илүү найрсаг мэдрэмж төрүүлдэг. Тод, зузаан зураас анхаарал татдаг бол нимгэн зураас цэмцгэр, цэвэрхэн сэтгэгдэл үлдээдэг. Зураасыг онцлох, харцыг тодорхой хэсэг рүү чиглүүлэх, мэдээллийг зааглаж төвлөрөл үүсгэхэд ашигладаг.
Дүрс
Дүрсийг зөв ашиглах нь үр дүнтэй график дизайны түлхүүрүүдийн нэг. Дүрс зөвхөн чимэглэл биш. Тэр дизайны өнгө аяс, мессежийг тодорхойлж, сонирхол нэмэхээс гадна элементүүдийг цэгцлэхэд тусалдаг.
Үндсэн гурван төрлийн дүрс байдаг:
- Геометрийн дүрс: дөрвөлжин, дугуй, гурвалжин, ромб. Бүтэц бий болгодог.
- Байгалийн дүрс: гөлгөр, ирмэггүй хэлбэрүүд. Тав тух, тааламжтай мэдрэмж нэмдэг.
- Хийсвэр дүрс: бодит зүйлийн хялбаршуулсан хэлбэр.
Дүрсийн шинж чанар бүр өөр утга санаа илэрхийлдэг. Дүрсээ өөрчлөхөд дизайны тухай сэтгэгдэл ч давхар өөрчлөгддөг. Дүрс бол харилцааны хүчирхэг хэрэгсэл.
Өнгө
Өнгө дүрсийг ялгаруулж, мэдээлэл дамжуулж, мессежийг онцолж, утга санааг ойлгуулахад тусалдаг. Өнгө ба өнгөний схемийн үндсэн мэдлэгтэй болсноор лого ямар өнгөтэй байх, сурталчилгааны өнгө төрх ямар мэдрэмж төрүүлэх, вэбсайтын өнгийг сэтгэл зүйд тулгуурлан хэрхэн сонгох зэрэг шийдвэрийг илүү итгэлтэй гаргана.
Хүмүүс бүтээгдэхүүнийг сонирхох эсэхээ маш богино хугацаанд шийддэг бөгөөд энэ шийдвэрт өнгө их нөлөөлдөг. Тиймээс брэнд, бүтээгдэхүүний дүр төрхийн маш чухал хэсэг нь өнгө юм. Өнгөний онол хүн өнгийг хэрхэн хүлээж авдаг, өнгөнүүд хоорондоо хэрхэн зохицож эсвэл ялгардаг, ямар харааны болон сэтгэл зүйн нөлөөтэй вэ гэдгийг тайлбарладаг.
Холбоотой: График дизайны үндсэн зарчим гэж юу вэ?
Өнгө бол ойлголт. Гэрлийн долгионы урт өөр өөр байхад бидний нүдэнд өөр өнгө харагддаг. Богино долгионы гэрэл цэнхэр эсвэл ягаан, урт долгионы гэрэл улаан харагдана.
Өнгийг гурван ангилдаг:
- Үндсэн өнгө: шар, улаан, цэнхэр. Бусад бүх өнгөний суурь тул тэднийг «өнгөний эцэг эх» гэж ойлгож болно.
- Хоёрдогч өнгө: улбар шар, нил ягаан, ногоон. Үндсэн өнгөнүүдийн «хүүхдүүд».
- Гуравдагч өнгө: шаргал улбар, улаан улбар, улаан ягаан, хөх ягаан, хөх ногоон, шар ногоон гэсэн үлдсэн зургаан өнгө. Үндсэн өнгөний «ач, зээ нар».
Өнгөний хүрдийг дулаан өнгө (улаан, улбар шар, шар) ба хүйтэн өнгө (хөх, ногоон, нил ягаан) гэж хоёр хувааж болно. Дулаан өнгө эрч хүч, гэрэл гэгээ, идэвхтэй байдалтай холбоотой бол хүйтэн өнгө тайван, тогтуун, амгалан мэдрэмж төрүүлдэг.
Өнгөний шинж чанарууд (hue, shade, tint, tone). Hue бол өнгөний цэвэр хэлбэрийн нэр. Жишээ нь хөх, ягаан, ногоон. Shade нь өнгөнд хар нэмж бараан хувилбар гаргахыг, tint нь цагаан нэмж цайвар хувилбар гаргахыг хэлнэ. Tone нь саарал нэмж өнгөний хүчийг сулруулдаг. Аливаа өнгө цагаан, хар, саарал холилдоогүй үедээ хамгийн хүчтэй харагддаг.
Өнгөний хослолууд. Өнгөний хүрдийг ашиглан зохицох өнгийг зөв сонгож сурах нь дизайнд маш чухал.
- Нэмэлт өнгө (complementary colors): хүрдийн эсрэг талд байрлах өнгөнүүд, жишээ нь улаан, ногоон. Хурц тод, контраст сайтай дүр төрх үүсгэдэг тул анхаарал татах сурталчилгаанд их ашигладаг. Гэхдээ хэтрүүлбэл нүд ядраана.
- Аналог өнгө (analogous colors): хүрдэн дээр зэрэгцээ байрлах өнгөнүүд, жишээ нь улаан, улбар шар, шар. Нэг өнгө давамгайлж, нэг нь дэмжиж, нөгөө нь өргөлт болбол сайн харагддаг. Ижил төстэй өнгөнүүд нүдэнд тааламжтай.
- Гурвалсан өнгө (triadic colors): хүрдэн дээр ижил зайтай байрлах гурван өнгө. Маш тод, динамик бөгөөд ялгарал, зохицлыг нэгэн зэрэг бий болгодог.
Өнгөний систем. Дизайнд RGB ба CMYK гэсэн хоёр өнгөний систем бий. RGB бол дэлгэцэд зориулсан систем. Телевиз, дэлгэц, проектор улаан, ногоон, хөх өнгийг хольж бусад өнгийг үүсгэдэг. Дизайнаа хэвлэх бол CMYK (цэнхэр, ягаан, шар, хар) системийг ашиглана. CMYK цагаан цаасан дээр тусах гэрлийг шингээх замаар өнгө үүсгэдэг. Ажлаа эхлэхдээ файлаа зөв өнгөний системээр нээхээ мартуузай.
Орон зай
Хүмүүсийг мэдээллээр бөмбөгдвөл тэд бухимддаг. Харин орон зай тайвшруулж, «амьсгалах» боломж олгодог. Дизайнд орон зайг хоёр хуваадаг.
Цагаан зай (white space). Элементүүдийн хоорондох зай. Нэрээс үл хамааран цагаан зай ямар ч өнгө, текстур, хэв маяг, бүр дэвсгэр зураг байж болно. Цагаан зай уншигдах урсгал бий болгож, хүний харцыг зохих дарааллаар хөтөлдөг.
Цагаан зай дизайнер, захиалагч хоёрын хооронд маргаан үүсгэх нь элбэг. Олон захиалагч, менежер үүнийг дэмий хоосон зай гэж үзэж, илүү мэдээлэл, зураг чихэхийг хүсдэг. Харин үнэндээ цагаан зай элементүүдийг тэнцвэржүүлж, агуулгыг цэгцлэх гайхалтай хэрэгсэл юм. Цагаан зай ихтэй дизайныг хараад дизайнер юу оруулахаа мэдээгүй байна гэж бүү бод. Бусад элементийг онцлох, тодорхой мэдрэмж илэрхийлэх зорилгоор зориуд хийсэн байдаг.
Сөрөг орон зай (negative space). Объектын эргэн тойрон дахь зайгаар мессеж, санаа илэрхийлэх сонирхолтой хэлбэр. Сөрөг орон зай харааны үймээнээс зайлсхийж, зохиомжийг тэнцвэржүүлж, үзэгчийг тодорхой зүйлд төвлөрүүлдэг. Зарим брэнд тансаг, өндөр зэрэглэлийн эсвэл орчин үеийн дүр төрх илэрхийлэхийн тулд сөрөг орон зайг брэндийнхээ нэг хэсэг болгодог.
Сайн дизайн хийх 6 заавар
Сайн дизайн тэнцвэр, зохицлоос бүрддэг. Ажилдаа анхаарах зургаан зааврыг хүргэе.
1. Асуудлыг шийд. Ажлаа эхлэхээс өмнө захиалагч болон түүний хэрэгцээг судал. Тэр юу хүсч, юунд зорьж байна вэ? Бүтээгдэхүүндээ ямар өнгө төрх хүсч байна вэ? Захиалагчийн зорилгыг тодорхой ойлгосон үед л зорилготой, сайн дизайн хийж чадна.
2. Фокусын цэгээ тодорхойл. Фокусын цэг бол хамгийн түрүүнд анхаарал татах, үл тоомсорлож болохгүй хэсэг. Компьютерийн ард суухаасаа өмнө хамгийн чухал хэсгүүдээ жагсааж, дизайны шатлал, онцлох зүйлсээ сайн ойлгосон эсэхээ шалга.
3. Цагаан зайгаа бүү мартаарай. Цагаан зай, сөрөг орон зайг ухаалаг ашиглавал тэнцвэртэй дизайн гарна. Гуравны дүрэм (rule of thirds), тэгш хэм (symmetry), ойр байдал (proximity), зэрэгцүүлэлт (alignment) гэсэн график дизайны гол дүрмүүдийг санаарай.
4. Тохирох фонт сонго. Фонтын сонголт асар их. Хамгийн чухал нь дизайны хэв маяг, брэндийн зан чанарыг ойлгох. Фонтын хэмжээ, хэв загвар нь дизайны ерөнхий бүтэцтэй тэнцвэртэй эсэхэд анхаар.
5. Өнгөө зөв сонго. Өнгөний буруу сонголт ажлыг тань нураана. Өнгө сэтгэл хөдлөлийг илэрхийлж, өдөөх хамгийн хүчтэй хэрэгслийн нэг. Ялгарал хангалттай байна уу, захиалагчийн хэрэгцээ, хэв маягт нийцэж байна уу гэдгийг сайн хар.
6. Чанар, чанар, чанар. Зураг өндөр нягтралтай юу? Өнгө нь засагдсан уу? Үсгийн хэмжээ тохирсон, тууштай юу? Мөрүүд зэрэгцсэн, цэгцтэй юу? Бүх элемент зорилготой нэгдсэн үү? Ийм нарийн зүйлс л жирийн ажлыг гайхалтай дизайн болгодог.
Өнөөдөр Canva AI зэрэг хэрэгслээр загварын олон хувилбарыг хэдхэн минутад гаргаж болно. Энэ нь ажлыг хурдасгадаг ч дээрх дүрмүүдийг орлохгүй. AI-ийн гаргасан загвар бүрийг брэндийнхээ өнгө, фонт, дүрмээр шалгаж засах нь хүний л ажил.
Эх сурвалж: @DesignDay
Танай брэндийн дизайн нэгдмэл, ойлгомжтой харагдаж байгаа эсэхийг шалгуулмаар байвал үнэгүй зөвлөгөө авах хүсэлт үлдээгээрэй, эсвэл 7211 9211 дугаарт залгаарай.